Шулуухан байцгаая


Нийгмийн тодорхой хэсэгт өнөө цагийн хамгийн шударга хүн хэмээн үнэлэгддэг Ц.Нямдорж гуай ийн өгүүлжээ. Цааш нь "60 тэрбумын бичлэг, сонгуулийн ялагдлын буруутнууд хариуцлагаа хүлээх ёстой"... Маш тодорхой байр суурь. Тиймээ, тэд хариуцлагаа хүлээх ёстой, зайлж бултах газар байхгүй.


Аль 1996 оны үеэс нэг намын системд ойр ажиллаж байсны хувьд Ц.Нямдорж гуайн хурц шударгадуу занг талархдаг, олон ч тохиолдолд түүний үг, санаа нь алив ээдрээтэй бүрхэг асуудлыг тодруулж, тодорхой болгоход хувь нэмэр болж байсан, манай улс төрийн орон зайд яах аргагүй хэрэгтэй нэгэн хүчирхэг дуу хоолой болно.


Гэвч заримдаа шударгаар оршиж буй эсэхэд маш ноцтой эргэлзэх. Холион бантан, ойлгохын аргагүй орон гаран, хачин хаос байдал ч байна.


Ингэхэд Ц.Нямдорж гуай Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л гэв гэнэтхэн 60 тэрбумын асуудал нь эвлүүлэг биш гэдгийг олж нээв үү???? Намынхаа бага хурал дээр М.Энхболдтой өрсөлдөж унаад, цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцоорой хэмээн Энхболдынхоо духан дээр нь үнсэж байсан сэтгэл хөдлөм дүр зургийг би л хувьд хараахан мартаагүй, одоо ч нүдэнд харагдсаар байна. Бас намынхандаа төдийгүй өөрийг нь шударга хэмээн дэмжин талархдаг хэсэгт хандаж "М.Энхболдыг дэмжээрэй, яг намайг явж байна гэж бодож дэмжээрэй" хэмээн уриалж байгаагүй билүү? "Энхболд даргад нэг гайхалтай ер бусын чанар бий. Тэр бол ер бусын тэвчээр. Энэ тэвчээрийн цаана төрийн хүний ноён нуруу байдаг" ч гэж бас хэлжээ.

 

Тэр үед 60 тэрбумын асуудлаа шулуухан ярьж байхгүй яасан юм бэ? Яах гэж Намын бага хурлын тайзан дээр үнсэн сүйд болж, дэмжихийг уриалж байсан юм бол?


Харин одоо унасан хойно нь гэнэт ийн өшигчиж байдаг нь ямар ёс, жудаг вэ? Ямар зарчим бэ? Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгч болчихсон бол Ц.Нямдорж гуай 60 тэрбумын асуудлыг шулуухан ярихгүй, тэгээд нөгөөх гүлдийдэг хэдтэй хамт "Эвлүүлэг" гээд өнгөрөх үү? Чухам би шударга ёс, зарчим хоёрыг Ц.Нямдорж гуайн энэ мэт үйлдлээс огтхон ч олж харахгүй байна.

 

У.Хүрэлсүх ч бас 60 тэрбумын асуудлыг нэн хурцаар эгдүүцэн эсэргүүцэв. Тэрбээр Шадар сайд хэмээх албаа хүртэл өгч, энэ шударга бус байдалтай шалба нүдэлдэхээ эрс шулуун зарлан, томоос том балт сүх далайснаараа ардын шударга баатраар тодроод ирэх нь тэр. Шударга бусыг ийм ихээр тэчьяадан эсэргүүцэж буй нь сайн ч, сайхан ч хэрэг. Гэвч... У.Хүрэлсүх 60 тэрбумын асуудал эвлүүлэг биш гэдгийг өмнө нь ч мэдэж л байсан шүү дээ. Тэр бүү хэл М.Энхболдтой 1996 оноос л үй зайгүй хөтлөлцөж, улс төрд дагуулан хүч түрэн орж ирсэн намтар түүх нь бий. Чухам тэр хоёрын дагуул болсон залуус л МАХН/тухайн үеийн/ -ын уураг тархийг цөлбөж, хотын фракци хэмээх мөнгөний машиныг бий болгох үндэс суурь нь болсон. Аль 2000 оны үеэс л МАХН-ын боловсон хүчний шалгуур огт өөр болчихсон юм. Шалгуурыг зоосны нүхээр харж, долдой билбүүрдлээр хэмждэг Н.Энхбаярын арга барилыг М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр харин ч улам нарийн боловсронгуй системтэй болгосон. Чухам Н.Энхбаяртай хийсэн тэдний тэмцэл нь үзэл бодлын, зарчмын, онолын, итгэл үнэмшлийн гэхээс илүүгээр эрх ашгийн тэмцэл л байсан.


