Улс төрд “хүлэгдсэн” урт хугацааны бодлого


Эдийн засгийн форум найм дахь удаагаа зохиогдоод өндөрлөлөө. Төр, хувийн хэвшлийнхэн харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа  бэхжүүлэн,  хүчээ нэгтгэн эдийн засгаа сэргээх үндсэн зорилготой  энэ удаагийн форумыг зорилгодоо хүрч чадлаа хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаалтын а

Улс төрд “хүлэгдсэн” урт хугацааны бодлого

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, улстөрчдийн гоё сайхан амлалтыг нийтэд түгээн сурталчлах бус, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид  төр, засагт үгээ хэлж, зөвшилцөлд хүрэх  нь форумын хамгийн том зорилт гэдгээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав  анхнаас нь онцолж, сайд нарыг хуралдаандаа сууж, олон  нийтийн үгийг сонсохыг уриалах, шаардахын завсар хэлж байлаа.

 

Эрх баригчид -1 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 6.1 хувьд хүргэсэн амжилтаа  дурдаж, энэ парламент эдийн засгийг хямралаас гаргаж, улс орны хөгжлийн төлөө хамтран ажиллахаа мэдэгдсээр байгаа. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд  "Бид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй. Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа. Эдийн засаг уналтаас өсөлт рүү явж байна” гээд "Харин хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлэн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон төслүүдийг эргэлтэд оруулах зорилт тусгагдсан. Энэ чиглэлээр Засгийн газрын түвшинд олон удаа ярилцаж, зөвлөлдөж ирсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэрлэл болон бусад боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж, эцэслэх шатандаа орж байна. Манай ард иргэдийн олон жилийн турш хүлээж байгаа Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хэрхэн  яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг нь Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн.  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар үүнийг  хэлэлцээд төслийг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.  Улс орны эдийн засаг, аж ахуйн нэгж, ард иргэдийн ашиг орлоготой шууд холбоотой энэ төсөл болон бусад хэрэгжиж байгаа томоохон төслийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах болно” хэмээн илтгэлээ.

 

Хоёр өдрийн форумын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь гадаадын хөрөнгө оруулалт татах, тэр дундаа "Оюутолгой”-н эргэн тойронд  сэдэв хөвөрлөө.  МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав "Оюутолгойн гэрээг хийсэн улсаа шоронд суулгачихаад яаж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах вэ. Гадаадын  хөрөнгө оруулагчид энэ асуудалд ямар бодолтой байгаа нь тодорхой” гэсэн бол эдийн засагч Б.Баабар "Оюутолгой” гэрээнд ямар ч нууц асуудал байхгүйг дурдаж, энэ гэрээг бүтэн уншсан эрхэм байхгүйг ч тодотгосон, цаашлаад хэрвээ энэ гэрээ байгуулагдаагүй бол "Гадаадын хөрөнгө оруулалтын хүчинд бидэнд огт байхгүй 10 тэрбум төгрөгийг гаднаас татаад байна. Цаана нь олон олон Оюутолгой байна. Бидэнд энэ бүхнээ зөв ашиглаж чадвал дэлхийн хамгийн баян орон болохоор байна. Оюутолгойгоос сар бүр орж байгаа орлого тэтгэвэр тэтгэмж авагчид, төрийн албан хаагчдын цалинг бүрдүүлж байна. Хэрвээ Оюутолгой  зогсвол юун цалингаа нэмүүлэх, багш нар цалингүй болно” гэдгийг илтгэлдээ дурдсан.

 

Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга "Бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаарх элдэв сайхан төсөөлөл, хөтөлбөр, төслүүд тодорхойгүй төлөвт орно Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь ээ.” гэж хэлсэн нь  гашуун боловч үнэн үг. Учир нь манай улс төрийн тогтворгүй  нөхцөл байдал  хоёр хөрштэйгээ байтугай гурав дахь түншүүдийнхээ ч итгэлийг алдаад байгаа. Гадаад харилцаандаа "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ” гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьтай олон хүн санал нэгдэж байгаа.  

 

Гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн тогтвортой байдлыг биднээс шаарддаг.    "Монгол Улсын хувьд байгуулсан гэрээ хэлэлцээгээ хамгаалах, дагаж мөрдөх нь чухал. Гэрээгээр тохирсон нөхцөлүүдийг  тогтвортой хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлдэг. Хөрөнгө оруулагч нарын итгэлийг татахын тулд гэрээ хэлэлцээгээ хамгаалж, тогтвортой байлгах хэрэгтэй” хэмээсэн нь зөвхөн "Рио Тинто” группын  Зэс, Очир эрдэнийн группын захирлын бус нийт гадаадын хөрөнгө оруулагчдын чин хүсэл юм.

 

Эдийн засгийн форумаар Монгол Улсын хөгжлийн загварыг хэлэлцсэн. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд  урт хугацааны хөтөлбөрийг батлан үе үеийн парламент баталж байсан хэдий ч хэрэгжилтийн шатандаа гацсан, дараагийн парламент байгуулагдахад залгамж чанаргүйгээр орхигдсоор ирснийг эдийн засагчид ч, улс төрчид ч санал нэгтэй шүүмжилж байсан.

 

Үндсэндээ улс төрийн тогтворгүй байдал урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд тээг, гацаа болсоор ирснийг халах хэрэгтэйн хэмээн толгой дохин зөвшөөрсөн.  Гэхдээ улс төр тогтвортой байх, бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх нь  эсэх нь төрийн эрх баригчдын шийдэл. 

 

"Бид хүчээ нэгтгэж, хамтран ажиллаж чадлаа” гэж хэлэх нэг өөр, хийж хэрэгжүүлэх бүүр ч өөр. Эдийн засгийн үсрэнгүй өсөлт  уул уурхайгаас хамаарах ч олон тулгууртай болгон солонгоруулж, урт хугацааны бодлогоо цаасан дээр батлан хав дарах бус хэрэгжүүлэхийг олон нийт шаардсаар ирсэн.

 

Ямартай ч эдийн засгийн форумаар тулгамдсан асуудлуудаа хаана хаанаа хэлэлцэн,  хувийн хэвшлийнхэн "бухимдлаа тайлж”, эрх баригчид аргадлаа.   Харин одоо амаар яриад өнгөрөх үү, ажил хэрэг болгох уу гэдгийг бүрэн эрхийн хугацаа нь талдаа орсон эрх баригчдаас хамаарна.

Н.Энх

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/a/497172


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.