Засаж байгаа нэрээр завшигчдад хэзээ хариуцлага тооцох вэ...


Засаж байгаа нэрээр завшигчдад хэзээ хариуцлага тооцох вэ...

 

Хаврын шороотой улирал ирэхтэй зэрэгцэн хаа сайгүй л газар ухаж, төнхжин, зам, талбай засаж, энд тэндгүй л шороо тоос босож, дуу чимээ гардагыг бид бүхэн мэднэ. Өглөө гэрээсээ гараад замын тоос шороонд дарагдан, сэндийлсэн газар, ухсан нүх тойрон явсаар гутал маань элэгдэж дуусдаг гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. За тэгээд заримдаа бүр улсаас өч дөчнөөн зардал, хөрөнгө гаргаж засаж, янзалсан зам, гудамжийг хүртэл эвдэлж, ухаад шугам засварын ажил хийчихдэг. Тэгээд ямар ч хариуцлага үүрэхгүй хойтон жил нь дахиад л засвар хийж байгаа харагддаг.

Энэ сэдвийг нэгэнт хөндсөнийх чанарын асуудлыг ярихаас өөр аргагүй. Жил бүр л бөөн ажил болж, машин гэлтгүй явган хүний явдаг замыг хүртэл хэдэн сараар хааж барин хийсэн бүтээн байгуулалт хэмээх сүхий нэртэй ажил яг үнэндээ хэдэн жилийн настай байдаг билээ. Лав жил хүрэхгүй, зүтгээд л 3-6 сар болбол их юм. Гэтэл улсын төсвөөс урсгал зардал гэж хичнээн их өртөг хөрөнгө зарцуулдаг билээ дээ. Тэгэхээр зам барилгын компаниудад тавих шаардлага хийгээд хариуцлагыг өндөр болгож, нийслэлдээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлье. Засах нэрийдлээр бусниулагчдад хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь хаа хаанаа хариуцлага яримаар л санагдах. Өнгөрсөн 2017 онд л гэхэд Нийслэлээс зөвхөн зам, талбайн засварын ажилд 28 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч өнгөрсөн жил хийгдсэн зарим нэгэн бүтээн байгуулалтыг ажлыг нь нөгөө л дулааны шугам засах нэрээр сүйтгэчихсэн учраас энэ жил дахиад зассан ажил дээрээ нэг тэрбум төгрөгийн засвар хийхээр төлөвлөсөн байх жишээтэй. Харин замыг сүйтгэсэн компанийн нөхдүүд ямарч хариуцлага үүрэхгүй явж байгаа. Түүнээс гадна зам засварын ажил гүйцэтгэгч компаниуд улсаас ихээхэн хэмжээний мөнгө төсөвлүүлж авчихаад маш бага зардлаар чанаргүй материалаар засвар, бүтээн байгуулалтыг ажлыг хийдэг. Түүнийг нь хүлээж авдаг комисс нь мөн л ялгаагүй хэдэн төгрөг халааслаад "онц” гэсэн дүн тавиад хүлээгээд авчихдаг. Бодит нөхцөл байдал байгаа дүр зураг нь нэг иймэрхүү. Тэгвэл энэ асуудал дээр мэргэжлийн байгууллага нь ямар байр суурьтай байдаг бол...

О.Лхагвацэдэн: Шугам сүлжээг газар дээр байгуулна

Шугам сүлжээ засаж байгаа нь энэ гээд өндөр өртөгөөр барьж байгуулсан зам, байгууламжийг эвдэж, нураадаг асуудалд салбар яам болох Барилга хот байгуулалтын яамнаас чухам ямар арга хэмжээ авдаг талаар Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.

- Хавар, зун, намрын улиралд дулааны шугам засах гэж байна гээд энд тэндгүй л газар ухаж, өндөр өртөгөөр хийсэн бүтээн байгуулалтыг сүйтгэдэг асуудал манайд цөөнгүй гардаг. Энэ асуудалд танай яамнаас ямар бодлого баримталж байгаа вэ?

Шугам сүлжээний асуудал бол маш төвөгтэй асуудал л даа. Нийслэлийн төвлөрсөн шугам, хоолойнууд бүгд хуучирч, элэгдэж,солих шаардлагатай болсон байгаа. Аргагүй ш дээ, аль 1940-1950-иад онд тавигдсан 50-60 жил болчихсон шугамууд юм чинь. Байсхийгээд л цоорч гэмтэл гарчихдаг. Мэдээж шугам солих, тавих асуудал маш өндөр өртөгтэй байдаг учраас бид санааныхаа зоргоор солиод байж чадахгүй шүү дээ. Тиймээс ихэвчилэн засварын ажлыг хийдэг. Тэгхээр нөгөө л таны хэлээд байгаа байгууламж, зам, бүтээн байгуулалтын ажлыг эвдэж, хуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг л дээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэх технологи гарсан байгаа. Нэвтрүүлэх ажилууд ч хийгдээд явж байна.

Ямар технологийг нэвтрүүлсэн талаар тодруулбал...

Ус сувгийн удирдах газар Австрийн Засгийн газрын тусламжтайгаар шинэ технологи нэвтрүүлэх гээд ажиллаж байна. Тодруулбал, доторлогоо хийдэг шинэ аргууд л даа. Энэ технологийг нэвтрүүлснээр шугам сүлжээний насжилтыг уртасгах юм. Ер нь бол цаашдаа шинээр баригдах шугам сүлжээг газар доор биш хонгилын системээр шийдэх бодлогыг Барилга хот байгуулалтын яам баримталж байгаа. Энэ ажлыг бид 2,3 газарт хэрэгжүүлээд байгаа. Эхнийх нь "Буянт-Ухаа” хороолол. Дараагийнх нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хувийн компаниудын барьж гүйцэтгэсэн орон сууцанд хонгилын системийн шугам хоолойг тавьсан байгаа. Хонгилын систем бол төвлөрсөн шугам сүлжээний хувьд төгс шийдэл гэж бид үзэж байгаа. Шугам хоолойд ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд газар, ухаж төнхөж, бүтээн байгуулалтыг сүйтгэх ямарч асуудал гарахгүй. Газраас 2-3 метр өндөрт байгуулсан учраас засвар, шинэчлэлийн ажил хийхэд хүндрэл, бэрхшээл, хохирол гаргахгүйгээр шийдчихнэ.

Албаны хүн ийм хариулт өгөв. Мэдээж энэ замбараагүй асуудалд хяналт тавьж, хариуцлага тооцох цаг нь хэдийнэ болсон. 

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.