Нэг цагт Нийслэлийн их цэвэрлэгээний үеэр Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн
автобусны буудлын бүх боржуурыг гараараа шампуньдаж угаагаад танигдахын
аргагүй болгосон НИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуунаас Нийслэлийн засаг
дарга Э.Бат-Үүлийг огцруулах шаардлагад гарын үсгээ зурсан талаар
ярилцлаа.
-Сүүлийн үед танай бүлгийнхэн Хотын дарга Э.Бат-Үүлтэй таарамж муутай байгаа нь анзаарагдлаа. Энэ талаар тодруулбал?
-Бидний насны хүн үнэнээс өөрийг хэлж чадахгүй л дээ. Худлаа хэлж, хоёр
нүүр гаргаж дийлэхгүй. Миний хувьд хотын даргыг гурван зүйл дээр тогтож
ажиллах ёстой гэсэн зарчмыг барьж байгаа. Нэгдүгээрт Нийслэлийн засаг
даргын хувьд эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн мөртлөө Хүчитгэсэн
хөрөнгө оруулалтыг огт хийсэнгүй.
Өөрөөр хэлбэл, хогны уут, ганцхан жилийн настай цэцэг, зам талбайн
цэвэрлэгээ, гудамж төсөлтэй зууралдаж, гэр хорооллын иргэдийн хувийн
өмчит газарт халдсан ажил хийсэн нь саятан хотын даргын хийх зүйл биш.
Хороо, дүүргийн засаг дарга нар, эсвэл Хотын даргын зургаан орлогч нарын
хийх ёстой ажил гэж бодож байна.
Уг нь улсын нийслэлийг удирдаж, залж яваа хүн эрх мэдлээ тухайлсан гал
голомт буюу хороо, дүүргүүдэд нь шилжүүлж, эрх мэдлийг хуваарилж,
тэднийгээ цэгцрүүлж чадах хэмжээний ажил хиймээрсэн. Гэтэл ингээгүй.
Үнэндээ дүүрэг болон хороодод ямар ч хөрөнгө оруулалтын эрх мэдэл
очоогүй. Өөрөөр хэлбэл, тэд хуучин бидний ажиллаж байсан хөрөнгө мөнгө
хомс үеийнх шиг дүрмээр ажиллаж байгаа юм.
Дээр хэлсэн Хүчитгэсэн хөрөнгө оруулалт гэдгээ жишээгээр тайлбарлавал
нийслэл дундуур тачигнаад явж байгаа ачаа тээврийн галт тэргийг Богд
уулын урдуур явуулах, нийслэл дундуур мяралзаад урсдаг Туул голоо
цэвэрлэх, баруун, зүүн дөрвөн замд давхар гүүр барих, төмөр зам дагуу 23
гүүрэн гарц хийж замын түгжрэлийг дор хаяж 60 хувь бууруулах боломж
байсныг огт хийсэнгүй. Номерийн хязгаарлалт бол ажил биш гацаа шүү дээ.
Хүн ам нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа их хотод сургууль, цэцэрлэгийг
олноор нь барих ёстой. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн асуудлыг
100 хувь шийдэх санал байнга оруулдаг боловч шийддэггүй. Гэтэл болсон
болоогүй урт богино янз бүрийн автобусыг хоёр жил хадгалсан 25 тэрбум
төгрөгөөр худалдаж авсан. Энэ 25 тэрбум төгрөгийг 500 саяар бодоход 50
цэцэрлэг барья гэсэн санал оруулсан л даа.
"Ядаж есөн дүүрэгтээ тав, таван цэцэрлэг барьчих л даа” гэж хэлээд
дийлээгүй. Зөвхөн АСЕМ-д зориулж 50 байшин барьж байгаа бэлээхэн жишээ
байхад цэцэрлэг барих нь боломжгүй зүйл биш байгаа биз дээ? Шаардлагатай
бол АСЕМ-ын дараа эдгээр байрнуудаа "Эко цэцэрлэг” болгон шилжүүлж
ашиглаж ч болно гэсэн байр суурьтай байгаа. Ямартай ч автобус, автобус
гэсээр байгаад 25 тэрбум төгрөгийг зарцуулчихлаа. Өнгөрсөн 3,3 жилд
газар доорх хөрөнгө оруулалтын ажил бүр огт хийгдээгүй.
