ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй 21 дэх удаагийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож буйд талархаж байгаагаа ноён Т.С.Саркисян хэллээ. Энэ үйл явдал нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэлээ.
Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг 2015 онд байгуулснаас хойш хамтарсан ажлын хэсэг 2 удаа хуралдаж, "2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан.
Энэ нь худалдаан дахь тарифын болон тарифын бус хориг саадтай шууд холбоотой юм. Иймд худалдааны харилцаан дахь тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлж байгаа.
Улаанбаатар хотноо 2017 оны 10 дугаар сард Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны Анхдугаар бизнес форумыг зохион байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдаанд үүсч буй хүндрэл, хориг саадыг бууруулах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой "Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах саналыг хэлж, ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтайгаа зөвлөлдөж, хариу өгөхөө Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисян хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл