Тансаглалаа танах уу?


Тансаглалаа танах уу?

Д.ОЮУНЧИМЭГ

"Төсөв, төрийн мөнгөний бодлого уялдаатай байх учиртай” гэх энэ үгийг эдийн засагч, судлаачид сануулж байгаа. Харин ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд шинэ тэнцвэрийг чухалчлах нь зүйтэй хэмээн Монголбанк мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгасан юм.

Шинэ тэнцвэр гэдгийг янз бүрээр тайлбарлаж буй. Хамгийн гол нь супер циклийн мөчлөг тэг зогсолт хийсэн нь шинэ тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлага болж байгаа ажээ. Супер цикль гэдэг нь уул уурхайн өндөр өсөлтөд түшиглэсэн эдийн засгийн мөчлөг хэмээн тов тодорхой тайлбарлаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд мөчлөг дагасан бодлого төлөвлөж ирсэн. Энэ нь тийм ч таатай нөхцлийг бүрдүүлээгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 20 хувь, Улсын төсвийн орлогын 40 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь, экспортын орлогын 90 хувийг уул уурхай дангаараа бүрдүүлж ирсэн нь маргахын аргагүй үнэн. Тиймээс дээрх хэт хамаарлыг бууруулах хэрэгтэй. Хамгийн гол нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс олсон орлогоо хавтгайрсан халамж, гэнэт баяжигчийн сэтгэлгээгээр баруун солгойгүй тарааснаас хуримтлал үүсгэж чадаагүй нь бүдрэх шалтгаан болсныг эдийн засагчид хэлдэг. Мөн түүнчлэн энэ үедээ хуримтлалыг бус хэрэглээг хэт дэмжсэн нь том алдаа ч гэдэг. Тэгэхээр ойрын хугацаанд яах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд зардлаа бууруулах тал дээр ажиллах нь зүйтэй юм. Тухайлбал, төрийн албан хаагчийн тоог бууруулах тухай ярьж байгаа. Гэхдээ зөв, буруу эсэх нь цаг хугацааны дараа харагдана гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Өөрөөр хэлбэл 1.1 сая хүн ажилладаг хувийн хэвшлийг боомилох уу. Эсвэл 200 мянган төрийн албан хаагчийг цомхотгох уу гэх сонголт бий. Гэтэл ажилгүйдэл нэмэгдэх нь ойлгомжтой. Ингэснээр ажилгүй болсон хүмүүс хувийн хэвшилд шингэх боломж бас бий. Учир нь хувийн хэвшил өсч, дэвжихийн тулд хөрөнгийн эх үүсвэр, эргэлтийн хөрөнгө урт хугацаатай, хүү багатай зээлээс шууд хамаардаг. Эндээс харвал төрийн албан хаагчдыг ад үзэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ ирээдүйд тэднийг тогтвортой, орлоготой байхад анхаарч байгаа хэмээн албаныхан хэлж байгаа юм.

Эдийн засагт цус сэлбэх хэрэгтэй. Үүний тулд татвар төлөгч аж ахуйн нэгж чадамжтай байх ёстой. Яагаад гэвэл, өндөр хүүтэй, богино хугацаатай зээл үйлдвэрлэгчдийг татаж унагадаг систем гэдгийг бизнесийнхэн хэлдэг. Тэгэхээр ядаж хүү багатай зээл гаргах арилжааны банк зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд төрийн мөнгөний бодлого сулрах хэрэгтэй. Инфляц 4.9 хувь болтлоо буурсан учраас бодлогын хүү буурч болмоор. Гэхдээ энэ нь гадаад, дотоод тэнцвэрээс хамааралтай гэдгийг Төвбанкныхан онцолдог. Энэ нь гадаад, дотоод тэнцвэрээ хадгалах хэрэгтэй гэдэг эдийн засагчдийн байр суурьтай дүйж байгаа юм. Хэрэв мөнгөний бодлогын хүү зөөлөрвөл хувийн хэвшилд бага хүүтэй зээл очих магад­лалтай. Тиймээс ийм боломж гарлаа гэхэд төсөвт цутгахгүй, баялаг бүтээгчиддээ ашиг­луулах нь зөв шийд­вэр болох юм. Энэ төсөөлөл биелэлээ олвол хэрэглээнээс хуримтлал руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх анхны шанг татаж болох юм. Эцэст нь ирэх жилийн улсын нэгдсэн төсөв болон төрөөс баримтлах мөнгөний бодлогын үнд­сэн чиглэлийг хэлэлцэж байгаа энэ үед эрхэм түшээд энгийн энэ мэт ойлголтыг нухацтай харж байгаасай гэх үгийг дайя.

Зууны Мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.