2008-2011 оны үед л хотын фракцын албан тушаал наймаалдаг нь ил тод болсон тухай яригдаж, "Намын санхүүжилт, боловсон хүчний асуудлыг Албан тушаал наймаалах замаар шийдэж болохгүй ээ" гэсэн бүхний өөдөөс, Намын шинэчлэл ярьсан бүхний өдөөс чухам У.Хүрэлсүх л нударга зангидаж, "сүх далайж" яваагүй гэж үү? 2009 он, 2010 он гээд болж байсан үйл явдлууд сонин хэвлэл, архивт хангалттай үлдсэн биз. Тэр бүгдийг дурдвал арвин бичлэг болно. Гэтэл өнөөдөр л гэв гэнэт тэр байдлыг үзэж мэдээд, ухаарч таниад буй мэт аашлах. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүх чухам л "Манай намын хамгийн сор болсон хүнээ бид дэвшүүллээ" гэж М.Энхболдын тухай яриагүй бил үү?


Үнэн хаана байна? Шударга зан, зарчим хаана байна вэ? Гэнэтхэн Шадар сайдын суудлаа хүртэл золиосолж ирээд чухам ТЭМЦЭНЭ гэх. Хоёр сарын өмнө тэмцэж байхгүй яасан юм бэ? Хоёр жилийн өмнө 60 тэрбумын хэрэг анх сөхөгдөж байхад тэмцэж байхгүй яасан юм бэ? Тухайн нөхцөлд байдалд л шударга ёс хэрэг болдог, бусад үед нь огт тоодоггүй нь өнөөх Х.Баттулга ерөнхийлөгчийн хэлдэг "улс төр” үү?


У.Хүрэлсүх тэмцэх л байх л даа, гэхдээ тэр Энхболдын бүлэглэлтэй л тэмцэнэ. Уг мөн чанар өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл энэ тэмцэлд нь зарчим гэдэг зүйл огтхон ч алга. Зөвхөн эрх ашгийн төлөөх явцуу тэмцэлдээ шударга ёсыг бороохой болгож л ашиглана. Тэгээд шударга ёсыг ашигласан бэлгэвч шиг л хаяна. Байдал хэвээр үлдэнэ.
Өнөөдөр тэдний 60 тэрбумтай тэмцэнэ хэмээн сүрхий чанга дуугарцгааж байгаа нь "Хулгайч хулгайчыг бариарай гэж орилдог"-той яг адилхан сонсогдож байна.


Шадар сайдаа хүртэл өгч, УЗ-ийн хурлаа шийдмэгхэн хаян гарч буй У.Хүрэлсүхийн сүржигнэл нь шударга ёс тогтооход түй ч нэмэр болохгүй. Угаас тэр тийм сүржин хүн. Сүржин зан гэдэг бол даржин оюуны илрэл. Эх оронд харийн дайсан илд мэс бариад халдсан үед, мориндоо мордоод харийн дайсныг дарах цагт чухам Хүрэлсүх бол маргаангүй үндэсний баатар болох хүн. Харин мориноосоо буугаад төр улсыг төвхнүүлэхэд тэр мэтийн сүржин зан, даржин оюун нэмэр болохоос илүүгээр нэрмээс болох нь их байдаг. Сүхээр модыг цавчин унагаж, хагалж буталж болдог, харин нарийн нандин ур хийцтэй барилга бүтээн босгоход сүх хэтэрхий бүдүүн бараг багаж билээ.


Хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуай 60 тэрбумын эсрэг босож ирсэн У.Хүрэлсүхийг тун сүрхий магтан бичжээ. Чухам МАН-ын найдлага У.Хүрэлсүх л байна гэнэ. Ингэхэд М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авахад нь Н.Багабанди гуай хөтлөөд явж байгаагүй билүү? Бас бус юм хэлж байгаагүй билүү? Хоёрхон сарын өмнө шүү дээ. Би дахиад л энэ үйлдлээс нь зарчим, шударга ёс олж харахгүй байна. Хор найруулга л харж байна. Би зарчимгүй улс төрийг харж байна. Би бүлгэрхэлүүд, эрх ашгуудын хоорондын тэмцлийг л харж байна. Түүнээс биш шударга ёсны төлөөх тэмцэл надад огтхон ч харагдахгүй байна.


