“Шинхуа”, “Энержи ресурс”-ынхан Тавантолгойг эзлэх ажиллагаандаа хүчний байгууллагыг ашиглаж эхлэв үү


“Шинхуа”, “Энержи ресурс”-ынхан Тавантолгойг эзлэх ажиллагаандаа хүчний байгууллагыг ашиглаж эхлэв үү

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "МТЗ” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан. Үндэслэл нь Тавантолгойн ордын Ухаа худаг- Гашуун сухайтын чиглэлд тавьж буй төмөр замын нийт өртөг 483 сая ам.долларын асуудал уу, эсвэл 60 сая ам.долларын үнэ бүхий зургаан зүтгүүрийн хэрэг үү. Аль нь ч байлаа гэсэн ямартай ч түүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хорьж шалгаж буйг ЦЕГ-аас мэдээлсэн. Б.Батзаяаг баривчлах үеэр "Монголын төмөр зам” ТӨХКийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын "Самсунг С&Т”, "SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчуудыг баривчилан явсан нь давхацсан тохиолдол биш, зохион байгуулалттай ажиллагаа байсныг харуулсан. Мөн энэ сарын 2-нд "Энержи ресурс рейл” компани болон "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн санхүүгийн баримтуудыг шалгаж зарим албан тушаалтнаас тайлбар авсан талаар мэдээлж эхэллээ.  Тэгэхээр "Х.Баттулгын хүн” гэсэн "тамгатай” экс төрийн нарийн бичгийн даргаар эхэлж, тухайн үед ажил төрлийн холбоотой төдийгүй "нэг цаасан дээр хамтдаа” гарын үсэг зурж явсан ЗТБХБЯ-ны сайдын зөвлөх асан, "Либерти партнерс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Ж.Бат-Эрдэнэ нарыг ч баривчлах тушаал гарснаар үргэлжилж, хувийн болон төрийн өмчит компани руу довтолж эхэлсэн энэхүү хяналт шалгалт, хууль ёсны "халдлага” нэлээд дээрээс шидсэн чулуу бололтой.

Шалгаж буй гол үйл явдлаас илүүтэй, яагаад энэ хэрэгт цагдаа, хүчний байгууллагынхан ингэтлээ улайран оролцох болов, тэдний цаана хэн байна вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж эхэллээ. Учир нь нөхцөл байдлын хувьд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд УИХ-аас заавал тогтоолын төсөл баталж өгөх ёстой. Магадгүй, гэрээний одоогийн хувилбарыг өөрчлөх, улмаар хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажиллагааг ч дахин эхлүүлэх шаардлагатай болж мэдэх юм гэж албаны эх сурвалжууд өгүүлж эхэллээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын өмнө ийнхүү "Тавантолгойн нөхцөл байдал” өөрчлөгдөх нь тохиолдлын байх учиргүй гэх хардлагыг төрүүлж эхэлсэн юм. Их хэмжээний хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнд гарын үсэг зурахаар очих хүмүүс "Шинхуа”-тай хамтран ажиллах төлөвлөгөөгөө тасалдуулаад зогсохгүй нураачихлаа гэх "гэнэтийн бэлэг”-тэй Хятадын даргатай уулзана гэдэг амаргүй тавилан.

Гэтэл "Шинхуа” тийм ч цэвэр компани биш, саяхан дэд ерөнхийлөгч нь хүртэл авлигын хэргээсээ айгаад амиа егүүтгэчихлээ гэж дэлхий даяар мэдчихээд байхад "Шинхуа л гоё, бид хэлсэндээ байдаг хүмүүс” гээд Монголд ашиггүй гэрээ хийгээд хамаг баялагаа атгуулчихаад юу хүртээх бол гээд горьдож сууна гэдэг бас хүсүүштэй хэрэг биш. Тиймээс өнөөх хайгаад байгаа "чулуу”-г шидсэн эзэд нь "Шинхуа” ба "Энержи ресурс”-чид байж мэдэх юм. Ямартай ч "Шинэ төмөр зам” төсөлтэй зайлшгүй холбоотой болоод явчихлаа гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгохоор боллоо.

