Засгийн газар нууц асуудал хэлэлцжээ. Дуусангуут нууц хурлаараа юу ярьснаа зарлав. Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг няц гишгэж "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргаснаа гурван сайд мэдэгдлээ. Тэр гурван сайдын царайд зөв сайхан шийдвэр гаргасны шинж огт илэрсэнгүй. Харин ч эмээж мэгдсэн царай, эргэж буцсан үгс нь тийм ч зөв сайхан юм хийгээгүйг нь илэрхийлэх мэт.
Засгийн газар хуралдаад л Улсын Дээд шүүхийн шийдвэрийг өөрчилдөг, тэнд суугаа 16 сайдын гарын үсэгтэй тогтоолоор дээрэм хийж болдог цаг үе иржээ. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр бол Дээд шүүхийн шийдвэр өмнөх Засгийн газрын шийдвэрийг л буруутгасан. Одоо өөр Засгийн газрын шийдвэр гарч байгаа нь энэ аж. Засгийн газар өөрчлөгдөх бүрт Дээд шүүхийн шийдвэрт хүртэл халдаж болдог бол, цаашилбал олон улсын гэрээ, концвенцийг хүртэл зөрчиж болдог байх нь. Тэгвэл Монгол Улс НҮБ-ын гишүүн байх эсэхээ, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн байх эсэхээ хүртэл шинэ парламент тутмаар хэлэлцүүлж байж шийддэг байвал ямар вэ. Дээрх нь нөхцөл юугаараа өөр гэж. Мөн тэрбээр Арбитрын шүүхэд хандвал хандана биз гэсэн. Тийм ээ. Тэр тохиолдолд Ц.Нямдорж сайд хохирох биш. Та бүхэн санаж байгаа бол "Хан ресурс” Монголын Засгийн газартай шүүхдэж ялаад манай улс 80 сая ам.доллар болон дөрвөн жил үргэлжилсэн Арбитрын үйл ажиллагааны турш гарсан зардал гэхчлэн нийт 106 сая ам.доллар төлөхөөр болсон.Араас нь нэг хүн Канадад очоод 70-аад сая ам.долларыг нь завшчихсаныг мэдсэн ч мэдээгүй юм шиг явдгийг энд хэлээд яахав. Гэхдээ л "Хан ресурс”-ын лицензийг хураах шийдвэр гаргасан Цөмийн энергийн газар, Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан. УИХ тэр үүргийг өгсөн буруутай ч хариуцлага хүлээгээгүй.
Дараа нь 2016 оны гуравдугаар сард Сангийн яамнаас "АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болор ажлын айлчлалынхаа үеэр Канадын "Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон "Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд нэн ашигтайгаар шийдвэрлэлээ” гэсэн мэдээ тараагаад өнгөрсөн. Ямар тохиролцоонд хүрсэн гээч. 46 саяыг төлөөд үлдсэн 70 сая ам.долларыг 70 хоногийн турш өдөрт 1 сая ам.доллараар төлөх болсон. Хувиасаа биш учраас төсвийн мөнгөөр төлж байгаа нь тэр учраас тухайн үеийн болон түүний өмнөх Засгийн газар огтхон ч хариуцлага хүлээсэнгүй. Ийм явдал болдог учраас 2009 онд "Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Засгийн газартХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж 2018 онд ХЗДХ-ийн сайдын хувиар Монголын нэгэн компанийг хохироохдоо Арбитраас даанч нэг айхгүй байгаа хэрэг. Монголын төр олон улсын гэрээ хэлцэл хийх чадамжтай байх эсэх, бизнесийн гэрээ хийх анхан шатны мэдлэгтэй эсэхээ хөрөнгө оруулагчдад харуулж байгаа зэрэг улсын нэр хүнд, татвар төлөгч иргэд байгууллагын эрх ашиг огт хамаагүй юм байна.
Засгийн газар дотроо "хуулийн зөвлөх” нь ингэж хамаагүй цамнаж байхад бусад нь "Сайдын зөв” л гэж хүлээж авсан биз. Ингэж УИХ-ын тогтоолоор улсынхаа Дээд шүүхийн шийдвэрийг төдийгүй олон улсын гэрээг хүчингүй болгож, гэрээний халдашгүй байдалд халдаж "галзуу” шийдвэр гаргахыг нь хөрөнгө оруулагчид анхааралтай харж байгаа.