Хэзээ ямагт дотоодынхоо зөрчлийг ил гаргадаггүй, нам дарж, наанаа эв нэгдэлтэй болж харагддаг байсан МАН-ын дотоод зөрчил өнөө хэнээс ч нуух хаах аргагүй болж ирлээ. Хатиг удаан буглах тусмаа улам урхагтай, амь насанд хүртэл аюултай болдог. МАН дотоод зөрчлөө удаан ч дарж нууж явсан даа. Буруу дөрөө дөрөөлснийх нь гор одоо ийнхүү гарч байх шиг. Буруу үр цацсаных нь хортой ургац энэ. Магад энэ намыг нь сэхээнд оруулж ч мэдэх ноцтой архагшсан хатиг. АН-ыг харин ил тод нанчилддагаараа ардчиллын илэрхийлэл болдог гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ биш юм. Нуух ч ухаанаа олдоггүй, эрээгүй бүдүүлэг болхи байдал нь тэднийг дотоод ардчилалтай мэт харагдуулдаг болохоос тэнд ямар нэгэн зарчим, үнэт зүйлийн төлөөх тэмцэл байдаггүй, эрх ашгийн анархи үнэртэй болхи нанчилдаан л байдаг.


Монголын өнөөгийн улс төрд ийм мэт зарчимгүй, "шударга ёсгүй шударга ёсны төлөө тэмцэл" хавтгайрсан. Гашуун байна.
Доржзодов гээд бас нэг ардын баатар гараад ирсэн. Угтаа бол тэр өөрөө 60 тэрбумын эх баригч, санаачлагч, тэгээд санаснаар нь болоогүйд рикетлэгч, бүлэглэлээсээ урвагч этгээд. Тэр Сундуй ундуйтангуудтайгаа хамт сууж байх учиртай нь хэнд ч тодорхой атал зөвхөн улс төрийн эрх ашгийн үүднээс сөргөлдөгч тал түүнийг зориудаар ардын баатар болгон үнэнийг төөрөгдүүлэх. Олон түмэн ч 60 тэрбумын хэргийг илрүүлсэн баатар хэмээн бахархах. Түүнийг шунал нь арай багашиг байсан бол, 20 сая төгрөг төдийд тогтсон бол энэ 60 тэрбумын хэрэг хэзээ ч илрэхгүй байсан гэдэг гашуун үнэнийг харин улс төрчид ярьдаггүй. Яагаад гэвэл тэд ийм мэт зүйлээ, урвалт, хор найруулга, рикетээ зүй ёсны байх ёстой улс төр гэж ойлгоцгоодог. Монголын улс төр яг ийм тоглоомын дүрмээр явж ирсэн, тэгээд өнөөдөр үр дүн нь энэ мэт. Ерөнхийлөгч Х.Баттулга "Боловсролгүй бүдүүн бараг бөх хүн төрийн тэргүүн болно гэж юу байсан юм бэ?” хэмээн Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь хэлж байсан атлаа өөрөө ард нь нэр дэвшээд Ерөнхийлөгч болчихсон. Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээрээ "Тэр бол улс төр байсан юм шүү, аваргаа” гээд уучлал гуйчихсан. Наахнуур харахад энгийн, илэн далангүй, шударга мэт боловч чухам өнөөгийн манай нийгэмд бүр огт тас мартчихсан өнөөх шударга мөн чанар, зарчим, үнэт зүйл гэдэг зүйл огт үгүй, зөвхөн тухайн нөхцөлд нь тохируулан шударга ёсыг бэлгэвч болгон хэрэглэдэг өмхийрсэн сэтгэлгээ сэнхийнэ. Хамгийн эмгэнэлтэй нь Улс төрд ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ, ИЙМ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ гэж тэд өөрсдөө бүр хөтөлбөргүй итгэдэг, нааш эргэж нэгийг хэлээд, цааш эргэж далаар нь тавьж, ар нуруунд хутга шаадгаа ЧАДАЖ БАЙНА гэж бахархдаг. Өнөөдрийн Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын араншин ч яг л адилхан. Үнэн хэрэгтээ тэд "60 тэрбумын хэрэг бол эвлүүлэг байсан” хэмээн гүлдийгээд, гүрийгээд Сундуй, Энхболд тэргүүтнээ хамгаалаад үлдэж буй нөхдүүдээсээ ер дээрдэхгүй. Магадгүй дор нөхдүүд, яагаад гэвэл тэд нөхцөл байдалд тохируулан зүсээ хувиргаж чаддаг, хамелион шиг. Ард олонд шударга болон харагдаж чаддаг, гэвч хэзээ ч шударга ёс тэдний талд байгаагүй, тэд зөвхөн бэлгэвч төдий хэмжээнд шударга ёсыг ашигладаг. Тиймээс ч тэд магадгүй гүлдийдгүүдээсээ ч аюултай. М.Энхболд Ерөнхийлөгч болчихсон бол 60 тэрбумын асуудлыг энэ байж ядан агдаж буй хүмүүс хэзээ ч сөхөж гаргаж ирэхгүй. Үүнээ улс төр гэж хэлдэг. Ойлгодог.


