"Очир төв"-ийн зочид буудлын ажилчид 13 настай охины үхэлд хариуцлага хүлээх үү


"Очир төв"-ийн зочид буудлын ажилчид 13 настай охины үхэлд хариуцлага хүлээх үү

 

-Зочид буудлууд насанд хүрээгүй хүүхдийг оруулахгүй байх журмыг мөрддөг бол 13 настай охин гаж донтой этгээдүүдийн хүслийг хангах золиос болж амь насаа алдахгүй байсан нь тодорхой-

Баар цэнгээний газарт архидаж, хөлчүүрхсэн залуус нийлж дарвин зочид буудал хэмээх хаягтай гэмт хэргийн үүр уурхай, хоног төөрүүлэх газарт орж толгой хоргоддог болсон нь нууц биш. Залуучууд нийлж архидах нь дүүрч гэхэд зочид буудлууд нийгмийн сөрөг үзэгдлийг далд хэлбэрээр өөхшүүлдэг газрын тоонд зүй ёсоор орчхоод байгааг цэгцлэх цаг болсон санагдана.

Зочид буудал нэртэй эдгээр газрууд ариун цэврийн наад захын шаардлага хангахгүйн зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг ч шалгахгүй бушуухан хэдэн төгрөгийн орлогоо бодож нүдэн балай чихэн дүлий үйлчилгээ үзүүлдгээс үүдэж тэнд гэмт хэрэг, нийгмийн бузар булай бүхэн цэцэглэж байна.

Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш тэндээс ДОХ-оос эхлээд нийгмийг хамарсан ямар нэгэн халдварт өвчин гарахад бэлэн байгаа. Мөнгө л олж байвал үйлчлүүлэгчид нь насанд хүрсэн байна уу үгүй юу зочид буудлын үйлчлэгч, эздэд огтхон ч падлийгүй.

Үүнийг дагаад гэмт хэрэг ч тасралтгүй гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн сарны 22-ны БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин танхай балмад этгээдүүдийн гарт зэрлэгээр амь насаа алдсан. Охины амиа алдах болсон шалтгааныг бид өмнөх дугаартаа тодорхой мэдээлсэн учраас дахин нурших нь илүүц биз.

Хамгийн гол нь охины амь насыг хөнөөсөн этгээдүүдээс гадна тус буудлын тухайн өдөр ажиллаж байсан бүхий л хүмүүс охины хэрэгт их багаар холбогдох ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй. Учир нь бага насны насанд хүрээгүй охин 18 настай залууг дагаж зочид буудал руу орж байхад яагаад тэдний бичиг баримтыг шалгаагүй юм бэ. Мөн охин 5-6 залууд зодуулж байхад яагаад охины орилж хашхирах чимээг сонсоогүй юм гээд маш олон яагаад гэсэн асуултууд урган гарч ирж байна.

Хэрвээ уншигчид санаж буй бол яг ийм төрлийг гэмт хэрэг одоогоос таван жилийн өмнө гарч л байсан. Тухайн үед манай сонины сурвалжлах баг тэрхүү гэмт хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэн хүргэж эцэг эхчүүдийг охин үрдээ анхаарлаа хандуулахгүй бол танхай балмад этгээдүүдийн гарт цэцэг цэврүү шиг охид чинь бузарлагдаж, хорвоогоос мөнх бусаар хальж байгаа тухай мэдээллийг хүргэж байсан билээ.

2012 онд яг энэ төрлийн хэрэг гарахад"Барилгачин" буудлын эздийг 250,000 төгрөгөөр торгоод л өнгөрч байсан. Болсон явдлаас цухас дурдахад 2012 оны зургаадугаар сард Сонгинохайрхан дүүргийн I хороонд байрлах "Барилгачин'' зочид буудалд хоносон зургаан хүүхэд цуг хоносон охиноо хүчирхийлж гурван давхраас унагаж амь насыг нь хохироож байв. Эдгээр хүүхдийн хамгийн ахмад нь 16 настай бөгөөд хохирогч охин насанд хүрээгүй байсан юм.

Тухайн үед уг гэмт хэргийг үйлдсэн залуус ямар ял шийтгэл авсан нь тодорхойгүй ч "Барилгачин" буудлын эздийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 250,000 төгрөгөөр торгоод л өнгөрч байсан юм. Угтаа бол насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар өрөөндөө оруулан архидуулсан буудлын ажилчид иймхэн хариуцлага хүлээсэн нь харамсалтай.

