Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил үргэлжилсээр...
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль намуудын дунд нилээдгүй хариуцлага нэхсэн сорилт болоод байгаа. Өнгөрсөн хоёр сонгуульд далаараа цэвэр тавиулсан АН-ын хувьд даагаа нэхэж "Женко” Х.Баттулгыг нэр дэвшүүлж бүхий л анхаарлаа МАН-руу чиглүүлэн ажиллаж байгаа нь өнгөрч буй долоо хоногт улам ихээр мэдрэгдэж байна. МАН-ын хувьд хоёр сонгуульд дараалан ялалт байгуулсан итгэл дүүрэн ерөнхийлөгчийн сонгуультай золгож байгаа хэрэг. Тэд намынхаа дарга М.Энхболдыг энэ удаагийн сонгуульд сойсон. Харин УИХ ганцхан суудалтай МАХН-ын хувьд өөрийн төлөөлөлөөр С.Ганбаатарыг өрсөлдүүлэхээр болсон. Одоогоор МАХН чимээ аниргүй нам гүмхэн байна. Ёстой л дүр үзүүлж байгаа биз. ингэж хэлэхийн учир С.Ганбаатарын гэсэн тодотголтой сурталчилгаа тэр бүр нүдэнд тусахгүй хаа нэг хэвлэл мэдээллээр гарах төдий байгаад байна.
Тиймдээ ч Монгол Улсын 7 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болох гээд улстөрийн намууд ажил ихтэй байгаа. Нэр дэвшигчид сонгогчтойгоо уулзалт хийж яваа. Басхүү УИХ завсарласан тул гишүүд өөр өөрийн тойрог руугаа аяны жолоо залсан. Тэд өөрийн намын нэр дэвшигчээ нууцхан ПИ-АР-даж яваа нь дамжиггүй юм. Тийм ч болохоор төрийн ордон хавь одоогоор эл хуль оргиж байгаа биз ээ.
Энэ сарын 26-нд орон даяар Монгол улсын 7 дахь ерөнхийлөгчөө тодруулах өдөр. Бүх нийтээрээ амарч улсынхаа удирдагчийг сонгоно. Тийм ч болохоор намуудын хувьд хариуцлагатай өдрүүд үргэлжилж байна.
ЭЕШ эхэллээ
2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна. Энэ жил 37 мянга гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа бөгөөд үүн дээр нэмээд гадаадад сургууль төгсөөд ирж буй сурагчийн тоо нэмэгдэх аж. Мөн өмнөх жилүүдэд ЭЕШ-д хамрагдаагүй төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй элсэгч шалгалт өгөх урьдчилсан тоо байгаа.
Монгол хэл бичгийн шалгалтаар ЭЕШ эхэллээ. Шадгалт энэ сарын 14-нд болсон бөгөөд шалгалтад хамрагдах нийт ЕБ сургууль төгсөгчдийн 98 хувь нь хамрагдсан байна. Шалгалтын дүн ирэх сарын нэгэнд гарах юм байна.
"Говь Кашмер” компанийн дээвэр шатлаа
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах "Говь" ХК-ийн үйлдвэр шатаж байна гэсэн галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай утсанд 20:46 цагт иржээ. Их хэмжээний гал гарсан учраас Нийслэлийн зургаан дүүргийн нийт 11 гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн, ээлжийн болон бэлтгэл ангийн бүх бүрэлдэхүүн галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Аврах гал унтраах 130-140 алба хаагч галын газар дээр ажиллаж байна гэсэн албан бус тоог албаныхан мэдээлсэн юм.
Одоогоор галын шалтгааныг тогтоогүй байна. Гал түймрийн үед хүн бэртэж гэмтээгүй бөгөөд дээврийн хэсгийн 80 хувь нь бүрэн шатсан, дотогшоо гал нэвэрч ороогүй гэх мэдээллийг ОБЕГ-аас өгөөд байгаа юм.
