Э.Бат-Үүлийн орлогч дарга нарын балаг цухалзаж эхэллээ


Э.Бат-Үүлийн орлогч дарга нарын балаг цухалзаж эхэллээ

 

Ардчилсан Намынхныг Засгийн эрх барьж байх 2012-2016 онд Нийслэлд Э.Бат-Үүлийн баг  улаан туг дэрвүүлж байв. Хот гэдэг орлогчийн даллагатай газар болж, 10 гаруй сая хүн амтай Бээжин хоттой энэ талаараа барьцаж, тоогоороо гарын таван хуруунд багтахгүй орлогч даргатай ажиллаж байлаа. Тодруулж хэлбэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дороо зургаан орлогч ажиллуулж, тормон дээр тооно тэгнэв гэдэг шиг нийслэлийн удирдлагын  толгой нь данхар бүтэцтэй болж томорсон билээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар төрийн яамдаас эхлээд аймаг, нийслэлийн орлогч, дэд дарга  нарыг  цөөлөх шийдвэр гаргасан. Харин Үүл дарга үүнийг үл хэрэгжүүлж, төсвөөсөө биш өөр эх үүсвэрээс орлогч нараа цалинжуулна гэсээр орон тоог нь хадгалж үлдэж байв. Засгийн шийдвэрийг ингэж олны нүдэн дээр унагаж, хөөрхий Ерөнхий сайдаа доош нь хийсэн увайгүй үлгэрлэл тэр байв. Уг нь төр төмбөгөр,  ёс ёмбогор гэдэгсэн дээ.

Олон орлогчтой ажиллаа гээд бүх юм сайхан болдог, хот бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтдээ дарагддаг байсан бол ч яая гэхэв. Харамсалтай нь тийм байсангүй. Зуны хэдэн сар үзэгдээд хатдаг нэг наст цэцгийн өнгөнд илбэдүүлэхийг эс тооцвол өвөлдөө утаа, хавартаа тоосонд дарагдсан хэвээрээ. Хотын удирдлагуудын цэлгэр өрөөнд өрнөж байсан олон үлгэр "мөрөөдөл” хэвээр үлдэв.

Э.Бат-Үүлийн олон орлогч нарын нэгээр Н.Батаа гэгч эрхэм ажиллаж байсан. Баатар дарга маань хотын дарга болчихоод анхныхаа шийдвэрээр нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч даргаар Н.Батааг томилж байсан гэх юм билээ.  Тэр хоёр багын танилууд, нэг сургуульд хамт сурч байсан гэдэг. Гэхдээ Н.Батаагийн хувьд ийм танилын шалгуураар бус  Нийслэлийн Ардчилсан намын орлогч даргаар ажиллаж байсны хувьд энэ албанд томилогдсон хэмээн тодотгох юм билээ. Тэрбээр хотын санхүү, эдийн засгийг атгаж байсны хувьд эрх мэдэл ихтэй байсан нь тодорхой. Харин тэр эрх мэдэл хувийн ашиг сонирхолтой  холилдож сүлэлдсэн үү гэдэг нь өөр асуудал. Н.Батаа  2016 оны сонгуулийн өмнөхөн  телевизийн "Ам нээвэл…” ярилцлагад орох үеэрээ  өөрийгөө танил тал, хувийн ашиг сонирхлоос хол,  шударгаар ажиллаж байгаа хэмээн тодорхойлсон. Түүний хувьд  Москвад эзэмшсэн  микробиологийн үйлдвэрийн инженер мэргэжилдээ түшиглэж биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Шим” гэдэг компанитай, үүгээрээ амьдралаа болгоод явдаг гэж байсан.  Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр үнэхээр танил тал, ах дүү хамаатан садныхаа  улаан нүүрнээс хол, төрийн ажлыг төрлийн хэлхээнээс хол хөндий явуулж байсан уу гэдэгт эргэлзээ бий.  Үүнийг баримт түшин тодотгоё.

