"Араас дагаж тагналаа, амь насанд заналхийллээ” гэсэн хэллэг, операцийг улстөрд оруулж ирсэн хүн нь Шадар сайд У.Хүрэлсүх. Өөрөө өөрийгөө тагнуулж чагнуулдаг ийм явдлыг хорвоогоор дүүрэн сонин хачин байдаг гэдгээр л хаацайлж болмоор хачирхалтай явдал юм.
Улстөрийн хөшигний ард ер нь сонин хачин, адал явдал өрнаж байдгийн жишээг найруулагч Го.Бадарчийн нэгэн захидлаас илүү мэдрэгддэг юм. Энэ тухай товч сийрүүлбэл, Го Бадарч, "Херо”-гийн Баатар хоёр нэг салбарын мэргэжил нэгт нөхдүүд, бие биеэ мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс гэдэг нь тодорхой.
Өнгөрсөн зуны турш эмнэлгээр явж бие тэнхээ тааруухан байсан Го.Бадарч руу Херо Баатар залгаж ".....ах бие сайн уу. Та нэг ирээд уулзаач. Би ажил ихтэй болохоор 2-3 удаа эмнэлэгт хэвтэхэд чинь эргэж чадсангүй. Дүү нь ахдаа эм тарианы хэдэн төгрөг өгье” гэжээ. Тэгээд очиход нь 300 мянган төгрөг өгч, ""...Ах, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарыг эрлийз хурлийз гэж мэдэхгүй. Ep нь эрлийз, хурлийзууд төрийн өндөрлөг рүү бүү шуна” гэсэн утгатай юм хэлээд өгөөч гэсэн хүсэлт тавьжээ. Тэгээд хэдэн өдрийн дараа Херо Баатарын хэлсний дагуу ярилцлага өгөөд дуустал Ерөнхийлөгчийн зөвлөх Батзориг гэдэг хүн ".....буруу байна. Ингэ тэг" гээд байхаар нь би уурлаад юу ч яриагүй тэр өдрийн зураг дууссан” хэмээн Го.Бадарч захидалдаа дурдсан байдаг. Тэрбээр энэ тухайгаа "Хeро Баатар хэнийг ч өөрийнхөө талд өөрийнх нь хүссэнээр буруу ашиглаж чаддаг” хэмээн захидалдаа дэлгэрэнгүй дурдсан нь бий. Энэ захидал цахим сүлжээгээр нийтийн хүртээл болсон юм.
Захидлын энэ хэсгээс янз янзын юм анзаарагдаж байгаа байх. Найруулагч найруулагчдаа хэлэх үгийг нь зааж өгдөг, хэлсэн ярьсныг нь Ерөнхийлөгчийн зөвлөх буруу зөвөөр нь дуудаж зөвлөдөг гээд. Тэгээд бас хэлүүлж байгаа үгийнх нь утгыг бодоорой. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш буюу тодруулж хэлбэл наймдугаар сарын дундуур болсон явдал. Яахаараа уран бүтээлийн нэг студэд Ерөнхийлөгчийн зөвлөх төрийн хоёр өндөрлөгийг эрлийз хурлийзтай холбон яриулах гээд зааварчлаад зогсч байдаг билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялдагаа ялчихсан, одоо дахиад юуны төлөө ямар зорилгын учир ийм хар пиар бэлдээд байж байсан нь анхаарал татна. Хэрэв анзаарч байгаа бол энд Ерөнхий сайдын нэр дурдагдаж байгаа. Тэр бол Ж.Эрдэнэбатын Засгийг унагах пиар тэнд хийгдэж байсныг гэрчилнэ.
Херо Баатар гэдэг хүн дахин анхааралд орж ирэх нэг шалтгаан энэ. Тэрбээр Ерөнхийлагч Х.Баттулгын сонгуулийн бүх пиарыг хийсэн. Залгуулаад засгийг унагах пиарыг бэлдсэн юм шиг байна, үүнээс харвал.
Магадгүй тэр тагнаж чагнасан явдал ч бас Баатарын сценари байхыг үгүйсгэх аргагүй. Го.Бадарч "Хeро Баатар хэнийг ч өөрийнхөө талд өөрийнх нь хүссэнээр буруу ашиглаж чаддагийг Монголын үзэгч түмэн мэддэг, ойлгодог болсон гэдэгт би итгэдэг” гэж хэлсэн байна билээ. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг анддаггүй гэдэг шиг нэг салбарт олон жил ажилласан уран бүтээлчид бие биеэ мэдэхгүй гээд яах билээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "...Тагнасан, чагнасан гээд Ерөнхий сайдаа гүтгэж, үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд тагнуулд ажиллаж байсан намайг татаж оролцуулаад байгаа юм” хэмээн ярилцлагадаа дурдсан нь бий. Тэрбээр энэ ярилцлагадаа " Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хамтарсан найруулгаар 65-ын бүлгийн цөөн хэдэн гишүүн албан тушаалын төлөө нам дотроо урваж шарваад эхэлсэн. Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зуруулаад явж байна” гэж хэлсэн нь биеллээ олчихоод буй.
Ерөнхийлөгчийн пиар багийнхан Засгийн газрыг огцруулахад идэвхийлэн оролцож байна гэсэн анхааруулга нийгмийн сүлжээгээр явж байсныг санах хэрэгтэй байх.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн. Тэрбээр хэлэхэдээ ""Херо” бичлэгээ алдлаа л гэдэг. Санаатай, санамсаргүйг нь хэн мэдлээ. Ямар ч байсан Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй” гэдгийг хэлсэн. Мэргэжлийн хүний үгэнд эргэлзэх хэрэг бий юу.
Херогийн бичлэг яагаад алдагдаад байдаг нь сонин. Го.Бадарч захидалдаа "Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, түүний гэргий нарыг юу хэлүүлж, яаж үзэгчдэд үзүүлж чадаж байлаа. МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгнийг яаж ашиглаж байсныг ард түмэн мэднэ. Монголдоо л мэргэжил мэдлэгээрээ хэнд ч гологдохгүй Анужинг яалаа. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход тэд надад зааж өгсөн үг, өгүүлбэрээ хэрхэн эвлүүлж ямар байдлаар ард түмнийг хагалан бутаргах гэж байгаа бол гэж бухимдлаас бухимдал үүдэн энэ бүхнийг үнэн зөв бичлээ” гэсэн байдаг.
Алдагдсан бичлэгүүд, араас нь дагаж чагнасан энэ бүхэн яван явсаар буух эзэн буцах хаяг нь Баатар гэдэг хүн болчих юм биш биз.
Сэтгэгдэл