Иргэн Г.Доржзодовын эхлүүсэн 60 тэрбумын хэрэг
Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбоотойгоор иргэн Г.Доржзодов МАН-ын дарга нарын 60 саяар албан тушаал зарах тухай ярьж буй гэх аудио бичлэгийг тараасан юм. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор ЦЕГ-аас түүний аюулгүй байдлыг хангахаар хамгаалалтад авсан гэх.
Харин иргэн Г.Доржзодовын хувьд цагдаагийнхан МАН-ын тушаалаар намайг баривчлах гэж байна хэмээн үзсэн. Тиймээс ч улстөрийн намууд тэр тусмаа АН мэдэгдэл хийж эрх баригчдаа буруушаасан.
Одоогоор уг бичлэгийн үнэн бодит эсэхийг Тагнуулын газар болон цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
Нэр дэвшигч Х.Баттулгыг Оффшорын эсрэг бүлэг шалгуулна гэв
АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэр дээр оффшор бүсэд данс байдаг талаар "Хас”-ын Ганхуяг олон нийтэд мэдээллэсэн. Үүнтэй холбоотойгоор Оффшорын эсрэг бүлэг” түүнийг шалгуулахыг шаардаж байгааг өчигдөр мэдэгдсэн.
Тус бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс оффшор бүсэд дансгүй, компанигүй байх ёстой. Тэдний хамаарал бүхий хүмүүс нь ч дансгүй, компанигүй байхаар хууль үйлчилж байна. Хэрэв данс, компани байдаг бол АТГ болон Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээд, шалгуулах зохицуулалттай. Оффшорын эсрэг тэмцэл бол нам харгалзахгүй байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс оффшорын асуудалд нэр холбогдож болохгүй. Тиймээс нэр дэвшигч Х.Баттулга оффшорын асуудалд хамааралгүй гэдэг нотлох баримтаа авч ирэхийг хүсэж байна” гэлээ.
АН-ын гишүүн Л.Наранбаатар "Би хувьдаа болон АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл, энэ хүн намынхаа Засгийн газрыг унагаж байсан. Мөн намынхаа лидер залуучуудыг гүтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Х.Тэмүүжинг "сайн ах" М.Батчимэгийг тагнуулч, Л.Гантөмөрийг мүүнчин болгосон хүн. Ийм хүн монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүн байж чадна гэдэгт эргэлзэж байна" гэлээ.
МҮҮН-тэй нөхөцсөн С.Ганбаатар нэрийг эргүүлэн татуулах уу
Гэтэл МАХн-аас нэр дэвшиж байгаа С.Ганбаатарын талаар нэгэн муу мэдээлэл өчигдөр олон нийтэд цацагдаж эхэллээ. Тэрээр сурталчилгааныхаа ажлыг эхлүүлэхдээ МҮҮН-ийн шашингаас 50 сая воны тусламж хандив авч байгаа видео бичлэг юм. Хэрвээ энэ үнэхээр үнэн бол түүнийг нэр дэвшигчээс эргүүлэн татах учиртай. Тэрээр тэрбээр Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 50, 52 дугаар зүйлийг ноцтой зөрчжээ.
Тухайн хуулийн 50 дугаар зүйлд нэр дэвшигчил өгөх мөнгөн хандивын талаар:
1.Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна:
50.1.1.иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл;
50.1.2.хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл гэж заасан бол мөн хуулийн
52.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага
52.1.2.олон улсын байгууллага;
52.1.4.гадаад улсын иргэнээс хандив авахыг хориглоно гэсэн заалт буй.
Хэрэв түүний Сонгуулийн хуулийн 52.4. 52.2, 52.3-т заасныг зөрчиж, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив авсан нь нотлогдвол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ гэж заасны дагуу хариуцлага тооцох ёстой.
Эх сурвалж BOLOD.MN
Сэтгэгдэл