О.Баасанхүү гишүүн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэхээр ярилцсан хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Бид ямар нэг хоёрдмол санаагүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг дэвшүүлье гэж тогтсон байгаа. Үүнийг бид хамт олноороо буюу намаараа ярьж байгаад шийдсэн юм.” хэмээн ярьжээ. Тэгэхээр О.Баасанхүү намаараа ярьж шийдсэн эл шийдвэрийг дагах уу, эсрэг зогсох уу гэдэг нь анхаарал татаж байна.
Ер нь О.Баасанхүүгийн тухайд намтайгаа хамтын ажиллагаа тааруу байгаа нь нэгэнтээ ил болсон зүйл. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ тэр тухай нь батлан ярьсан. Гэтэл Сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлж болно гэсэн заалт байгаад байдаг. МАХН-аас ганц суудал УИХ-д бий. Тэр нь О.Баасанхүүгийн нэр дээр. Тэгэхээр МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихийн тулд эхлээд О.Баасанхүүгийн эвийг олох хэрэгтэй болоод байна.
За тэгээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ АН болоод МАН-ын алинтай нь түншлэх вэ? Тэд ямар нэгэн тохироо хийх үү гэдэг асуулт хариулт нэхээд тодорхой хугацаа өнгөрч буй.
Гэхдээ нэг зүйлийг эргэн сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэх шийдвэрийг СЕХ-ноос гаргаж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард гарч байсан билээ.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээ мэдээлсэн.
Хяналтын шатны шүүхээс "Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, "нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, "Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, "…"Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн байдаг.
Тэгвэл одоо МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон гэж мэдэгдэж байна. Намаасаа ингээд гарах ирэх ч, СЕХ дээр очоод, тэрбээр унаж болзошгүй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл