Тэрслүү бодол


Археологичдын судалгааны үр дүнг 1990 он хүртэл зөвхөн Орос, Монголын хүрээнд ашигладаг байсан. Гэвч нээлттэй нийгмийн тогтолцоонд шилжмэгц дэлхийн бүх судлаач манай улсад анхаарал хандуулсан. Социализмын үед Монгол тэдний хувьд хаалттай бүс байсан. Манай улсад жил бүр археологийн 20 гаруй хамтарсан экспедици ажиллаж байна гээд бод доо.

Судалгаа нэрээр үлэмж мөнгө зарцуулж үүх түүхийг өөрийн болгох башир арга эртнээс явсан, энэ хэдэн тэнэг монголчуудад тэрэг мөнгө өгөөд тэгээд тив тэргүүлэх түүхээ түүчээлэн авах алсын санаа буй. Бүр цаашилаад Хүннүгийн хаадын булшийг Сяньби буюу Хятадын сурвалжид бичсэнээр Дунху нар толгой дараалан тоносон байдаг.

Монголд нэгэн эвгүй үг бий. "Ясыг нь өндөлзүүлнэ” гэж. Амьдад нь хүчирхийлж дийлэхгүй учраас үхсэнийх нь дараа булшин дээр нь очиж хонзонгоо авдаг муухай заншил байсан хэрэг. Нэг ёсондоо гутаан доромжилж байгаа явдал гэж ойлгож болно. Хиргисүүр бүрийг хамгаалах хэрэгтэй. Хөх өвгөд унтаж, хөрсөн доороо эрдэнээ хамгаалж, эрхэмжээ хадгалж байж ч мэднэ. Дотоод гадаадын шуналтан, шинжлэх ухаан нэрээр сэглэж байгааг би хувьдаа таалдаггүй. Тэндээс гардаг эд өлөгийн зүйлийг урагш нь авч явдаг гэж дуулсан.

Эргэж ирдэг эсэхийг тэнгэр л мэдэх хэрэг. Түүх археологио өөрсдөө судлаад байж дөнгөдөг үү юм уу. Заавал гадынхантай ганзага нийлбэл хожоо нь юу юм бол. Тэгээд ч өвгөдийн ясыг өндөлзүүлэн өлгийдэн хойлоглосон ёсыг эвдэж ёроор ухаж төнхөж байгаад өөдөлсөн хүн байтугай гүрэн байдаг эсэхийг би мэдэхгүй. Та бүхэн ч болгоогтун. 
МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГА СУДАЛГАА 2016

Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хээрийн шинжилгээний анги "Монгол Улсын нутаг дахь нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 23 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын "Тоглох” багийн нутаг "Хэрмэн талын гурван хэрэм” Өндөр-Улаан хэмээх газруудад хээрийн малтлага судалгааны ажил зохион байгуулав. Хархорум музей нь тус хээрийн шинжилгээний ангийн 2014, 2016 оны малтлага судалгаанд хамтран оролцож, илэрсэн олдворуудаар музейн сан хөмрөгийг баяжууллаа.

Энэ оны судалгааны ангийн Монголын талын удирдагчаар профессор А.Очир, талбайн ахлах судлаач Б.Анхбаяр, судлаач Ж.Цамбагарав нар, Хятадын талын удирдагчаар Профессор Чен Ён Жи, Саранбилэг, Чэн Фэн Фей, Жао Жиан нар ажиллав. Судлаачид Талын гурван хэрмээс баруун хойно, Өндөр-Улаан уулын зүүн урд хормойд нэгэн шороон байгууламжад малтлага хийж, овгор шороон байгууламжийг дөрвөн секторт хуваан, малтлагын тэг татсан хэсгүүдийн баруун болон өмнө талд нь 50 см өргөн зүсэлтийн далан үлдээв.

Өмнө талаас хойш нь чиглүүлэн 47 м урт, 2 м өргөн сорилын малтлага хийв. Баруун урдаас дугаарлаж 1А, баруун хойд хэсгийг 2А, зүүн урд хэсгийг 3А, зүүн хойд хэсгийг 4А хэмээн дугаарлав. Шороон байгууламжийн зүүн болон зүүн өмнөд хэсэгт 2 x 5, 2 x 10, 10 x 5 метртэй таван сорилын суваг малтаж өнгөн хөрснөөс доош 35 см гүнд үүдэвчний зохион байгуулалт мэдэгдсэнгүй байгалийн хөрсөнд тулав. Эл шороон овгорыг малтах явцад сорилын сувгийн 3A секторын 20 хэсэгт шороон овгорын дээрээс 240 см гүнд нэгэн оршуулга илрэв.

Уг булш нь байгууламжийг үйлдсэний дараа шороон овгорын орой хэсгийн шороог ухаж талийгчийг оршуулан, шороогоор нь эргүүлэн дарсан байв. Өөрөөр хэлбэл, тэр нь шороон дараастай булш аж. Модон авсанд талийгчийн толгойг баруун хойш 290 хэмд хандуулан дээш харуулан тэнэгэр байдлаар тавьж, хоёр гарыг их биеийг нь дагуулан, хоёр хөлийг нь жийлгэж оршуулжээ. Малтлагын явцад Хархорум музейн ажилчид газар дээр нь очин булшнаас илэрсэн мод, даавуу, металл эдлэлд анхан шатны цэвэрлэгээ, баримтжуулалт хийн музейд зөөж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.

Natsag Dulamsuren

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1818655728432511&id=100008643046597


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.