Монгол оронд газар хөдлөлтийн давтамж жил бүр өсч байна


Монгол оронд газар хөдлөлтийн давтамж жил бүр өсч байна

"Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Шадар сайд У.Хүрэлсүх тус семинарыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд "Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаас бус, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн түншлэл, хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах, улмаар тогтвортой хөгжлийг хангах чадавх дээшлэх учиртай" хэмээн онцолсон. 

Тэрбээр цааш хэлэхдээ, "Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа ба жилд дунджаар 30 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс 60 орчим нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт байна. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2006 онд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1260 болж өссөн байна. Нийслэл хотод хүн амын төвлөрөл ихсэж, барилгажилтын нягтрал нэмэгдэж, ихэнх барилга хуучирсан, шинэ барилгууд нь норм стандарт хангаж байгаа эсэх нь тодорхойгүй зэрэг нь эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа учир газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий болжээ” хэмээв.

Мөн тус семинарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлсэн юм. Тэрбээр илгээлтдээ "Гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс бүрэн хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах нөхцөл шаардлага бий болж байгаа. Гамшгаас хамгаалах нь зөвхөн онцгой байдлын газрын албан хаагчдын ажил биш, үүнд бүх нийтийн оролцоо мэдлэг чухал” гэдгийг тэмдэглэжээ.

Түүнчлэн семинарт НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Биатий Транкманн, НҮБ-ын Хүн амын сангийн суурин зохицуулагч, хатагтай Наоми Китахара, Дэлийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Жайка олон улсын байгууллагын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, доктор Такаяа Кимио, БНХАУ-ын Иргэний хэргийн яамны харьяа Гамшиг бууруулах ба онцгой байдлын удирдлагын академийн гүйцэтгэх захирал Лиан Юу Лиу нарын хүндтэй зочид оролцож, сонирхолтой илтгэлүүд тавьлаа.

Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэлтэй бүс нутаг юм. Монгол орны хувьд ч  газар хөдлөлтийн давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа ба жилд дунджаар 30 мянга  орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс 60 орчим нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болжээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2006 онд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1260 болж өссөн байна.

Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэрийг газар хөдлөлтийн бүсээр нь багцлан авч үзэхэд есөн баллын бүсэд нийт барилгын 25 орчим хувь, найман баллын бүсэд 28 орчим хувь, долоон баллын бүсэд 30 орчим хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг гэсэн судалгаа бий. 1970 оноос өмнө барьж  ашиглалтад оруулсан  барилгуудын газар хөдлөлтийн хүчийг тооцоолох боломжгүй аж. Өөрөөр хэлбэл, 1970 оноос өмнөх барилгуудыг барихдаа газар хөдлөлтийн  хүчийг тооцоолоогүй нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж Мэргэжлийн хяналтын байгууллага үзжээ.

2016 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа нийт барилга 121 мянга гаруй шинээр барьж буй 912 барилга байдаг. Нийт барилга байгууламжийн 30 хувь нь их эрсдэлтэй, 40 хувь нь дунд эрсдэлтэй, 30 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Мөн 1961-1996 онд ашиглалтад орсон томоохон станцууд газар хөдлөлтийн үед тэсвэржилт муу гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, Дулааны цахилгаан станц-2, 3, "Даланзадгад” дулааны станц, Дархан дулааны станц зэрэг байгууламжуудын хугацаа дууссан, насжилт өндөр учраас газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үздэг аж.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх аюулын түвшин өндөрсөж байгаа гэнэ. Тухайлбал, 1991-2009 оны хооронд Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт 2000 гаруй дунд зэргийн хүчтэй буюу 4,2 магнитудаас доош газар хөдлөлт болсон байна. Эрдэмтэд болон Одон орон судлалын төв газар хөдлөлтийг урьдчилан тогтоох боломжгүй.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор "Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах, эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Энэ хүрээнд тус байнгын ажиллагаатай зөвлөлийг тэргүүлэн ажилладаг Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар "Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинарыг ийнхүү анх удаа зохион байгуулав.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.