Д.Оюунчимэг: Сонгогчдод сонголтоо хийхэд туслах нь мэтгэлцээний гол зорилго юм


Д.Оюунчимэг: Сонгогчдод сонголтоо хийхэд туслах нь мэтгэлцээний гол зорилго юмМУИС-ШУС Нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхимийн багш Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд харьцангуй хурдан хөгжиж буй нэг зүйл нь мэтгэлцээн юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудаас эхлээд улс төрийн салбарт мэтгэлцээнийг түлхүү явуулах болжээ. Тиймээс  энэ удаад  танаас мэтгэлцээний талаар асуух гэсэн юм. Мэтгэлцээнийг хэрхэн тодорхойлдог вэ. Манайд ямар хэлбэрүүд нь зонхилон хөгжиж байна вэ?
-Мэтгэлцээн бол ухаарал юм. Түүнээс хэн нэгнийг ялахын нэр биш. Өөрөөр хэлбэл, хүмүүс мэтгэлцэж байгаа талаасаа ухаарал олж авдаг гэсэн үг. Зөв доторх бурууг олж засах, буруу зүйлд агуулж байгаа зөвийг хаяхаас өмнө олж харахыг хэлж байгаа юм. Илүү оновчтой хувилбар, шийдлийг олох нь аливаа мэтгэлцээний үндсэн зорилго. Улс төрийн шийдвэрт хөдөлшгүй, туйлын, цор ганц хувилбар гэж үгүй. 

Нийгэмд гарч байгаа шийдэлд туйлын зөв гэж байдаггүй. Үүнээс шалтгаалаад асуудалд өөр өөр өнцгөөс ханддаг. Тиймээс хуульд оновчтой өөрчлөлт оруулахын тулд парламент байнгын ажиллагаатай байдаг. Харин оновчтой хувилбар, шийдлийг олохын тулд мэтгэлцээнийг ашигладаг юм. Түүнээс намууд талцаж өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллана гэсэн үг биш. Эцсийн дүнд аль ч нам улсорноо хөгжүүлэх зорилготой.  Тэгэхээр өрсөлдөгчөөсөө сурах, шинэ санаа олж авах, илүү оновчтой хувилбар олж авах гэсэн чиглэл нь мэтгэлцээний аль ч хэлбэрт адилхан байдаг. Мэтгэлцээнээс иргэд үнэн зөв мэдээлэл олж авах ёстой. Мэтгэлцээн хэн нь мундаг гэдгийг харуулах жүжиг биш.

Мэтгэлцээний хэлбэрүүдийг улс төрийн намууд, ялангуяа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын багийнхан сайтар судалж оновчтой ашиглах хэрэгтэй. Сонгогчдод сонголтоо хийхэд тусалж мэдээлэл өгөх нь ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний нэг зорилго. Мэтгэлцээн нь зөвхөн парламентын мэтгэлцээний хэлбэрээр хязгаарлагдахгүй. Энэ хэлбэрийг парламент, шүүх хуралдаанд өргөн ашигладаг бол ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний хэлбэрийг "Линкольн-Дугласын” мэтгэлцээн гэдэг. Манай Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн бага зэрэг оновчтой бус явагддаг. Нэг хүн асуулт тавьж,  нөгөө нөхөд нь хариулаад шалгалт өгч байгаа юм шиг болсон. Мэдээллийн энэ эрин зуунд хүмүүс илүү сонирхолтой байхыг  шаарддаг болж. Тиймээс мэтгэлцээний үргэлжлэх хугацаа, явуулах арга хэлбэрийг оновчтой болгох, тогтсон нэг хэлбэрээс гаргавал сонгогчдыг, ялангуяа залуу сонгогчдыг татахад хэрэгтэй юм. Өмнөх сонгуулиудын үеэр залуу сонгогчдын зарим хэсгээс мэтгэлцээнүүдийг үзэхэд цаг хугацааны хувьд дэндүү урт, удаан байна гэсэн санал гарч байсан. 

-Хэлбэрийг нь яаж шинэчлэх боломжтой вэ?
-Жишээ нь ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг бүх сэдвийг нэг дор хамруулахгүйгээр агуулгаар нь олон хэсэг болгон 20-30 минутаас хэтрүүлэлгүй 2-3 удаагийн давтамжтайгаар явуулах  гэх мэт.  Нэр дэвшигч 20-30 минутад багтаан гол асуудлаа ярихад хэн ч хийж байсан ажлаа түр орхиод анхаарах боломж илүү байдаг бол мэтгэлцээн хоёр цаг үргэлжлэхээр сонгогчдын үзэх нь багасдаг. П.Очирбат, Л.Түдэв гуай хоёрын мэтгэлцээнээс дорнын, монгол хүний сэтгэлгээ харагдаж байсан. Өрнийн сэтгэлгээнд илт давамгай байж, нотолж, няцааж, ялсан хүнд саналаа өгөх хандлага давамгайлдаг бол Монголын сонгогчдын зарим хэсэг түүнийг нь өөрийгөө дөвийлгөж, даруу бус байна гэж харах хандлага ажиглагдаж байсан.

-Өмнө нь зохион байгуулсан мэтгэлцээн арга хэлбэрийн хувьд буруу байсан гэсэн үг үү?
-Буруу зүйл байхгүй. Гэхдээ мэтгэлцээнээ арай л уйтгартай явуулаад байна. Нөгөө талаас хэн нь юу мэддэг, эсвэл уран цэцэн, сандарч байгааг сонгогчид хараад байгаа болохоос агуулгыг нь бодолцохгүй байгаа хэрэг. 

