УИХ-ын гишүүн Д.Гантулга Ч.Наранзаяа хэмээх бүсгүйг хүчиндсэн гэх хэрэг өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дуулиан тарьж байсан. Хэдийгээр хүчингийн хэргийн хохирогчийн нэрийг нууцлах ёстой байдаг ч хэрэг явдлын дуулиан даамжирсаар хохирогч бүсгүйн нэр илж болж, түүний эгч Ч.Саранзаяа хэмээх бүсгүй хэвлэл, сошиалаар тайлбар, ярилцлага өгснөөр сошиал ертөнц нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Харин хэрэг үйлдэгч хэмээх Д.Гантулга Төрийн ордонд тайлбар өгсөн боловч түүний тайлбар харин ч эсрэгээр мөн "үг ороогдох” шуугиан дэгдээсэн.
Хэдийгээр Д.Гантулга бүсгүйг хүчиндээгүй гэж тайлбарласан ч УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээх, цагдаа, шүүхийн байгууллагаар хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагыг олон нийтийн зүгээс тавьж буй. Мөн энд хэргийг шалгах явцад хуулийнхан УИХ-ын гишүүний талд үйлчлэх, түүний хэргийг хэрэгсэхгүй болгох оролдлого хийж байна гэсэн хардлага ч буй.
Тэгвэл өнөөдөр Б.Гантулгад холбогдох хэргийг гэмт хэрэг хийсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хаахаар болсон гэсэн мэдээлэл гарсан байна. Улсын ерөнхий прокуророос уг хэргийг шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурор шалгаж байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийн эгч Ч.Саранзаяагийн Шүүх эмнэлэгт ирүүлсэн гэх нотлох баримтыг дахин шинжлэн үзэхэд ямар нэгэн нотолгоо болохуйц зүйл илрээгүй гэжээ. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Шүүх эмнэлгийн гурван эмчийг шалгасан боловч хохирогчийн талын хэлж буй шиг тэмдэглэгээнд өөрчлөлт оруулж дарсан болон ямар нэгэн нотлох баримтыг устгасан зүйл шалгалтаар тогтоогдоогүй гэсэн мэдээлэл байна
Хохирогч Ч.Наранзаяа өнгөрсөн зургадугаар сарын 15-нд хохирогч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж өөрийн биеэр өргөдөл гарган хэрэгт хамаарагдах нотлох баримтыг хавсарган өргөдөл өгсөн. Гаргасан гомдлыг прокурорын байгууллагаас шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.
Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга хохирогчийн эгчид 20 сая төгрөг өгч тохиролцохыг санал болгосон гэсэн мэдээлэл цацагдаж байсан.
Ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч өнгөрсөн долдугаар сарын 28-нд хохирогчийн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хээл хахууль өгсөн байж болзошгүй хэмээн шалгуулах хүсэлт гаргаснаар хэргийг дахин шалгаж байсан юм.
Олон нийтийн анхаарлыг татаж байсан энэхүү хэргийг ийнхүү хоёр дахь удаагаа хэрэгсэхгүй болгож буй талаар одоогоор албан ёсны ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа бөгөөд хохирогчдод ч энэ талаар мэдээлээгүй байгаа аж. Хэргийг ийнхүү хаасан бол бичиг баримттай танилцсаныхаа дараа цаашид хэрхэх талаар шийдэх бодолтой байгаа гэж хохирогчийн эгч Ч.Саранзаяа ярьжээ.
Эх сурвалж: Infomongol.mn
https://www.infomongol.mn/content/read/148134.htm
Сэтгэгдэл