Х.Баттулга Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод 7 сар өнгөрлөө. Энэ хугацаанд "Өргүй Монгол Ялна” гэсэн уухайн түрлэг улам бүр чимээ алдарсаар байна. Төрсөн хүүгээсээ ч илүү банкны хүүг бодож яваа Монголчууд харц дээгүүр, нуруу тэнэгэр явах өдрийг хүлээсээр 210 хоногийг үдсэний эцэст Ерөнхийлөгчийн амнаас "Би зээлээс чөлөөлнө гэж амлаагүй” гэсэн хариултыг авах нь тэр. "Өргүй Монгол ялсан” өдрийн од шиг тэр түрлэг ийнхүү хад мөргөн замхарч, их санасан газар 9 шөнө хоосон хонов гэгч болж байгаа нь энэ.
"Өргүй Монгол Ялна” гэх уриалга эрчээ авч байсан тухайн үед Монголын томоохон банкны гүйцэтгэх захирал "Дэлхий биднийг дооглож байна” гэж сануулж байсан удаатай.
Ердөө хагас жилийн өмнө "Ардчилсан намын удирдлагууд Х.Баттулгад зээлтэй иргэдийг өрөөс чөлөөлөх ДААЛГАВАР өглөө”, "Өргүй Монгол Ялна”, "Монгол Ялна” гэсэн уриа, лоозон тал нутгаар нэг цуурайтсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цалин, тэтгэвэр, малчны зээлтэй давхардсан тоогоор 943 мянган иргэн байна. Эдгээр иргэд нийт 5 их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй. Иргэдийг зээлээс чөлөөлөхөд тун хялбар. Байгалийн баялгаар баяжсан "30 гэр бүл”-ийн ногдол ашгийг 3 сая-уулаа хувааж хүртээд өргүй болж болно гэсэн тун чиг үнэмшилтэй зохиолд нийтээр нь шимтүүлсэн. Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэсэн үгийг санах сөхөөгүй үлгэрт итгэгчид хангалттай олон байв. "30 гэр бүл”-ийн тухай сонгуулиас хойш ярьсан ч одоогоор нэг ч гэр бүлийг нэр устай нь зарласангүй.
Манай улсын нэг жилийн нэгдсэн төсөв 6-7 их наяд төгрөг. Харин зээлтэй иргэдийн нийт өр 5.8 их наяд төгрөг болохыг дээр дурдсан. Улсын төсвийнхөө 90 гаруй хувийг өр барагдуулахад зарцуулах ямар ч боломжгүй. Улсын төсвийн хөрөнгөөр 1 сая орчим иргэнээ банкны зээлээс чөлөөллөө гэхэд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг олгох санхүүгийн чадамжгүй болно.
Ардчилсан нам нэр дэвшигчдээ "Биелэгдэшгүй даалгавар” өгсөн. Х.Баттулга ерөнхийлөгч болохын тулд намын даалгавраа гардаж авсан. Үлгэр ингэж эхэлсэн түүхтэй.
"Өргүй Монгол Ялна” гэх уриалга эрчээ авч байсан тухайн үед Монголын томоохон банкны гүйцэтгэх захирал "Дэлхий биднийг дооглож байна” гэж сануулж байсан удаатай.
Улсын хэмжээнд цалингийн зээлтэй 277 мянган иргэн, тэтгэврийн зээлтэй 228 мянган ахмад настан, малаа барьцаалж зээл авсан 120 мянган малчин бий. Эдгээр иргэдийн зээлийг "Эрдэнэс Таван Толгой ХХК”-ийн 2 жилийн ногдол ашгаас төлөхөд хүрэлцэнэ гэсэн тооцоог Ардчилсан намаас гаргасан байдаг. Энэ талаар тодорхой бичсэн албан бичгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ерөнхийлөгч Х.Баттулгад өгч байсныг олон хүн харсан. Олон ч хүн гэрчилнэ.
Гэтэл саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгыг хөдөө, орон нутагт ажиллаж ард иргэдтэй уулзалт хийж байх үеэр нэгэн ахмад настан "Би тэтгэврийн зээлтэй юм аа. Таны амлалт биелэх үү гэж Ерөнхийлөгчөөс асуутал. "Би тэгж амлаагүй. Ардчилсан нам намайг ерөнхийлөгч болбол энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаарай гэж санал тавьсан юм” хэмээн хариулсан байх юм.
Ерөнхийлөгчөө танд итгэж саналаа өгсөн хичнээн сонгогч ийм хариулт сонсох вэ. Өргүй Монгол ялаагүй хэрэг үү?
Г.Дугар
http://www.zaluu.com/read/1ga14c4ca
Сэтгэгдэл