Бидний үед багшийн дээд, сансрын газар доорх нүхэн гарцын хөрөнгө
оруулалтын ажил хийгдсэнийг санаж байгаа байх. Энэ бүхнээс үүдэж
Хүчитгэсэн хөрөнгө оруулалтын ажил, дорвитой зохион байгуулалт хийсэнгүй
гэж хэлж байгаа юм. Хоёрдугаарт хот төлөвлөлтийн асуудалд Налайх,
Багахангай, Багануур гэсэн алслагдсан дүүргүүдийг дагуул хот биш бие
даасан хот болгооч гэж байгаа.
Яг үнэндээ нийслэлийн ачаалал арай дэндүү болчихсон байгаа шүү дээ.
Тиймээс эдгээр дүүргүүдийг бие даасан хот болгосноор Улаанбаатарын алдаа
оноог давтахгүй цоо шинэ хотжилт бий болгох, хүн амын шинэхэн төвлөрөл
бий болгох учиртай юм. Мөн Хөшигтийн хөндий, Зуслангийн бүсийг ёстой л
дахин төлөвлөлт нэрээр Шинэ Улаанбаатар гэж гаргаж ирэх байв.
Гуравдугаарт хог хаягдлын балансыг нэмэгдүүлэхгүйгээр хогны уутыг хийх
ёстой байсан. Энэ нь хогон дээр хаягдаж байгаа бүх төрлийн нийлэг
эдлэлийг дахин боловсруулах замаар 10-25кг-ийн даацтай хогны уут
үйлдвэрлэнэ гэсэн үг. Гадны улс орнууд ийм л зарчмаар үйлдвэрлэдэг.
Гэтэл хогны уут үйлдвэрлэхээр цоо шинэ түүхий эд импортоор оруулж ирэн,
хогны уут гэхээс илүү ахуйн хэрэглээний гялгар уут хийж тараасан нь хог
хаягдлын балансыг зохиомлоор нэмэгдүүлсэн. Энэ ажилд л гэхэд 12 тэрбум
төгрөг зарцуулсах байх жишээтэй.
-Өмнө нь танай намаас хотын даргаар ажиллаж байсан үе, үеийн
Засаг дарга нарыг газрын наймаачин гэж цоллодог. Та энэ талаар юу гэж
хэлэх вэ?
- Хотын дарга гэдэг хүн уужуу тайван бас ухаалаг, алсын хараатай хотыг
удирдаж, хот төлөвлөлтийг эмх цэгцтэйгээр зохион байгуулах ёстой. Тэд юу
санаснаа хэнээс ч асуухгүйгээр хийж, дартас тоглож байгаа юм шиг хотыг
удирдах ёсгүй л дээ. Шинжлэх ухаанчаар л удирдах ёстой. Манай намаас
хотыг удирдаж байсан хүмүүсийн хувьд тухай тухайн үеийнхээ эдийн засаг
болон боломж бололцооныхоо хүрээнд хүрээнд амжилттай удирдаж байсан гэж
итгэлтэйгээр хэлж чадна.
Миний бодлоор тэд газрыг сорчилж өгч байгаагүй, харин иргэд рүүгээ
чиглэсэн ахуйн чиглэлийн газрыг газар хүссэн өргөдөл, хүсэлтийнх нь
дагуу шийдэж байсан. Одооных шиг ийм замбараагүй газар олголт хийгээгүй
юм. Яармагийн урдах ногоон дэнж, Туул голын шугуй хөндөгдөөгүй байсан.
Хотын дарга эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх биш, доод албан
тушаалтнууддаа хуваарилж өгч ажиллах ёстой. Би одоогийн хотын дарга
Э.Бат-Үүлийн амжилтыг тодорхойлж, "Таны одоо хийж буй ажил чинь
амсуургын төдий амжилт шүү. Та ерөөсөө халбагадаа ч үгүй байна.