Ямартай ч сая зургаан зуугаад мянган хүн амтай нийслэл хотод маань стандартын шаардлага хангахгүй олон зуун жижиг буудал байгаа. Эдгээр газруудад хяналт тавих ёстой байгууллагууд ямар нэг зүйл хийхгүй бол иймэрхүү гэмт хэрэг тасралтгүй гарсаар байх бололтой. Шүүх цагдаад мэдэгдсэн нь энэ болов ч цаана нь хэчнээн ийм гэмт хэрэг гарч, цэцэг цэврүү шиг охид бузарлагдаж, цаашлаад амь насаа алдаж байгааг хэн ч мэдэхгүй. Тиймээс л нийслэл хотод байрлах тоолж баршгүй зочид буудлууд гэмт хэргийн үүр уурхай болж байгааг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

Хамгийн гол нь, дэн буудал нэртэй зочид буудлуудаар халаас нимгэнчүүд, дунд сургуулийн сурагчид, оюутнууд үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг. Учир нь, тэнд тодорхой стандарт мөрддөггүй, мөнгөө төлж л байвал биеэ үнэлэгч, архичин гээд хүссэн хүн бүхэнд үйлчилдэгт л хамаг учир бий. Энэ мэтчилэн "Мөнгө улаан, нүд цагаан” гэгчээр дэн буудлууд мөнгө л олж байвал хэнд үйлчлэх нь хамаагүй болчихсон нь өнөөдрийн Монголын бас нэгэн эмгэнэл болчихлоо.

Хэрвээ зочид буудлууд насанд хүрээгүй хүүхдийг оруулахгүй байх журмыг мөрддөг бол 13 настай охин гаж донтой этгээдүүдийн хүслийг хангах золиос болж амь насаа алдахгүй байсан нь тодорхой. Үндсэндээ дэн буудлууд архидалт, садар самууны үүр уурхай болж байгаа учир нэг л хэрэг гарвал үйл ажиллагааг нь зогсоодог, хаадаг болох нь чухал юм. Энэ мэтчилэн зочид буудал, дэн буудлыг тойрсон асуудал мундахгүй.

Эдгээр газруудад гэнэтийн шалгалт хийж, шалгалтаар бүдэрсэн, зөрчилтэй газруудын тусгай зөвшөөрлийг шууд цуцалж, дахиж үйл ажиллагаа эрхлүүлэхгүй болгох хэрэгтэй байна. Ингэж л хатуухан аргаар, тусгай зөвшөөрөлтэй нь ярьж байж гэмт хэргийг бага ч гэсэн бууруулахгүй бол болохгүй нь. 

Хүн дүрст араатнуудтай бид нэг нарны дор амьдарч байна. Хүн чанар, хүнээс айх, эмээх сэтгэл тэдэнд байхгүй. Хүний эрхэм нандин чанар, хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлээ тэд хаана гээчхэв. Мал араатан мэт мунхаг тачаалаа хурмын төдийд тайлах гэж 13-хан настай охиныг тамлан зовоож, тарчилгаж хорооно гэдэг бол хүн биш, араатнаас гарах авир мөн.

Охид, эмэгтэйчүүд минь, эцэг эхчүүд минь үр хүүхдээ үхлээс харамлаж, таньж мэдэхгүй эрчүүдээс айж яваарай гэдгийг ахин дахин сануулаарай. Үхэл, болзошгүй аюул, гэмт хэргээс бид урьдчилан сэргийлж чадна. Монголдоо тайван амгалан амьдардаг тэр цаг удахгүй ирнэ гэдэгт итгэцгээе.

Харин тэр болтол та бид сонор сэрэмжтэй байж, охин үрсээ хайрлацгаая. Мэргэжлийн хяналт, цагдаа сэргийлэх, газрын алба гээд дэн буудал нэртэй гэмт хэргийн үүр уурхай болсон газруудад тавих хяналт шалгалтыг өндөржүүлж, сайтар цэгцлэх цаг болжээ.

Үүнийг одоо л цэгцлэхгүй бол өөр олон охид, бүсгүйчүүд амь насаараа хохирч мэдэхээр байна шүү холбогдох тарийн албаныхаан. Эцэст нь хэлэхэд 13-хан настай охины үхэлд "Очир төв”-ийн ажилчид хариуцлага хүлээх үү хуулийнхаан. Энэ талаар бид дахин сурвалжлах болно.

Эх сурвалж: 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.