УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Тавантолгойгоос иргэдэд хишиг хүртээх” ажлын хэсгийг ахалж буй гэх мэдээлэл байсан. Тэгвэл тэрбээр үүнтэй холбоотойгоор дараах зүйлийг хэлж байна. "Монгол Улсад нэг номерын тулгамдсан асуудал бол ядуурал, ажилгүйдэл байна гэж Ерөнхийлөгч хэлсэн. Өнөөдөр ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр, бүтээн байгуулалт өрнүүлэх хөтөлбөр, ажлын байр нэмэгдүүлэх бодлого, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль гээд бодлогын бол маш олон баримт бичиг гарчихсан байгаа. Баримт бичгээр Монгол Улс дутаагүй. Гол нь тэрийг яг барьж аваад хийсэн ажил юу вэ гэдгээ бодох шаардлагатай болчихоод байна. Тийм учраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулах асуудал бол Үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрсэн. Үүнтэй тэмцэх стратеги бодлоготойгоор явахгүй бол болохгүй байна гэдэг үүднээс Ерөнхийлөгч "Хэрхэн айл өрхүүдээ анхан шатны буюу наад захын хэрэгцээгээ хангах ангалттай орлоготой байлгах вэ, банкны өндөр хүүтэй зээлийн өрийн дарамтад орчихсон хүмүүсээ хэрхэн тэр дарамтаас нь гаргах вэ энэ асуудлыг та судлаач” гэсэн. Энэ дагуу судалсан. Олон цогц арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байж хүссэн үр дүн гарна. Тухайлбал, тогтоогдсон нөөцүүдийн үнэлэгдсэн байдлаар үзэх юм бол манай улс маш их баялагтай, боломжтой орон. Гагцхүү бид баялгийн менежмент, баялгийн хуваарилалтын зарчим хоёроо ерөөсөө төрийн бодлогын хэмжээнд авч үзээгүй юм байна. Манай бүх нөөц баялаг хуваарилагдаад гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд дээр оччихсон явж байгаа. Харин төр, ард иргэдэд ямар хэмжээгээр өгөөжөө өгөөд байгааг орд бүрээр нь дүгнэж үзвэл их сонин зураг харагдаж байна. Төрийн мэдэлдээ үлдсэн нь ч байна. Хувьд очсон нь ч байна. Газрын хэвлийд байхдаа төрийнх байдаг бол гаргаад ирэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийнх болж байгаа. Гаргаж ирээд борлуулж, орлого болгоод яаж тэгш, шударга хуваарилах вэ гэдэг бодлого яамны болон агентлагын түвшинд хийгдэж, нэгдсэн бодлогогүй явж байгаа. Энэ хуваарилалтад иргэдийн оруулчихвал наад захын хэрэгцээг нь хангах хэмжээний орлогын эх үүсвэр болж болох юм гэдэг үүднээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанаас иргэдийн одоо эзэмшиж байгаа дээр нь нэмж өгөөд ногдол ашиг хуваарилж өгөх хувилбар байж болох тооцоо байгаа. Компани ажилдагаараа ажиллана, татвараа төлнө. Ингэснээр цалин, тэтгэврийн эх үүсвэр болно, Эрүүл мэнд, боловролын хөтөлбөрүүдийн санхүүжилтэд очино. Роялти нь ирээдүйн өв санд хадгалагдана. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-наас мөрдөгдөж байгаа. Одоо иргэд ногдол ашгаа хүртчихвэл орлого тэгш, хүртээмжтэй хуваарилагдах боломж бүрдэх нэг гарц байна. Ерөнхий концепци ийм байгаа. Төсөл бэлэн болохоор Ерөнхийлөгч олон нийтээр нээлттэй хэлэлцүүлнэ байх” гэжээ.
Сэтгэгдэл