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулах ажиллагаа эхнээсээ л будирлаантай болж, "Чайна Шинхуа Энержи”, "Сумитомо” корпораци, "Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл гэдэг анх зарласан утгаа алдаж аргаа барсан "Сумитомо” "хөрөнгө оруулагч" гэдэг статусаас татгалзаж худалдааны түнш болох замыг сонгосон. Ингэснээр Монголын Засгийн газар үндсэндээ Шинхуа Энержи гэх БНХАУ-ын компани, ММС гэх Хонконгийн тусгай бүсийн компанитай хэлэлцээрт орж, "дотоодын хөрөнгө оруулагчийг төсөлд оролцуулах” гэсэн тендерийн үндсэн болзлыг шууд зөрчсөн. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 "дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг хэлнэ гэж заасан. Гэтэл MMС компани нь Кайманы арлуудад бүртгэлтэй болохыг аудитын KMPG компани нотолжээ. Бүртгэгдсэн хаяг нь: Cricket square, Hutchins drive PO Box 2681. Grand Cayman KY1-1111. Нөгөө талаар Энержи ресурсын толгой компани гэх Mongolian Coal Corporation гэж компани гэнэт гарч ирсэн. Тэр нь ч бас Хонгконгт бүртгэлтэй, Монгол Улсад бүртгэлгүй байж таарсан гэдэг.

Дараагийн нэг зөрчилтэй зүйл нь Засгийн газар ТТ-н тендерийн товч жагсаалтанд үлдсэн 6 компанид хандаж дахин шалгаруулалт явуулахыг даалгасан. Энэ жагсаалтанд ММС гэсэн компани огт байгаагүй, гэнэт орж ирсэн нь шалгаруулалт шудрага бус явагдсны баталгаа болж харагдсан.

Засгийн газрын 135-р тогтоолд дурдсан дээрх 6 субъекттэй тендерийг үргэлжлүүлж явуулах ёстой байтал Энержи ресурс гэж урьд нь тендерт орж байгаагүй, товч жагсаалтад бүртгэгдээгүй компани гэнэт гарч ирэн ялж, улмаар ММС гэх нэрээр гэрээ хийгээд яваа нь тендерийн болзол болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байна.

Анх энэ консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан нь 2,8 тэрбум болж буурсан байна. Үүнээс 880 сая долларыг нь ММС компанийн хөрөнгө оруулалт гэж заажээ. Энэ хөрөнгө оруулалт гэдэг нь ММС-ийн зүгээс Энержи ресурст хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 880 сая доллар, хувь нийлүүлэгчийн хөрөнгө 150 сая доллар, зээл 450 сая доллар, EBRD, FMO, DEG, BNP, CBC, ХХБ-наас авсан зээлүүд 280 сая доллар юм гэдгийг задаргаан дээрээ дурджээ. Гэвч М.Энхсайхан сайд "Энэ зэргийн өр зээлтэй байгаад гайхах хэрэггүй” гэж ам хаадаг байлаа.

KMPG аудитын тайланд дурдснаар бол ММС нь 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 337 сая 900 мянган ам.долларын өртэй юм байна. Энэ өрийн барьцаанд Energy Resources ХХК болон бусад охин компаниуд нь тавигдсан. Хамгийн ноцтой нь ММС хөрөнгийн зах зээлээс ахин санхүүжилт босгох боломж буурч, жилийн 30% хүүтэй мөнгө л тэдэнд олдохоор тийм хэмжээнд компанийн санхүү доройтжээ. ММС-ийн нийт өрийн хэмжээ болон өөрийн хөрөнгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1% буюу ММС-д байгаа 1 долларт 2 долларын өр ногдож байна гэдгийг хөндлөнгийн аудит тогтоосон. Грек улсын өрийн харьцаа 175%-д хүрэхэд тус улсыг дампууруулсан гэдгээр баримжаалбал ММС аль хэдийнээ дампуурсан гэж харагдах болсон ч хамтрагчид нь хүлээн зөвшөөрч чаддаггүй билээ.

Өнгөрсөн 2011 оны зуны эхэн сард Ройтерсийн цацсан нэг мэдээ "Энержи ресурс” ба Керри группын нэгэн сонирхолтой наймааг ил болгосон юм. "Хонконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани "Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг "QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг "Kerry Group”-тэй тохиролцжээ. "Kerry Group” нь 2008 онд "QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар юм” гэж уг мэдээнд дурдсан байв.  Роберт Куок дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын жил 2008 онд канадуудаас 259 сая доллараар авсан Баруун Нарангийн коксжих нүүрсний ордыг мөн өөрийнхөө хувь эзэмшдэг "Энержи ресурс” компанид ноднин 464 саяар заржээ. 

 2008 онд "Энержи ресурс” ХХК-ийн 43.5 хувийг "MCS", 2.3 хувийг "MCS Холдинг", 14.1 хувийг "Петровис", 29 хувийг "Тэнгэрийн цаг", 6.1 хувийг "Шунхлай Майнинг" компани, таван хувийг Европын сэргээн босголтын банк эзэмшдэг хэмээн албан ёсоор мэдээлж байсан бол 2011 оны 10 дугаар сарын эцсээр УИХ-д мэдээлэл хийхдээ ЭБЭХ-ний сайд Д.Зоригт "Энержи ресурс” ХХК-д багтаж байсан 14 компаниас Петровис, Шунхлай, MCS-ээс бусад нь гарсан” хэмээн мэдэгдсэн удаатай. Тэгэхээр Ухаа худагт олборлолт явуулах, монгол хувь эзэмшигчдийн хувийг цуглуулан худалдаж авах зэрэг эх үүсвэрийг Малайзийн тэрбумтан Роберт Куокийн гэр бүлийн "Керри групп” шийдвэрлэснээр "Энержи ресурс”-т болон MCS группт багагүй хувь эзэмшдэг болж таарч байна.   

 Хонконгийн хөрөнгийн биржийн 2015 оны нэгдүгээр сард гаргасан мэдэгдлээр бол "ММС” компанид Монголоос "MCS” 43.7, Худалдаа хөгжлийн банк 5.5, Шунхлай групп 4.9, Петровис 3.6 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Монголын эдгээр компани нийлээд "ММС”-гийн хувьцааны 57.7 хувийг эзэмшиж байгаа юм. Гэхдээ "ММС” нь нээлттэй компани учраас үндэсний компаниудын гэх энэ хувь хэмжээ цаашид найдвартай хадгалагдаж чадах эсэх нь маргааны сэдэв болов. Хэрвээ гаднын ямар нэгэн том компани манай дээрх компаниудын хувьцааг худалдаж авбал "ММС”-д эзлэх Монголын компаниудын өмчлөл 51 хувиас буух магдалал бий. Хэрвээ ингэвэл, Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувь нь Монголын үндэсний компанийн мэдэлд байх Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болох юм. Ийм эргэлзээ болгоомжлол байгааг УИХ-ын нэр бүхий 16 гишүүн тодруулахаар сайд М.Энхсайханаас асуулга тавьсан. Сайд М.Энхсайхан ч энэ болгоомжлолын талаар толгойгоо өвтгөж яваагаа, бас ямар нэгэн хамгаалалт олж гэрээнд заавал тусгана гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд, түүний зөвлөх сайд асан А.Гансүх зэрэг зарим хүн "ММС”-ыг Монголын компани гэж үзэхгүй гэдгээ илэрхийлсэн бол Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон, Монголын нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран нар "ММС”-ыг Монголын компани мөн гэж мэдэгдсэн байдаг. Тэд салбарын мэргэжилтнүүдийн хувьд тайлбар, тодотгол хийж байгаа нь энэ бололтой.