Хохирлын хувьд 2013 онд Арбитрын шүүхээс манай улсын учруулсан хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн тухайн үеийн өртгөөр тодорхойлж, 80 гаруй сая ам.долларын нөхөн олговор тавьсан байдаг. "Монголын зэс корпораци”-аас одоо Арбитрт хандахдаа 2 тэрбум ам.доллар нэхэмжлэх бололтой. Тэгвэл Арбитрын шүүх дээр Монголын Засгийн газар хоёр дахь удаагаа ялагдвал ямар хэмжээний хохирол учирч хэн төлөх вэ гэдэг хариуцлагыг эхлээд тодорхой болгох хэрэгтэй.
"Монголын зэс корпораци”-ийн зүгээс хэвлэлийн бага хурал хийлгэхдээ "Бид шахаа хийх эрх ашигт нь халдчихсан юм” гэж "буруугаа хүлээсэн” байдлыг та бүхэн анзаарсан байх. Мөн төрийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ. Үнэндээ жилд нэг тендер зарлах, жилд 500 гаруй тендер зарлах хоёр өөр. Юугаараа өөр вэ гэхээр ил тод байдал, хэний эрх ашигт нийцүүлсэн бэ гэдгээрээ өөр билээ. Яагаад 15 тэрбум төгрөг хэмнэв, юунд зарцуулав гэдгээс байж ядахдаа 49 хувийг авсан мөнгийг нь төрийн мөнгө болгож үзлээ. Дэнчингийн 5 сая ам.долларыг хуйвалдааны баталгаа болгох гэж оролдсон зэргээс харахад тун тэвдсэн бололтой.
Энүүхэндээ гэхэд эзэмшдэг 51 хувиа дуурайлгаж зурсан гарын үсэгт хууртаж, хуйвалдаж алдчихаад тэвдэж байгаа улс төр, бизнесийн бүлэглэлийнхэнд 49 хувийг булааж байж л "Эрдэнэтэд төр хамаатай” болгохоос өөр арга байгаагүй болов уу. Эсвээс хэлцэл хийж байснаа огцом Засгийн газрыг хуралдуулж Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн шийдвэр гаргуулах ямар гээчийн түргэн авахуулах шалтаг байсан гэж? Бас болоогүй ээ, олон нийтийн толгойг эргүүлэх гэж "харилцан хамаарал бүхий” гэх "Болд төмөр ерөө гол”-ын төмөр замын Хандгайт өртөө хүртэлж төмөр замыг барих концессийг буруутгаж 240 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцааж авах гэнэ.Тэр шийдвэрийг гаргасан УИХ, Засгийн газар хэзээ ч буруутахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчдийг ингэж дарамтлах шийдвэрийг зөвхөн өнөөдрийн Засгийн газар л гаргаж чадлаа. Тэдний шуналыг өнөөх "шахаа” нь татав уу, өдрөөс өдөрт өсч өнөөдрийн байдлаар тонн тутамд 7365 ам.долларт хүрээд байгаа зэсийн ханш хөдөлгөчихөв үү. Ямартай ч тэд энэ галзуу шийдвэрээрээ хөрөнгө оруулагчдыг үргээж чадлаа. Хувийн хэвшлийнхний хийж бүтээх урам зоригийг хугалж, ашиг олбол дээрэмдэнэ гэдэг зарчмаа ойлгуулж чадлаа. Монголтой гэрээ хийвэл нэг төр, тэр байтугай нэг намын Засгийн газар гэдгээс үл хамааран хэзээ ч буцаж булааж мэдэх эрх зүйн орчинтой. Тэр сүр хүчний дэргэд шүүх засаглалын шийдвэр нь юу ч биш гэдгийг ч ойлгууллаа. Хамгийн аймшигтай нь иргэд төлбөр,нөхөн олговрыг төлдөг учраас "Арбитрын шүүхээс айхгүй” гэдгээ харуулж дэлхийн гадна оршдог мэт авирлаж байна. Өмчийн эрхээс бүх эрх эхэлдэг нь үнэн бол Монголын төр зөвхөн "Монголын зэс корпораци”-ийн хувьд хоёр дахь удаагаа өмчид нь халдаж "Бизнесийн эрх чөлөөгүй Монгол Улс”-ыг дэлхийд зарлаж байна. Энэ цаг тоолол "Монголын зэс корпораци”-ийнхан Арбитрын шүүхэд хандсан тэр мөчөөс эхлэх биз ээ. Дахин сануулахад "Арбитрын шүүхээс айдаггүй Ц.Нямдоржийн давтан үйлдлийн хохирогч нь Монголын ард түмэн болно” гэдгийг БҮҮ МАРТ!!!
Нийтлэлч У.Оргилмаа
М.Мөнхбаатар: Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна
Сэтгэгдэл