Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье...


Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье...

 

Жорлонгоо өөрчилье гэсэн хэлэлцүүлэг, сурталчилгаа хоёрын дундуур зүйл цахим ертөнцөөр аялаад, тэр аялалынхаа далбаан доор энд тэнд уулзалт ярилцлага зохиогоод яваа хэсэг хүмүүст юуны өмнө талархая. Хараа дээгүүр, хамар доорхоо хардаггүй дарга нарт энэ тийм ч сонин зүйл биш байж мэднэ. Магадгүй тэд би тэр жорлон хавиар явдаг хүн биш гэж хамар амаа дарж мэдэх дээдэс захаас аван замаар нэг "таваргаж” явааг мэдэж л байна. Гэвч "цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй” гэж нэг ардын үг бий. Дарга нар минь та нар сайн хүмүүс эрдэмтэй хүмүүс. Таныг хүндэтгээд дарга болгосон. Та өөрийн сайндаа дарга болоогүй. За энэ ч яах вэ, Дэлхийн 7 хүний нэг нь өлхөн амьдардаг Хятад гүрний том дарга Ши-жин-пин жорлон ярьсан шүү... Хятадыг эрүүлжүүлэх, соёлжуулахад жорлон ихээхэн хэрэгтэйг онцлоод тэр нь доош доошоо боловсон жорлон болж хөрсөн дээр бүтээгдэж байна. Ил жорлонгийн тухай мэдээж дээрх бүлэг хүмүүс ном бичиж, өөрсдөө амаа цангатал ярьж ухуулж л байна аа...Номоо ч бас борлуулж байгаа. Бид ил харагдаж байгаад л санаа зовохоос далд байгаад ер санаа зовохгүй. Утаа май гээд өвөл болохоор ам хамраа боочихоод араа шүдээ тачигнуулан дээдэстээ хуурай агсам тавина. Тэглээ гээд утагдсаар л байна. Хавар урь унаад ирэхээр талын нэг тааваараа алга болцгооно. Бахь байдгаараа намрын сүүлчээс өнөөх утаагаа өөрсдөө үйлдвэрлээд өөрсдөө бухимдаад нэгнээсээ дутагдал хайн шуугицгаана...За нэг иймэрхүү л бүтээл үйлдвэрлэнэ дээ. Тэр хөрсөн доор юу болж, юу шингэж, эргээд юу ууршиж, амьсгалах агаарыг минь бохирдуулж байдгийг бүр ухаарахгүй...Жорлонгоо өөрчилье. Адгийн наад зах нь хэдэн бор төгрөг, хадаг яндраа бариад цувсаар байдаг ариун шүтээн Гандангаа нэг бодолдоо харцгаа даа...Хашаа хүрээ уруу нь дөхөөд ирэхийн үес шивтэр үнэртээд л ...Эргэн тойрон нь өвөл бол мөстөж, зун бол үерлэх дайны шээс...Дөрвөн талаас нь нохой сарьж байгаа юм шиг шээсээр байгаад бүр дагтаршсан хур үнэр... Гаднаас нь шээсээрээ шавдаг өргөөд дотор нь орж алга хавсран залбираад ч яах юм билээ дээ... Лам нар нь ч лам нар...Гадуур хүрээгээ тойруулаад ядаж дөрвөн өнцөгт нь боловсон жорлон дөрвийг байгуулчихад юу нь болохгүй байх билээ дээ...Зарлагын үүдгүй орлогын үүдтэй ганданд үнэндээ хөрөнгө мөнгө дутахгүй гэдэг нь тодорхой. Сэтгэл шүтлэг л дутаад байгаа юм. Шүтээнээсээ эхэлж цэвэршье гэж хэлмээр байна. Хийж бүтээмээр байна. Зүгээр яриад суувал агаарт л үлдэх юм. Үлгэр жишээ хийчихвэл хэн хүн санаа авна. Ялангуяа монголчууд барьж үзэж байж л сая ухаардаг шүү дээ... Гандангаа ариун шүтээн болгоё... Дотроо гяланцаг ч гаднаа паланцаг байгаа хашаа хүрээгээ ар өвөргүй ариун дагшин байлгая. Сүсэглэж чадвал шороо тоос ч эрдэнэ бус уу...Гадна хэрэмнээс нь адис аваад явах болтол Гандангаа ариусгая. Жорлонгоо өөрчилье...Бидэнд Баасансүрэн ламтаны айлдсанчилан тархины боловсрол нь ихдээд зүрхний боловсрол нь багадаад байгаагийн бэлээхэн жишээ энэ буюу... Маргааш энэхүү нийтлэлээ эрхэмсэг санаа авууштай мэдээллээр төгсгөхөөр тархиа чилээ үлдлээ...

Хөххот- 2018.05.10
Л. МӨНХТӨР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.