Харин одоо "Энержи ресурс рэйл”-ийг яагаад шалгаад байгаагийн тухайд мөнөөх л "Шинэ төмөр зам”-тай холбоотой. Тухайлбал, 2013 оны долдугаар сард буюу наадмын өмнөхөн Өмнөговийн Тавантолгойн ордоос урагш Гашуун сухайтын хилийн боомт хүртэл 285 км шинэ төмөр замыг барих төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн компаниудтай "Монголын төмөр зам” ТӨХК хэлэлцээр хийж байв. Энэ хүрээнд тус компани Англи улсад бүртгэлтэй "Евроазия финанс”, "Ашмор” групп, Монгол Улсад бүртгэлтэй "Энержи ресурс” болон "Энержи ресурс рейл” компаниудтай тус тус санамж бичиг байгуулжээ. Шинэ төмөр зам төслийн нийт хөрөнгө оруулалт нь гурав орчим тэрбум ам.доллар байхаар урьдчилсан тооцоо байгаа билээ. Энэ л асуудлаар одоогоор цагдаагийнхан "Энержи ресурс рэйл” болон "МТЗ” ТӨХК-ийг шалгаж буй бололтой. Харин "Шинхуа”-тай гэрээ байгуулах ажил буцаж мэдэхээр байгаа энэ цаг үед асуудал ийнхүү хурцдаж, байсгээд нэгэн орой хэн нэгнийг буюу хэсэг бүлэг хүмүүсийг баривчлах болсон нь ёстой л "хаан төрийн уурга урт”-ыг харуулсан үйлдэл болов уу. Учир нь энэ талаар Х.Баттулга "цагдаагийн хурандаа хүргэнтэй” нэг хүний тухай ярьсныг түүний ярилцлагаас олж уншина биз ээ. Өөрөө ч Г.Батхүү гээд шууд зарлачихна билээ. Цаашилбал, огцорч өгдөггүй, хууль үйлчилдэггүй С.Баярцогт, түүний хамсаатнуудтай "тэмцэх чадамжгүй” Ч.Сайханбилэг ЦЕГ-ыг шууд удирдаж байгаа, удаа дараа хариуцлага тооцох хүн нөхцөл үүсчихээд байхад ч "явуулахгүй” байгаа зэргээс харахад Х.Баттулгын таамаглал ортой болов уу.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчиллаа. Магадгүй гарын үсэг зураагүй ч юм уу, Оюутолгой, Тавантолгойн талаар нь эсрэг байр суурьтай Н.Энхбаяр даргадаа үйлчилдэг гэхчлэн далд шалтгаан мундахгүй биз. Түүнээс биш авсан авлигын хэмжээгээр дээрх "Энержи ресурс”-чидийн дэргэд "толгой цохих” айхавтар авлига авчихсан гэхэд итгэхэд бэрх. Ийнхүү Монголын Засгийн газар Хятадын голдуу хөрөнгө оруулалттай "Энержи ресурс”, түүний хайрт Тавантолгойг сүүлчийн хүчээрээ хамгаалж өөрсдийн эрх ашиг, эзэмшилд авч үлдэхдээ хүчний байгууллагыг ашиглаж эхэлсэн нь нийгэмд айдас хүйдэс төрүүлж эхэллээ. Бид хэнээр удирдуулж, хаашаа явж байна вэ. Иргэдэд үйлчилнэ гэсэн төрдөө ямар хүмүүсийг залчихаад одоо өөрсдөө тэднээсээ айж сууна вэ гэж иргэд чинь ярьж байна, Төр түшилцэж яваа Монгол Улсын иргэн байвал энэ асуудлыг заавал хөндөөрэй.

С.Мөнгөндөл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.