Багш нарын цалинг нэмэх тухайд


Багш нарын цалинг нэмэх тухайд

Монголын багш нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарлаад байгаа аравдугаар сард Дефакто мэтгэлцээнийг боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд, түүнийг яаж шийдэх тухай сэдвээр зохион байгуулав.

Мэтгэлцээнийг боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудлаар Азийн сан, Канадын засгийн газрын тусламжтайгаар 2016 оны 9 сард орон даяар явуулсан судалгааны тайлангийн дүнг онцлон эхлүүлэв. Энэ судалгаанд боловсролын салбарт гарч буй ёс зүйн асуудлууд, авлига, гарч буй шалтгаан, бусад хүчин зүйлүүдийн талаарх иргэд, салбарын багш, ажилтнууд, судлаачдын ойлголт, төсөөлөл, ажиглалт, жишээг оруулсан ажээ. Тоон болон чанарын аргыг ашиглан хийсэн  энэ  судалгаанд оролцсон Улаанбаатар хот болон дөрвөн  аймгийн 1,240 иргэний 90 хувь нь эх эцэг, 10 хувь нь багш, ажилчид, бусад иргэдийн төлөөлөл ажээ.

Судалгаанд оролцогсдын 75 хувь нь буюу дийлэнх нь боловсролын салбарт авлига дунд зэрэг, их, маш их газар авсан гэжээ. Энэ салбарт томилгоотой холбоотой авлига их, маш их гэж 54% үзсэн бол, зөвхөн 3% нь авлига байхгүй гэжээ. Мөн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой авлигыг их, маш их гэж 45% нь үзжээ. Харин авлигын шалтгааныг нэгэнт зуршил тогтсон, хяналт сул, цалин багатай холбоотой гэжээ. Авлигыг арилгахын тулд юуны өмнө цалинг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах ёстой гэв.

Тийм учраас авлигыг арилгахын тулд багш нарын цалинг нэмэх нь зөв, эсэх гэсэн асуултаар мэтгэлцээнийг эхлүүлэв.

БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ НЬ ЗӨВ  

Цалин нэмэхийг МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч, профессор Ц.Лувсандорж,  Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг нар дэмжив.

Нэмэх шалтгааныг тэд

  1. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн өөрийгөө болон ар гэрээ тэжээхэд хүрэлцэхүйц цалинтай байх ёстой гэсэн,
  2. Хүн хийсэн ажилдаа тохирсон цалин авах ёстой гэлээ. Одоогийн цалин нь энэхүү шударга ёсонд нийцээгүй, тэгээд ч багш нар аваагүй байгаа, авах ёстой цалингаа нэхэж байгаа болохоос, цалингаа нэмүүлэх гээгүй болно гэлээ.

Багш бол хамгийн хариуцлагатай ажил хийдэг. Хүний цалин хэр хариуцлагатай ажил хийж буйгаас хамаарах ёстой. Монголын боловсролын салбарын ажилтнуудын цалин дэлхийн дундаж болох 1,400 доллараас 7 дахин бага байна. Гэтэл анги дүүргэлт, ачаалал маш өндөр, ажиллах нөхцөл маш хүнд байгаа. Боловсролын чанар багш нарын цалинтай шууд холбоотой. Багш нарын цалин нэмэгдэх юм бол боловсролын чанар сайжирна. Чадвартай, сайн сурагчид цаашдаа багш болно. Тийм учраас багш нарын цалинг гарцаагүй нэмэх ёстой гэв.  

БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ НЬ БУРУУ 

Мизес Монгол ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Амартүвшин болон хуульч, өмгөөлөгч, CDC ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат нар цалинг нэмэхийн эсрэг байлаа. Хөдөлмөрийн бүтээмж өсвөл цалинг нэмэх нь зөв. Харин бүтээмж бол зөвхөн өрсөлдөөнөөр нэмэгддэг болохыг хөдөлмөрийн ахиуц бүтээгдэхүүний онолоор тайлбарлав. Гэтэл энэ салбарт өрсөлдөөн байхгүй. Багш нарын цалинг нэмлээ гээд өрсөлдөөн бий болохгүй, бүтээмж нэмэгдэхгүй.

Багш нарын нэрлэсэн цалинг 2010 оноос үе шаттайгаар нэмэгдүүлсээр эдүгээ 2007 онтой харьцуулахад 2.4 дахин өссөн. Багш нарын цалин нэг хүнд ногдох ДНБ-ний өсөлтөөс 28 хувиар илүү өссөн. Бусад улс оронтой цалинг харьцуулж болохгүй. Яагаад гэвэл харьцуулаад байгаа орнуудын нэг хүнд ногдох ДНБ нь манайхаас олон дахин их юм.