Баримт 1. Э.Бат-Үүлийн үед нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтын нэг нь Нарны замыг 19 хорооллын арын замтай холбож, төмөр замын доогуур жижиг тэрэг явган зорчигчдод зориулсан гарам барьсан. Нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийсэн энэ ажлын өртөг нь 4.3 тэрбум төгрөг бөгөөд энэ хүрээнд  1.5 км авто зам, мөн 58 уртааш метр замын байгууламж, төмөр замын доогуурх 22 м тунелийн ажил  хийгдсэн байдаг. Харин энэ замыг барих  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хотын орлогч дарга асан Н.Батаа  томилохдоо өөрийн худ Бат-Очирын охин, "Гашууны гол”  ХХК-ийн захирал Б.Индраг оруулсан байна. Хэдийгээр энэ ажлын гүйцэтгэгч нь О.Наранбаатар захиралтай "Оч Наран” ХХК гэж байгаа ч Үнэлгээний хороонд худынхаа охиныг оролцуулна гэдэг цаанаа ашиг сонирхол хадгалж байсан гэдгийг үгүйсгэх аргагүй.Учир нь "Гашууны гол” өөрөө бас автозамын  барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани.

Баримт 2. Баянзүрх дүүргийн  23 дугаар хороо буюу  Улиастайн Баатархайрханаас  мөн дүүргийн нутаг, олны нэрлэдэгээр Гахайн хороо хүртэлх  зам засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа  үнэлгээний хороог томилсон хотын орлогч дарга асан Н.Батаагийн худ Бат-Очирын охины  "Гашууны гол” ХХК-ийг сонгон шалгаруулсан байдаг. Энэ ажлыг Нийслэлийн төсвийн  300 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны дөрөвдүгээр сард нээлтийг нь хийж байжээ.

Баримт 3.  Нийслэлийн Засаг дарга асан  Э.Бат-Үүлийн  орлогч дарга Н.Батаа Чингэлтэй дүүргийн  19 дүгээр хороо, Яргайтын Богинын аманд өөрийн өмчлөлийн зуслантай. Харин тэр зуслангийнхаа байшин руу нийслэлийн төсвөөр санхүүжүүлэхээр 1.6 км засмал замын шинэчлэлт хийлгүүлжээ. Ингэхдээ зам барих ажлыг  "ХАКМС” ХХК-аар гүйцэтгүүлэхдээ хуульд заасан концессын уралдаант шалгаруулалт зохион байгууулалгүйгээр шууд гэрээ байгуулж, Засаг дарга Э.Бат-Үүл гарын үсэг зуржээ. Энэ  гэрээ мөн л 2016 оны сонгуулийн өмнөхөн гарын үсэг зурагдсан байдаг.

Баримт 4. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 13 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр "Цэлмэг Ази” компани шалгарчээ. Энэ бүсэд хийх инженерийн шугам сүлжээний ажлыг ямар нэгэн тендер сонгон шалгаруулалтгүйгээр "Цэлмэг Ази”  ХХК-иар   гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ ажлын нийт өртөг нь 14.1 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Харамсалтай нь энэ ажлыг газар дээр нь очиж шалгаж үзэхэд  хоёр ширхэг бохирын худаг барьсан боловч  бохир нь гадагшаа хальсан, товчхондоо бол хэрэгцээ шаардлага, ашиглалтын түвшинг хангахааргүй байжээ.

Тухайн үед Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаалин хийд орчмын 7,6 га талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Цэлмэг Ази төсөл” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээс татгалзуулах асуудал Гэр Хорооллын Дахин Төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны хурал дээр яригдаж байсан билээ.

Харин энэ мэт томоохон бүтээн байгуулалтын ажлыг ингэж халтуурдаж, хайхрамжгүй хийж гүйцэтгэсэн "Цэлмэг Ази”-ийг хотын орлогч дарга асан С.Очирбатын компани  хэмээн ярилцдаг. Тэрбээр Э.Бат-Үүлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан билээ.

Энэ мэтээр Э.Бат-Үүлийн орлогч нарын балаг түрүүчээсээ дуулдаж эхлээд байна.

М.Нэргүй

Zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.