Та Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа янзалж, УИХ дээр ажиллаач.
Өнөө маргаашийн гал тогооны ажилд оролцож орлогч дарга нартаа эрх мэдэл
өгөхгүй, дүүргүүдэд эрх мэдэл өгөхгүй байсаар нэг мэдэхэд ажлаа
дүгнүүлэх болно. Ингээд 2016 онд та хамгийн муу хүнээр тодорч магадгүй
шүү” гэж НИХТ-ийн хурал дээр хэлж байсан юм.
-Та Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас
буухдаа хэд, хэдэн саналыг Э.Бат-Үүл даргад хэлж байсан гэсэн. Тэр ямар
санал байсан юм бэ?
-Би ажлаа хүлээлгэж өгөхдөө "Хөрөнгө оруулалтын хөх ном” өгч, энэ
номонд төлөвлөгдсөн ажлуудыг заавал хийнэ шүү гэж хэлж байсан.
Улаанбаатар хотоос орж, гарах 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Төв
аймаг явах товчоо гээд бүх гарцууд маань утасны хонхоор зүйрлэн хэлбэл
моно дуугаралттай гэдэг шиг, моно гарцтай байсан. Үүнийг стерео болгох
санаачлага гарган, Баруун аймгуудын зам, Дархан явах замд олон машин
зэрэг нэвтрэх боломжтой гарцын ажлыг эхлүүлээд хүлээлгэж өгсөн.
Тэдгээр ажил л хийгдэж, Улаанбаатар хотын зүүн зүгийн ганц гарц
Баянзүрхийн товчоо, Төв аймгийн буюу урд зүгийн ганц, гарц гэсэн хоёр
гарцыг дөрөв, дөрвөн гарцтай болгох ажил эхлэх ч үгүй, моно хэвээрээ
түгжрэл үүсгэсээр л байна. Миний тухайн үед гаргасан Хөрөнгө оруулалтын
хөх номонд яг энэ үгээрээ бичээтэй байгаа. Бидний үед зураг төсөл нь
гарч, эхлэл нь тавигдсан 108 уулзвараас дөнгөж 33-ыг л хийлээ.
Бид танктай хөшөөг нүүлгээд, нисэх яармагийн найман эгнээтэй замыг
эхлүүлээд, Цэцэг төвөөс урагш нэвтрэх замын ажлыг хөөцөлдөж эхлэхэд
бэлэн болгоод, Сүхбаатарын талбайг хос урсгалтай болгосон гэх мэт
түгжрэл бууруулах ажлуудыг ул суурьтай, зөв хийж эхлүүлээд өгсөн.
-Миний сонссоноор та Э.Бат-Үүл даргыг хотын дарга болоход нь их
сэтгэл өндөр байсан ганц хүн гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн үү?
-Томоохон өөрчлөлтүүдийг хийх байх гэж бодож байсан. Ялангуяа тэрбээр
гарч ирэхдээ "газар үнэгүйдэж байна, гэр хороолол руу халуун хүйтэн ус
тавиулж өгнө” гэхээр нь ашгүй дээ, одоо цаг нь болсон гэж бид бодож
байлаа. Гэтэл анх ярьж байснаасаа бүр эсрэг зүйл хийж, иргэдийн хашааны
газрыг дахин төлөвлөлт нэрээр компанийн мэдэлд өгсөн нь үнэхээр
гутамшигтай үйл явдал болж хувирсан.
Одоо ч хууртагдснаа мэдэхгүй иргэд олон байна. Дахин төлөвлөлт нэрээр
нийтийн орон сууц барих нь иргэдийнхээ төлөө биш зөвхөн ашиг олохын
төлөөх барилгын компанийн л ажил гэмээр. Уг нь иргэдийнхээ төлөө гэсэн
сэтгэл байсан бол амины орон сууцжуулмаар юм. Ингэж иргэдийнхээ өмчийг
хөрөнгө болгож, Хүчитгэж ажиллах ёстой. Хятад улсад яг ийм зарчим л
үйлчилж байгаа шүү дээ. Түүний ийм үйлдлүүд нь өөрийнх нь хийсэн жаахан ч
гэсэн амжилтыг нь түймэрдчихэж байгаа юм. Одоо та өөрөө тавьсан түймрээ
цурманд оруулахгүй бол юу ч үлдэхгүй гэж би хэлж байсан.
Өөрийгөө ингэж түймэрдчихээд дараа нь Ардын намынхан шээс баас алдлаа
гэж ярьж болохгүй шүү дээ. Зүгээр л өөрийгөө зог тусч хараад, шинээр юм
хийж чадаагүйгээ анзаарсан байх.
-Э.Бат-Үүл даргыг хүүгийнхээ компанийг Гэр хорооллын дахин
төлөвлөлтийн ажилд шууд оролцуулж, 5.1 тэрбум төгрөгийг завшсан гэж та
бүхэн мэдэгдсэн. Хүүгийнх нь компанийн ажлыг аавтай нь холбож, албан
тушаалаас нь огцруулах үндэслэл болгодог нь ямар учиртай юм бэ?
-Хувь хүнийх нь талаас харвал хүүдээ итгэл хүлээлгэдэг, ажил даалгадаг сайн аав байна. Үр дүн нь яаж төгсөх юм бол доо.
-Та бүхэн юм хийж байгаа хүнийхээ ажлыг хэтэрхий харлуулаад
байгаа юм биш үү. Танай намын Засаг дарга нарын үед ч нийслэл мөнгөтэй
байсан шүү дээ?
-Энэ бол үнэндээ дэмий яриа. Яагаад гэвэл, бид нарын үед байсан
мөнгөний хэмжээ ямар байсан билээ? Хэрвээ одоогийнх шиг мөнгө байсан бол
М.Энхболд, Ц. Батбаяр, Г.Мөнхбаяр нар гайхалтай ажиллах байсан байх.
Одооны байгаа мөнгө бол тэдний үеийн мөнгийг дөрөв дахин үржүүлсэнтэй
тэнцэх мөнгө. Нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэр бид нарын үед "Хүн
амын орлогын албан татвар” л байсан.
Гэтэл одоо "Чингис”, "Самурай” бондын мөнгө гэх мэт дотоод, гадаадын
олон талт эх үүсвэрийн мөнгөөр ажлаа хийж байгаа. Тэгэхээр асар их ялгаа
байгаа биз? Харлуулах биш харин шүүмжлэлтэй хандаж байна гэж ойлгох
хэрэгтэй. Яг үнэндээ манай намаас сонгогдон ажиллаж байсан засаг дарга
нар тухайн үед багахан мөнгөөр нийслэлийг ямар болгож байлаа? Гэтэл одоо
асар их мөнгө байсаар байхад амиа аргацаасан зүйлүүдэд хөрөнгө, хүчээ
зараад байна. Нийслэлийн хэмжээнд 2900 хүний орон тоог шинээр бий болгож
75 тэрбум төгрөгний цалингийн нэмэгдэл зардал гаргасан.
Энэ нь нэн түрүүний ажил биш шүү дээ. Нөгөө хамгийн эхэнд, хамгийн
чангаар ярьдаг байсан гэр хороолол руугаа цэвэр, бохирын шугам тавьж,
амины орон сууц барих, Туул голыг цэвэршүүлэх, гурван жилийн өмнө амлаад
байсан есөн тулгуурт төвөө байгуулж, хотын захиргааг Сонгинохайрхан
дүүрэгт шилжүүлээгүй л байгаа биз дээ? Бид гол хэрэгцээ болсон сургууль,
цэцэрлэгт мөнгөө зарцуул л даа гэдэг санал байнга тавьдаг. Нуулгүй
хэлэхэд одоо хагас, хугас хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт ч
зогсонги байдалд орлоо. Ямартай ч нийслэлчүүд сэтгэл зүрхээрээ
Э.Бат-Үүлийг аль хэдийнэ огцоруулчихсан байгаа.
-Өнөөдөр техникийн захуу¬¬дыг шинэ Авто худа묬дааны цогцолбор
руу нүүлгэхээр болсон. Үүнийг худалдаачид болон захын эзэд хүлээн
зөвшөөрөхгүй байгаа. Та ер нь нүүлгэх нь зөв гэж бодож байна уу?
-Техникийн зах барих асуудал бүр анхнаасаа л маргаан дагуулсан. Нүүлгэж
байгаа нь энэ гээд бүр хаа байсан 22-ын товчооны тийш аваачсанаас, бүр
нүүлгээгүй нь дээр гэж олон төлөөлөгчид үзэж байсан. Тэнд авто
худалдааны төв нээгээд, "нүүнэ үү!” гэж хүсэх, эсвэл нүүх санал тавих
ёстой болохоос захиргаадаж болохгүй. Нийслэлээс хаа сайгүй асар их
хөрөнгө цацаж, ажил хийсэн харагдаж байгаа л даа.
Гэтэл яг ард иргэдийн амьдрал дээрдэж, Эдийн засаг сайжирч байна уу,
эсвэл бүр эдийн засаг хүндэрч, амьдрал хэцүү болж байна уу гэдэг бодох
ёстой асуудал. Засаглалын хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямрал бий
болж, өөрөөр хэлбэл эдийн засагт тог тасарчихсан энэ үед, техникийн зах
дээр байгаа хүмүүс мотор ажиллуулж байгаа мэт зүтгэж, зарим нь лаа асаан
амьдралаа авч яваа хүмүүс. Тэнд яг бодит амьдрал буцалж байна. Гэтэл
бүр садаа болж байгаа юм шиг, гал тасалж байгаа гэлтэй хүчээр албадан
нүүлгэх нь хүнээ бодсон ажил огт биш гэж үзэж байгаа.
-Өөр та энэ цаг дор юу хэлж чадах вэ?
-Үнэргүй хот хүлээлгэж өгсөн. Үнэртэй л болж байна. Ундны цэвэр усны
Яармаг, Гачуурт дахь хоёр эх үүсвэр, нарны гүүрийг бариулаад, Үндэсний
цэцэрлэгт хүрээлэн¬¬тэй болгоод өгсөн. Бид есөн томоохон цэцэрлэгт
хүрээлэнтэй болох санаачлага гаргасан ч хотоос хөрөнгө оруулалтын ажил
хийсэнгүй. Нэмж найман цэцэрлэгт хүрээлэн барих ажил зогслоо.
Одоо хийгдэж байгаа дугуйн зам, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн
та묬байн ажлууд Ерөнхий сайд асан Алтанхуягийн хөрөнгө оруулалтын
багцаас хийгдэж байгаа ажил. 110-ын цахилгаан шугам сүлжээтэй хотын
битүү циклтэй болгох ажил эхлүүлээд, хүлээлгэж өгсөн. Одоо ч дуусаагүй л
байна. Би эргэж санахын төдийд л таньтай ярилцлаа. Өнгөрсөн гурван жил,
гурван сард хийсэн хотын захиргааны ажилтай нэг бүрчлэн танилцаад
ирэхээр алдаа оноо нь тодорно. Эцсийн эцэст хийсэн ажил нь дүүргийн
засаг даргынхаас онц гойд ялгарахгүй л болов уу.
"Байхын бараа” гэдэг шиг хотын даргатай байх нь чухал бишээ. Чухал
ажлыг дарга нь санаачилж, эрх мэдэл, хүч чадал, хөрөнгө мөнгө нь хороо
дүүрэгтээ хүртээмжтэй чиглэдэг байх нь чухал шүү дээ. Миний энэ удаагийн
ярилцлагадаа дурдсан урт, богино автобусны 25 тэрбум, орон тооны 75
тэрбум, гялгар уутны 12 тэрбум буюу нийт 112 тэрбум төгрөгний зарлыг
зөвхөн цэцэрлэгт зориулсан байлаа гэж бодоход улсын хэмжээнд 224
цэцэрлэг ашиглалтанд оруулж 33600 Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг
асрах байж. Ингэж ирээдүйгээ асраагүй хотын даргыг огцруулах саналд
гарын үсгээ зурсан юм.
Р.Саруул
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Сэтгэгдэл