Төрийн нарийнаасаа болоод сайдын суудал дэнжигнэх вий


Өмнөх сайдын үед Төрийн нарийн бичгийн даргын асуудал дэгдсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхан "Төрийн нарийны суудал төр самрах нь” гэлцэж байгаа сурагтай. МАН-ын үнэмлэхүй олонх засаглалын үед ганцаархнаа сайдаас сугаран "анхдагч” болж огцорсон Ж.Батсуурийн үеийн төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан хэмээх бүсгүйг салбараа удирдаж чадаагүй гэсэн ерөнхий гэмээр шалтгаанаар ажлаас нь өөрчилсөн бол бүсгүй шүүхэд хандсанаар тус яам одоо төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт дээр гацаад байна.  

Уг нь нэгдүгээр сарын 5-нд зарлаад байсан сонгон шалгаруулалт ийн хууль бус болсон нь сайд Ц.Цогзолмаагийн эгдүүг хүргэж, Төрийн албаны зөвлөлд бичиг шидэлж суугаа. Гэвч хэргийн учир нь Ц.Цогзолмаа өөрийн хэмээн зөвлөхөөрөө дагуулж ирсэн С.Мөнхбатыг томилуулахаар улайрч байгаа ТӨЗ, шүүхийн шийдвэрийг ч хөндлөн сөрж зогсоод байгаа аж.

Гэтэл Ц.Цогзолмаагийн хүн гэгддэг С.Мөнхбат саяхан дэгдсэн 155 сая төгрөгийн  номны шахаанд нэр холбогдоод авсан. Дээрээс "Төрийн албаны зөвлөл надад ямар ч хамаагүй, ямар ч хамаагүй аргаар өөрийнхөө хүмүүсийг томилуулах л болно” гэсэн сайдын яриа намынх нь удирдлагуудын чихэнд хүрч, эгдүүг хүргээд байгаа сурагтай.

Дээрээс нь Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар С.Мөнхөөлэй, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Х.Галсанхүү нарыг жинхлүүлэх шийдвэр гаргуулахаар шахаж байгаа аж. Хэрвээ эдгээр хүмүүсийг жинхлэх юм бол энэ нь Төрийн албаны болон бусад хууль зөрчсөн нилээн том үйлдэл болж, "төрийн нарийнаасаа” сайдын сэнтий ганхах хэрэг болох вий гэж нам дотор нь шивэр авир хийгээд эхэлсэн гэнэ шүү. Мэдээж үйл явдал хэрхэн өрнөхөөс нэлээд зүйл шалтгаалах буй за.

А.Ану

https://www.infomongol.mn/content/read/155902.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.