ЯЛЫГ НЬ ҮҮРЭЭГҮЙ БАЙЖ, ЯМБЫГ НЬ СУРЧИХ ЮМ АА


ЯЛЫГ НЬ ҮҮРЭЭГҮЙ БАЙЖ, ЯМБЫГ НЬ СУРЧИХ ЮМ АА

 

УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөлөл, нүд, чих болох үндсэн үүрэгтэй. Гэтэл энэхүү үүргээ зарим нь аль хэдийнэ мартаж орхижээ. Жирийн иргэдийн төлөөлөл болж, амьдралд хэрэгтэй хуулийн төсөл санаачилж, сонгогдсон тойрогтоо анхаарал хандуулах бүү хэл үндсэн үүргээ ухамсарладаггүй, ойлгодоггүй улстөрчид энэ парламентад цөөнгүй байх аж. УИХ-ын гишүүн гэхээр сэтэрлэсэн тэнгэрийн амьтан хэмээн сэтгэж, суудлын бөглөөс болж суух хэрэг байна уу.
 
Энэ удаагийн парламентад залуу гишүүд цөөнгүй сонгогдсон. Гэтэл тэд УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг "чөлөөт цаг”-аараа хийж, гадаад дотоодын томилолт зэргээр цаг нөхцөөж, өнгөрүүлж байгаа нь даанч харамсалтай. Төрд залуу үеийн төлөөлөл хэрэгтэй хэмээн дуулах нь дуулж, жагсах нь жагсч байсан цаг саяхан мэт санагдана. Гэвч энэхүү хүсэл мөрөөдөл нь биелэхээр чуулганы хуралдаанд суухгүй, хуулийн төсөл санаачлахгүй, төрийн нэр барьж, хайр хүндлэл горьдоод даналзаж суудаг болов.
 
Гэтэл эсрэгээрээ төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийж, төр түмний хайр хүндлэлийг хүлээсэн ахмад улстөрчид олон бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд хуралдаа хоцрохгүй, таслахгүй суугаад, төр түмнийг төлөөлөөд өдгөө хүртэл явж байна. Анх удаа сонгогдсон залуухан гишүүдэд мэдлэг боловсрол, ур ухаан дутаад байдаг юм бол ахмад гишүүдээсээ зөвлөгөө авмаар юм.
 
Намрын чуулган эхэлсэн энэ өдөр хаврын чуулганы ирцэд хамгийн хамгийн тодотголтой оролцсон гишүүдийн ирц цахим сүлжээнд олны анхаарлыг татлаа. Тухайлбал, хамгийн их хурлаа тасалсан гишүүдийг алдарт "Мон-Уран”-ы гэх тодотголтой АН-ын гишүүн Б.Наранхүү тэргүүлжээ. Тэрбээр, С.Эрдэнийг энэ намаас зайлуулчих. Тэгвэл би ордон орно хэмээн намын гишүүддээ даналзаж суудаг гэнэ лээ.
 
Удаах байрыг нийтийн дууны ханхүү С.Жавхлан, тэмцэгч хүү Ж.Батзандан, Д.Цогтбаатар нар эзэлсэн байх аж. С.Жавхлангийн тухайд хууль бус шийдвэр гаргадаг хуралд суухгүй хэмээн мэдэгдэж, ажлаа тасалдаг гэнэ лээ. Үнэхээр суух хүсэлгүй бол ажлаа хийж, баянзүрхчүүдийн төлөөллийг бүрэн дааж чадах мэддэгтэй улстөрчдөд зайгаа тавьж өгсөн нь дээр санагдана. Харин өвчтэй гэх шалтгаанаар хуралдаа суугаагүй улстөрчдийг Ц.Гарамжав, Л.Энхболд, Ш.Раднаасэд нар тэргүүлэв. Хоёр нь байнгын хорооны дарга.
 
Тодруулбал, Ц.Гарамжав гишүүн БОХХАА-н байнгын хороог даргалдаг. Харин Ш.Раднаасэдийн    хувьд Хуульзүйн байнгын хороог даргалдаг. Хууль боловсруулах хамгийн чухал шат дамжлагийг удирдаж суугаа эдгээр улстөрчид үнэхээр өвдөж зовоод ажилдаа цаг зарцуулж чадахгүй байгаа бол төрийн ажлыг мэддэг, чаддаг, сэтгэлтэй хийх хүнд нь өгөх ёстой биз дээ.
 
Өглөө унтаж ажлаа цалгардуулдаг улстөрчдийн жагсаалтад Сү.Батболд, Т.Аюурсайхан, Л.Мөнхбаатар, Д.Сумъяабазар, Д.Дэлгэрсайхан нар бүртгэгджээ. Хамгийн эмгэнэлтэй нь, энд дандаа залуу гишүүдийн нэр байх юм. Гэтэл эсрэгээрээ төрийн ажлыг нэг цаг ч тасалж үзээгүй гишүүдийн жагсаалтыг Ц.Нямдорж, Д.Оюунхорол, С.Чинзориг зэрэг туршлагатай улстөрчид тэргүүлж байна.
 
Төрийн хүний сайн чанарыг олж чадаагүй атлаа муу муухайг нь түрүүлж сурчихсан эдгээр залуус намрын чуулганаар алдаагаа засна гэж найдъя. Эс бөгөөс энэ хэвээр төрийн ажлыг чөлөөт цагаараа хийсээр суувал ахиж дэвших боломж олдохгүйгээр барахгүй, улс төрөөс арчигдах биз ээ.
 
Ялын үүрээгүй байж, ямбыг нь үүрнэ гэгчээр улстөрчийн үндсэн ажлаа хийж чадахгүй атлаа муу муухайг нь тэргүүлж яваа залуус минь өөрсөддөө дүгнэлт хийнэ байгаа.

Монголын мэдээ
Б.Пүрэвжав


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.