Монголд нэрлэсэн цалин нь өссөн ч, хөдөлмөрийн бүтээмж өсөөгүй. Байдал ийм байхад бүтээмжтэй уялдаагүй суурь цалинг нь нэмэх нь буруу. Энэ нь 70 мянган төгрөг сар тутам оюутан бүрт тарааж ирсэнтэй яг адилхан.

Тэгээд ч багш нарын цалинг нэмэхээр инфляц өсдөг. Бас бусад хүмүүсээ яах вэ? Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшилд ажиллагсад хохирдог.

Манай сургуулиудын удирдлагын эрх мэдэл бага юм. Багшийн цалинг нэмэхийн тулд заавал төр засгийн шийдвэр гаргах болдог. Сургуулийн удирдлага менежментээ бие даан явуулах ёстой. Захирлууд нь улс төрчдөөс хараат, дөрөв дөрвөн жилээр томилогдож байгаа. Монголын боловсролын систем бүрэн улс төржиж, авлигажаад байна.
Цалинг ажлын үр дүнтэй холбох, өрсөлдөөнийг бий болгохын тулд боловсролын системийг үндсээр нь шинэчлэх шаардлагатай.

ХАРИЛЦАН НЯЦААЛТ

Дэмжигч тал нь эсрэг талын үндэслэлийг няцаахдаа боловсролын салбарыг бусад салбарын компани шиг бүтээмжээр нь үнэлэх боломжгүй гэв. Энэ салбарын бүтээгдэхүүний өгөөж нь богино хугацаанд гардаггүй. Үр дүн нь олон хүчин зүйлээс хамаардаг. Боловсролын салбарт өрсөлдөөний тухай ярих ёсгүй, учир нь хүүхдүүдэд суурь боловсролыг ижил тэгш олгох ёстой. Өрсөлдөөн бий болсноор нийгэмд тэгш бус байдал газар авдаг.

Багш нарын цалинг нэмэх нь инфляцад нөлөөлөхгүй. Үйлдвэрчний эвлэлээс олон судалгаа хийж байсан.  Ер нь багш нарын цалин бол өөрийн онцлогтой. Үндсэн цалин дээр нь ажилласан жилийн нэмэгдэл олгох ёстой гэв.

Няцаагч тал дэмжигч талын яриад байгаа шударга ёс гэдэг нь юуны өмнө хөдөлмөрийн зах зээл дээр сайн ажиллавал сайн цалин авна, муу ажиллавал муу цалин авахыг хэлнэ гэлээ. Сургуулийнхаа биеийн тамирын талбайн газрыг зараад хот, орон нутгийн удирдлагатай хуйвалдаад орон сууц барьж завшсан захирлууд одоо ч ажлаа хийсээр байгаа нь яав ч шударга ёс биш.

Зөвхөн цалин нэмээд л боловсролын чанар сайжирна гэдэг нь худал. Багш нарын цалинг хавтгайруулан нэмснээр бүтээмж, санаачилга нь харин ч буурна. Бусад орны туршлагыг судлах ёстой. Жишээ нь Сингапур, Канад зэрэг оронд ваучерын системийг нэвтрүүлж, тойргийн системийг халсан. Хүүхдүүд сургуулиа сонгодог болчихвол яваандаа өрсөлдөөн нэмэгдэнэ.

ДҮГНЭЛТ

Мэтгэлцээний няцаагч тал ч цалинг нэмэх нь огт буруу гэж хэлсэнгүй. Харин бүтээмжтэй нь уялдуулсан цалингийн системийг нэвтрүүлэх санал тавилаа.  Ер нь боловсролын салбарт цалингаас гадна маш олон асуудал тулгараад байгаа нь мэтгэлцээнээс харагдлаа. Эдгээр асуудлуудыг хэлэлцэн, тус бүрээр нь шийдэхгүйгээр, зөвхөн багшийн цалинг нэмээд үр дүн гарахгүй.

Азийн сангийн судалгаа нь боловсролын салбарт авлига газар авсныг харууллаа.Хэдийгээр багш нарын цалин бага байгаа нь авлигын эх сурвалж гэж үзэж байгаа боловч цалинг нэмснээр авлигын асуудал шийдэгдэхгүй юм. Багш нартай холбоотой авлигын асуудлын дийлэнх нь сургуулиудын удирдлагатай холбоотой ажээ. Жишээ нь биеийн тамирын талбайтай байсан сургуулиудын газар нь хэний мэдэлд, яагаад шилжсэнийг гэхэд л ойролцоох оршин суугчид, эх эцгүүд хамтран лавлах, хэн нь яаж зарсан, тэр орлого нь хаачсаныг шаардах цагт боловсролын салбарын өөрчлөлт эхлэх ажээ.

Д.Жаргалсайхан

Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж -нийтлэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.