“Хулгайч” Хаан банк


“Хулгайч” Хаан банк

 

Монгол улсын хамгийн олон харилцагчтай банк бол Хаан банк билээ. Энэ ч утгаараа амжилттай, ололттой яваа мэт харагддаг. Гэвч олон харилцагчаас авсан нэр хүндийн цаана саар зүйлс нуугдаж, олон нийтээс далдлагдсаар байгаа нь харамсалтай.


Саяхан Хаан банканд нэг ийм үйл явдал болжээ.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас хотод оюутан болон ирсэн охиныг төлбөрөө хийгээгүй гэдэг шалтгаанаар сургуулиас нь хөөх дээрээ тулаад байгаа аж. Уг нь охиныг намар сургуульдаа явахад нь аав ээж нь сургуулийнх нь данс руу төлбөрийн мөнгийг нь шилжүүлжээ. Төлбөр төлсөн баримт ч байгаа аж. Гэвч сургуулийн дансанд охины сургалтын төлбөр ороогүй учраас анх шилжүүлэг хийсэн сумын Хаан банканд хандсан байна.

Тэдний хүсэлтэд Хаан банкны одоогийн эрхлэгч А.Отгонтуяа "шалгаж үзэхэд танай хүүхдийн хувийн дансанд орсон байна” гэх тайлбарыг өгчээ. Өөрөөр хэлбэл сургуулийн данс руу бус харин охиных нь данс руу сургалтын төлбөрийг нь шилжүүлчихсэн тухай тайлбарлаж л дээ. Тэгсэн мөртлөө төлбөр төлсөн баримт дээр сургуулийн данс руу шилжүүллээ гээд биччихсэн байгаа юм. Ингээд л нэг гэр бүл маргаан дэгдээж орхиж. Охин ч мөнгө аваагүй, дансанд нь мөнгө орж ирээгүй гэдгээ эцэг эхдээ хэлж дахин Хаан банканд хандахад ажлаасаа халагдсан теллер н.Ганчимэг гэх бүсгүй сургалтын төлбөрийг нь бэлнээр аваачиж өгөөд "Сүртэй юм. Дуугүй байгаарай” гэж заналхийлчихээд явсан байна.

Энэ чинь юу болоод байна вэ. Иргэд банканд итгээд гүйлгээ хийж байхад өнөөх мөнгийг нь дундаас нь авчихаад л оюутан охиныг сургуулиасаа хөөгдөх дээрээ тултал нь ашиглачихаад дараа нь хэнэг ч үгүй аваачиж өгөөд бас сүрдүүлчихээд явсан байх юм.

Намраас хойш сургалтын төлбөрөө төлөөгүй гэж багш нартай адлагдаж, сүүлдээ төлбөрийн мөнгөө идчихсэн гэж гүтгүүлсэн оюутан охиныг яах вэ. Энэ хооронд хүүхдийн сургалтын төлбөрийг идчихээд л явж байсан теллер түүнийг хамгаалаад охины чинь данс руу шилжүүлчихсэн гээд тайлбар хийж байгаа орон нутгийн Хаан банкны удирдлагуудыг юу гэж ойлгох вэ. Харин ямар азаар төлбөр төлсөн баримтаа хаячих л үгүй хадгалж байсан юм. Баримт байгаагүй бол охин гүтгүүлээд л өнгөрч, хоёр дансны хооронд шилжүүлэг хийх үеэр "хулгай” хийсэн теллер ард нь нуугдаад үлдэх байжээ.

Үүнтэй ижил өөр нэг жишээ байна.

Нэгэн настан Улаанбаатар хотод ирж биеэ үзүүлтэл "төлбөртэй хагалгаа хийлгэвэл эрүүл болно” гэж. Баяр хөөр болсон хөгшин шинжилгээ өгч эмнэлэгтээ хэвтэж төлбөрөө хийхээр болжээ. Тэгээд насаар цуглуулсан хадгаламжаасаа эмчилгээний төлбөрөө авах гэтэл дансанд нь ямарч мөнгө байсангүй. Гайхаад асуутал "та өөрөө цувуулж авсаар байгаад дуусгасан байна” гэдэг хариултыг Хаан банкны теллер өгсөн байна. Ийм хариулт сонссон хөгшний бие нь муудаж, сандаргасан байгаа юм. Тэгсэн хөгшний гарын үсгийг хуурамчаар үйлдээд хадгаламжийнх нь мөнгийг идээд дуусгаж л дээ. Одоо хөгшин мөнгө нь хэзээ орж ирэхийг хүлээж хагалгаагаа хойшлуулжээ.

Уг нь авдарт хадгалж хулганы хоол болгож байхаар банканд л итгэсэн хэрэг. Тэгсэн хөгшин мөнгөө хадгалаад л Хаан банкны ажилтан түүний гарын үсгийг дууриалгаад л сар бүр авч идсээр дуусгаж. Харамсалтай. Хамгийн олон харилцагчтай Хаан банк ийм алдаа гаргаж болж байгаа юм уу. Зөвхөн энэ хоёр жишээний дараа яаж харилцагчиддаа найдвартай банк гэж хэлж чадах вэ.

 

Амар

Үндэстэн.мн



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.