Өнөөдрийн Монголын улс төрийн ертөнцийн нүүр царай ийм. Түүн дээр "Монголын хүн ам 3 сая хүрсэн нь Ардчилсан намын гавьяа” хэмээн хадуурдаг Зи.Энхболдын, хойноосоо хайр найргүй хэрцгий ухуулсан ч хаширдаггүй Н.Энхбаярын, тоглоом тоотойг хэтрүүлсэн Ц.Элбэгдоржийн гэх мэт олон шинж төлвүүдийг нэмбэл бүр ч яруу тодорхой болно. Тоглоомын дүрэм нь нэг тийм зарчимгүй, хоёр шараа хэнд нь өгөхөө тооцоолдог Итгэлт баяны маягийн ашигч зальжин, суурьгүй. Үр дүнд нь ард түмэн бид үнэн худал хоёрыг заагыг ялгаж салгаж харах чадваргүй болсон. Тархи угааж, гол асуудлаас хөндийрүүлэн билбүүрдэж, хар цагааны ялгааг зориудаар хутган самууруулж, сааралтуулж байна.

 

Тэр бүү хэл ардчилал, эрх чөлөө ч байхгүй болсон. Санал нийлээгүйгээ шууд л үхэж далд ор хэмээн харааж гардаг, тэсч ядан тэчьяаддаг бол ямар юмных нь ардчилал байдаг юм бэ? Тэр бүдүүлэг анархи дайралдуутаас нь болоод үгээ хэлж чадахгүй эмээж, бэмбийж суухыг ямар эрх чөлөө гэх юм бэ?

 


Чухам өнөөдрийн бидний энэ үймээн будилаан, улс орон маань хөгжихгүй дороо хоосон дэвхцээд буйн гол үндсэн шалтгаан энд л бий. Энэ ёсзүйгүй, журамгүй, зарчимгүй байдал буюу оюун санааны ялзрал, үнэт зүйлгүй байдалд бий. Ийм байдал улс төрийг улс төр биш, хор найруулга, хошин эмгэнэлт явдал, бүлэглэл мафизм, бүдүүлэг анархизм болгож хувиргасан. Тэгээд Эдийн засгаа татаж унагасан. Ард түмэн ч шударга ёсыг, зарчим гэдэг зүйлийг мартаж, эрх чөлөөний эцсийн ганц орон зай болох сонгуулийн саналаа худалдах хэмжээнд хүртлээ ягтаж доройтсон. Доройтсон гэхээс илүүгээр зориудаар доройтуулсан.
Ингэхэд өнөөдрийн МАН дотор болж буй тэмцэл бол шударга ёсны төлөө тэмцэл биш, харин эрх ашгуудын, бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл, чухам тэр тэмцэлдээ шударга ёсыг гул барьж байгаа нь хамгийн аюултай, шударга ёсонд хохиролтой байна. Эндээс зөвхөн бүлгэрхэлийн үнэр л ханхалж байна. Би зарчим, үнэт зүйлгүй болсон улс төрийг, бас улс орныг л харж байна.
Хоосон торх хол өнхөрдөггүй. Сүржин зантай даржин хүмүүсээр удирдуулаад улс орны хөгжил олигтой урагшаа явдаггүй. Баталгаа нь бидний гашуунаар туулж өнгөрүүлсөн он жилүүд...


.
Үүнийг би хэн нэгнийг муулах зорилгоор бичсэнгүй. Бас тэдгээр хүмүүст санаа өгөх ч гэж бичсэнгүй. Тэд яагаад ч ийм мэт үгсийг хүлээж авахгүй. Яагаад гэвэл тэд зарчим, шударга ёс гэдгийг элий балай, амьдралгүй юм л гэж үзэж ойлгож ирсэн. Харин тэдний явж ирсэн энэ мэт зарчимгүй залхаг зам мөрийг нь таньж мэдээсэй, тэдний зам мөрөөр бүү замнаасай, тэгээд цоо шинэ хандлага, эрүүл ухаанаар Монголын Улс төрийг өөрчлөөсэй гэсэн үүднээс улстөрд хөл тавьж буй залуу үеийнхэнд хандаж бичиж буй юм.

 

Нийтлэлч Б.Наминчимэд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.