-Үндэстэн болгоны сэтгэлгээ, темперамент өөр. Гэхдээ Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний хурц, сонирхолтой хэлбэрийг ашиглах боломжгүй гэж үү?
-Америкийн хувьд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн цаана бүхэл бүтэн нам, үзэл суртал байгаа. Хоёр намын үзэл баримтлалын ялгааг сонгогчдод тод хүргэдэг онцлогтой. Манай төрийн тэргүүн аль нэг намын толгойлсон Засгийн газрыг авч явах хүн биш. Эрх, үүргийн хувьд өөр. Тиймээс тэдний туршлагыг "Монголын хөрсөн дээр шууд буулгах” нь тийм ч оновчтой бус.

-Гадаадын улсууд  мэтгэлцээнийг олон удаа зохион байгуулдаг. Манайд нэг удаа хийдэг. Энэ хоёрын аль нь оновчтой вэ?
-Сонгогчдод шинэ содон байх, сэтгэл зүйд нөлөөлөх утгаар нь авч үзвэл мэтгэлцээнийг нэг удаа явуулахад тохиромжтой. Тиймээс манайх сэтгэл зүйн энэ дүрмийг баримтлаад мэтгэлцээнийг олон удаа зохион байгуулбал улиг болно гэж болгоомжилдог нь зүйн хэрэг. Мэтгэлцээнийг сэдвийн хүрээнд хувааж хийвэл нэр дэвшигчдэд ч нэлээд амар төдийгүй төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийхээр мэдээлэл хүлээн авч байгаа үзэгч, сонгогчдод ч ойлгомжтой, хүртээмжтэй байдал нэмэгдэх талтай.  Ганцхан үүнийг хийхийн өмнө судалгаа хийх хэрэгтэй.

-Талуудад баримтлах гол зарчим ямар зарчим байдаг вэ?
-Байна. Мэтгэлцэгч талууддаа хүндэтгэлтэй, үзэгч, сонгогчдодоо хүндэтгэх, асуудалд баримт нотолгоотой, бодитой хандах, логик уялдаатай, системтэй, товч тодорхой гаргах зэрэг үндсэн зарчмыг баримтлах ёстой. Үүний зэрэгцээ мэтгэлцэгч талаа баримт нотолгоогүй, үндэслэл муутай, алдаатай үр дагавар авчрахаар, эсвэл ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй  нь холбоогүй зүйл яривал  сонсоогүй мэт байж болдоггүй бол бас уухайлан дайрах зохимжгүй. 

Ялангуяа хувь хүний талаас нь дайрч давшиж хэрхэвч болохгүй. Ингэж ёс зүйтэй байх нь өрсөлдөгчөө хүндэлж байгаагаас гадна тухайн нэр дэвшигч өөрийгөө хүндэлж байна гэсэн үг. Эцсийн дүндээ сонгогчдод буруу ойлголт төрүүлэхгүй байх нь чухал. "Би, яагаад таныг төрийн тэргүүнээр сонгох ёстой вэ” гэдэгт хариулт өгөх нь уг мэтгэлцээний гол зорилго. Таныг сонгох нь зөв юм байна гэдгийг мэтгэлцээнийхээ үеэр харуулах ёстой. Тэгэхийн тулд хөтлөгчийн тавьсан асуултад оновчтой, эмх цэгцтэй, цагаа барьж хариулах нь чухал байдаг. Эхлээд асуудлын талаар тойрч нуршилгүй шууд оновчтой хариулт өгөөд үлдсэн хугацаанд нь түүнийгээ дэлгэрүүлж, эцэст нь зөв төгсгөх нь нэн чухал. Ингэж богино хугацаанд оновчтой хариулж сурахын тулд тодорхой бэлтгэл хэрэгтэй. 

-Зарим судалгаагаар мэтгэлцээнд оролцож байгаа хүний хэл яриаг хүмүүс их ажигладаг талаар гарсан байдаг. Энэ талаар...?
-Сонин санагдах ч мэтгэлцээний явцад үзэгч сонгогчдын долоон хувь нэр дэвшигчдийн ярианы агуулгад,  38 хувь нь  дуу хоолойны өнгөнд, үлдсэн хэсэг нь биеийн хэлэмжид чиглэгддэг буюу тогтоогддог гэсэн дундаж үзүүлэлтийг судлаачид гаргасан байдаг. Иймээс мэтгэлцээнд оролцож байгаа хүмүүсийн нүдний харц, гарын хөдөлгөөн, биеэ авч яваа байдал, дохио  зангаа зэргийг бодолцох хэрэгтэй болдог.  Учир нь, телевиз бол хүний  мэдээлэл хүлээн авдаг гол суваг болсон "нүдээрээ харах” үйлдэлд суурилдаг. Мөн биеийн хэл улс үндэстэн болгонд өөр өөрийн онцлогтой байдгийг мартаж болохгүй.

-"Эрүүл” улс төрийг цогцлооход  мэтгэлцээн ямар ач холбогдолтой вэ?
- Богино хугацаанд нийтийг хамарсан үнэн зөв мэдээлэл өгдөг нь мэтгэлцээний ач холбогдол. Тиймээс мэтгэлцэгчид гоё сайхан харагдах гэхээсээ илүү ярианы агуулга оновчтой байхыг чухалчлах  шаардлагатай. Мэтгэлцээнийг зөв, оновчтой зохион явуулах, мэтгэлцээнд амжилттай оролцох нь тухайн нэр дэвшигчийн амжилтын юугаар ч орлуулшгүй хэсэг.

Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.