Хямрал хийгээд гажуудал...


Монголын нийгэмд ардчилсан өөрчлөлт өрнөж, нэг нийгмээс нөгөөд шилжсэнээр бид даруй 27 жилийн нүүртэй золгожээ. Манай орны хувьд энэ хугацаанд зах зээлийн нийгмийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн ардчилсан тогтолцоог бий болгох, өөрөөр хэлбэл олон намын тогтолцоог төлөвшүүлэх, сонгуулийн болон парламентын ардчиллыг зүгшрүүлэх, эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг түргэтгэх, хүн амын боловсрол, соёл, хүмүүжил, сэтгэлгээг шинэ нөхцөл байдалд төлөвшүүлэх зэрэг нэг дор, нэг цаг хугацаанд шийдвэрлэхэд амаргүй, олон түвэгтэй асуудлуудтай тулгарсан.


Өнөөдрийг хүртэл бид улс төрийн хүрээнд тодорхой амжилт олсон боловч түүнээсээ дутахгүй сөрөг үзэгдлүүдийг бий болгожээ. Тухайлбал өнөөдөр манайд засаглалын хомсдол нүүрлэж, шударга ёс алдагдаж, хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж, эдийн засаг сульдан доройтож, нийгмийн бүх хэсэгт хямрал нүүрлэж байна. Германы социологич Э.Дюркгеймийн "Шинэ нийгэмд шилжих зан суртахууны үндсийг бий болгоогүй нөхцөлд эдийн засаг, улс төрийн хамгийн зөв шийдвэр ч бүрэн хэрэгжиж чадахгүй” гэсэн онолын ойлголт бидний өнөөгийн нийгэмд бий болсон хямралт байдлаар батлагдаж байна.


1990 оноос эхэлсэн манай нийгмийн эрс өөрчлөлт хүний оюун ухаан, ухамсар, ёс зүй, хүмүүжлийг зөв төлөвшүүлэх, улс орны үнэт зүйл болсон хүний хөгжлийг эрхэмлэн дээдлэх төрийн бодлогыг орхигдуулж, улстөрчид нь хэт улс төржин туйлширч, "эзэнгүй төр”-ийн хөрөнгийг идэж уухын ид хавыг үзүүлж, ард иргэд нь зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийг мөнгөөр хэмжих үнэлэмжид хэт автаж  явснаар нэг мэдэхэд баян ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрч, баян ядуу гэсэн нийгмийн шинэ давхраажил бүрэлдэн тогтож, өөр хоорондоо хүнийссэн, хүн хүнээ үзэн ядах үзэл улам бүр гаарах болжээ.


Нийгэм өөрчлөгдөхийн зэрэгцээ иргэдийн үнэт зүйл өөрчлөгдөх тэр торгон агшныг төр бодлоготойгоор залж чиглүүлээгүй, орхигдуулснаар шинэ нийгэмд шилжих сэтгэл зүйн орчин, зан суртахууны үндсийг бүрдүүлж чадаагүйтэй өнөөгийн энэ сөрөг хандлагыг холбон тайлбарлаж болох юм.  Манай нийгмийн амьдралын бүх салаа мөчрийг хамарсан хямрал, эмх замбараагүй байдал гүнзгийрч, урьд өмнө байгаагүйгээр дордож байгаагийн зэрэгцээ улс орны хөгжлийн гол тулгуур болсон эдийн засгийн байдал хурдацтайгаар унаж байна.


Жишээлбэл, өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт огцом буурсны дотор төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 30 гаруй хувиар буурч, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 20-30 хувиар нэмэгдэж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон ядуурч байна. Улс орны эдийн засгийн байдал хүндэрч ард иргэдийн амьжиргаа доошлох тутамд иргэдийн бухимдал ихсэж, нийгмийн сэтгэл зүй тогтворгүйтэж хямардаг гэдгийг олон судлаачид тэмдэглэсэн байдаг.

 

Богино хугацаанд баяжих цорын ганц арга бол хуулиас гадуурхи үйл ажиллагаа буюу хууль зөрчиж, гажуудуулах үйлдлүүд юм.

2001 оноос хойшхи судалгааны дүнгээс харахад "тааламжтай, хэвийн” гэж үзэгсэд гурван хүн тутмын нэг нь байсан бол  2016 онд  бараг хоёр дахин буурч, зургаан хүн тутмын нэг нь улс орныхоо нөхцөл байдлыг "тааламжтай, хэвийн” гэж үзжээ.

 

Харин "хямралтай, аюултай” гэж үзэгсэд огцом өсч, өнөөдрийн байдлаар гурван  хүн тутмын нэг нь "хямралтай байна” гэж үзэх болсон байна. Мөн өнөөдрийн нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байгаа  иргэд 20.2 хувь буюу таван хүн тутмын нэг нь байна. Түүнчлэн "Улс орны нөхцөл байдал ойрын ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх бол?” гэсэн асуултанд, "муудах байх, ихээхэн дордоно” гэж үзэгсдийн тоо өсжээ. Бараг таван хүн тутмын нэг нь "муудна, дордоно” гэсэн гутранги бодолтой болжээ.


Эдгээрээс харахад нийгмийн сэтгэл зүй тогтвортой биш, хямралтай байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Одоо яах вэ? ер нь бол нийгмийн сэтгэл зүй тогтворгүй хямралтай байх нь "гаднаас” ирж буй ачааллыг даах чадварыг улам бүр доройтдог ба хямралын түвшинд хүрсэн тохиолдолд нийгмийн дийлэнх буюу олонхи нь сэтгэхүйн хувьд сул дорой нэгэн болж хувирдаг. Учир нь сэтгэл зүйн "дарамттай”, хямралтай хүн өөртөө байгаа зүйлд сэтгэл ханах чадвараа алддаг.


Өөрөөр хэлбэл өөртөө байхгүй зүйлээ хүсэмжлэх, богино хугацаанд баяжих хийсвэр ойлголт бий болж өөрт нь шаардлагатай биш ч тийм юмтай болбол энэ бэрхшээлээс гарна гэсэн бодол тээж эхэлдэг. Богино хугацаанд баяжих цорын ганц арга бол хуулиас гадуурхи үйл ажиллагаа буюу хууль зөрчиж, гажуудуулах үйлдлүүд юм.  Өөрөөр хэлбэл, өөрт нь шаардлагатай биш ч тийм юмтай болбол энэ бэрхшээлээс гарна гэсэн бодол тээж эхэлдэг гэдэг уг үндсээр нь цэвэрлэх л хэрэгтэй байна, яах вэ?

 

З.Урсгал

http://www.24tsag.mn/content/158488.shtml


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.