Цамаан Монголчуудын цадиггүй зан


 Цамаан Монголчуудын цадиггүй зан
Хаврын тэргүүн сарыг угтахдаа ширээндээ залж байсан идээгээ хогийн саванд хийх сэдэл хэтэрхий цамаан зан Монгол хүнээс л гардаг болов уу. Уг нь бид уламжпал соёлоо XXI зуун хүртэл алдалгүй тээсэн ард түмэн хэмээн өөрсдөөрөө омогшдог. Гэтэл жил бүрийн Цагаан сарын дараа хог дээр хаясан хэвийн боовны зураг олон нийтийн сүлжээгээр тархаж Монголчууд дор бүрнээ халагладаг ч үндэсний өв соёлоо үнэгүйдэхээс хамгаалж чадахгүй байна.

Хогийн цэг дээр овоолсон хэвийн боовны зурган доор хаясан хүний тэнэг, цамааныг нийтээрээ гайхан сэтгэгдэл бичдэг. Харамсалтай нь, энэ бол Монголчуудын нийтлэг дутагдал. Өөрөөр хэлбэл, хэвийн боов баярын ширээний чимэг, баглаа цэцэг шиг үүргээ биелүүлээд хогийн сав руу шидэгддэг цаг иржээ.

Энэ бүхнийг хараад Монголчууд бид уламжлал, ёс заншлаа газар гишгэлэхээр сэтгэхүйн доройтолд ороо юу гэсэн бодол төрнө. Монголчууд идээ идээний дээд болгон жаргал, зовлон, жаргал гэх бэлгэдлээр өрдөг хэвийн боовоо хөгшид хүүхэдгүй амтархан иддэг байсан цаг саяхан. Гэтэл бидний уламжлалаа дээдэлдэг тэр сэтгэхүйгээ хаана гээчихэв. Монголчуудын 30 хувь нь ядуу байна гэсэн статистик судалгаа бий. Зарим нь өдрийн хоолоо арайхийн залгуулж байхад үлдсэн нь сар шинийн идээгээ тоох ч үгүй хог дээр хаяж л байна. Цагаан сарын дараа залуучуудын дунд "Нэг хэвийн боов” аяныг өрнүүлдэг болсон. Энэ аяны хүрээнд цугларсан хэвийн боовыг амьжиргааны төвшнээс доогуур айл өрхөд өгдөг.

Хэвийн боовыг идэхээсээ илүүтэй таваг засахад хэрэглэдэг болсон энэ үед хогийн саванд хийлгүй хэрэгтэй хүнд нь өгч болно шүү дээ.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.