Н.Энхбаярыг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгаж эхэллээ


Н.Энхбаярыг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгаж эхэллээ

МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хоёр ч хэрэг АТГ-т түдгэлзээд байсан. Тодруулбал, Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Имтериал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг АНУ-ын иргэд Гинсбургаас худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан гэдэг. Уг АНУ-ын иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Тэгвэл уг хэргийг сэргээн шалгаж эхэлсэн бөгөөд дахин нэг түдгэлзээстэй байсан хэргийг нь шалгаж эхэлсэн байна. Уг хэрэг нь хээл хахууль өгсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг аж. Үүнд мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар баттай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Н.Энхбаярыг гэмт хэргийн замаар олсон хууль бус орлогоо халхавчлах, нуун далдлах зорилгоор хамтран ажилладаг этгээдийн дансаар дамжуулан өөрөө эзэмшдэг компаниудынхаа дансанд шилжүүлж авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаярыг хилээр гарахыг хориглосон тухай бид мэдээлж байсан. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан түүний хилээр гарах эрхийг нь хязгаарласан гэж баттай эх сурвалж мэдээллээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрт нь энэ тухай мэдэгдээгүй хэмээн мэдээлээд байгаа билээ.  

Юутай ч гадаадад эзгүй байсантай нь холбогдуулан түдгэлзүүлээд байсан хоёр хэргийг нь эх орондоо ирсэн учир сэргээн шалгаж эхэлсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамрагдах боломж одоо болтол хэвээр байна. Учир нь Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн хоригийг гуйвуулан нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөж буй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Сануулахад, Өршөөлийн хуулиар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан.

Б.Чимэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.