Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2018.04.10) 09 цаг 29 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төсөл санаачлагч гишүүн чухал шалтгаанаар чөлөө авсан байгаа тул Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах санал танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаархи Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулах саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж дуулгасан юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэхээр тогтов.
Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 02 тоот дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн бөгөөд санал хураалт явуулсан. Хуулийн төслийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Н.Учрал нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Тухайлбал, ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад ирүүлсэн зөвлөмжтэй албан ёсоор танилцах, төсөл дэх зохицуулалтууд нь эдгээр зөвлөмжид бүрэн нийцэж, ФАТФ-ын шаардлагыг хангаж буй эсэхийг, 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх эрсдлийн талаар тодруулав. Гишүүдэд танилцуулахад бэлэн болсон талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэллээ. Түүнчлэн хэлэлцэж буй төсөлд дээрх зөвлөмжийн олонхийг тусган, холбогдох зохицуулалтыг тусгасан, төрийн бус байгууллагын санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг салбар хуулийн хүрээнд шийдэх боломжтой учир тусгаагүй гэв. Манай улс зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын "зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл "зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх юм байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ажиллахаар боллоо.
Хуралдааны үеэр гишүүдийн тодруулсны дагуу Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим мэдээллийг танилцуулав. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлуудыг нягтлах Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтран байгуулахаар төлөвлөөд байгаа гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн асан С.Зоригийн амь насыг бүрлэгсэнтэй холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаархи асуудлыг эхлээд Хүний эрхийн дэд хороо хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Тус асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-ноос гаргасан дүгнэлтийг нэн тэргүүнд Улсын Их Хурлын гишүүдэд албан ёсоор хүргүүлж, тус дүгнэлтийн хүрээнд нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэдгийг гишүүд хэлж байв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд дээрх асуудлыг нягтлан, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцууллаа. Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг дагнан хариуцаж, энэ хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилладаг бөгөөд дэд хорооны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцоогүй байна.
Улсын Ерөнхий прокуророос Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцжээ. Хуралдааны үеэр Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон. Одоогоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа юм байна. Тиймээс дээрх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаархи Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэлээ. Иймд хуралдаанд оролцсон дэд хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдсон хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 02 дугаар тогтоолыг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Батнасан, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл