МАН-ынхан хотод хуваагдаж, АН, МАХН-ынхан Хэнтийд хуйвалдаж эхэлжээ


 

МАН-ынхан хотод хуваагдаж, АН, МАХН-ынхан Хэнтийд хуйвалдаж эхэлжээУлс төрийн намрын халуун өдрүүд ирэх даваа гаригаас эхлэх нь тодорхой боллоо. Энэ өдөр МАН-ын Бага хурал хуралдаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм. Тэгэхдээ Бага хурлаас нэр дэвшичгээ эцэслэн зарлахгүй, нэр дэвшүүлэх эрхийг Удирдах зөвлөлдөө өгөх, мөн УИХ-ын ээлжит бус чуулганы сценар, "60 тэрбум”-ын тухай халуун яриа болно гэдгийг эх сурвалж онцлов.

 

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болох товтой. Улс төрийн нам, эвслүүд есдүгээр сарын 14 гэхэд нэр дэвшигчдээ тодруулсан байх хуультай. Гэтэл хэнийг нэр дэвшүүлэхээ МАН-ын лидерүүд, 33 болон 32-ын бүлгийн төвшинд тохироогүй байгаа нь "60 тэрбум”-ынхаас дутуугүй халуун сэдэв, хэрүүлийн алим болж байгаа юм. Нэр дэвших хүн олдохгүйдээ бус, МАН доторх эв түнжингүй байдал, намын бүлгийн хуваагдал нь нэр дэвшигч дээрээ тохирч чадахгүй байгаа хэрэг.

32-ын бүлгээс Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийг шахаж, 33-ын бүлгийнхэн үүнийх нь эсрэг байгаа юм. Д.Гантулгыг явснаас хойш адилхан 32 болсон экс 33-ынхан Ерөнхий сайдаа УИХ-ын гишүүн болгох дургүйдээ биш л дээ, гагацхүү МАХН-аас нэр дэвших магадлалтай Н.Энхбаярт ялагдахаас болгоомжилж буй юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй, хүнээ олоорой гэдгээ чуулган завсарлахаас өмнөх бүлгийн хурал дээрээ албан ёсоор илэрхийлжээ. Тэрээр цаашид буюу 2020 онд ч Хэнтийд нэр дэвшихгүй, харин Сүхбаатар аймагт Ч.Улаан гишүүний тойргийн өвлөж нэр дэвшихээр бэлтгэлээ зэхэж эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа. 33-ын бүлгийнхэнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлэх хувилбар бий.

Засаг ноён нь У.Хүрэлсүхийн дайны хүчтэй өрсөлдөгч биш, гэхдээ ялагдах дээрээ тулбал намын дарга-Ерөнхий сайд ялагдснаас хохирол багтай, МАН-д нэр цэвэр хувилбар гэж үзэж байгаа юм. Энэ бол бодитой дүгнэлт. Өөр нэгэн хувилбар нь МАН-аас эмэгтэй нэр дэвшигч тодруулахаар эрэлд гарсан гэх мэдээлэл бий.

Харин МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа.  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой гэх хэрэг сөхөгдсөн цагаас л МАХН-ын дарга Н.Энхбаяр ил болон далдаар нөхөн сонгуульд  бэлдэж, Хэнтийн тойргийг усалсаар яваа. Хэнтий аймаг нь МАХН-ын дарга Н.Энхбаярын ээжийнх нь төрсөн нутаг. Түүнчлэн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан учраас сонгуульд нэр дэвших, сонгогдох эрх нь нээгдсэн.

АН-ын хувьд удахгүй болох Үндэсний бодлогын хорооны хурлаар нэр дэвшигчээ тодруулна гэдгийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлсэн. ТэгэхдээАН-аас УИХ-ын гишүүн асан  Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх нь байсан М.Хүдэрбаатар, "Лектор” төвийн захирал Ц.Баатархүү нараас нэр дэвшүүлэх магадлал бий гэж гэх. Эдгээр горилогчид дунд гишүүн асан Д.Гантулгатай хүчтэй өрсөлдсөн, өмнө нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан

 

Оюунбаатарын нэр байхгүй байгаа юм. Энэ нь АН-аас Хэнтийн тойргийг нэг талаас  Н.Энхбаярт сул тавьж өгч байгаа хэрэг, МАН-ын нэр дэвшигчийг сульдуулах тактик барьж буй улс төр юм. Хэрвээ МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшдэг л юм бол түүний саналыг хувааж МАН-д буян үйлдэх хүчтэй өрсөлдөгчийг АН нэр дэвшүүлэхгүй байх улс төр хийх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, МАН-ыг дотроо талцаж хуваагдаж байх зуур АН, МАХН-ынхан Хэнтийн тойрог дээр хонь холбон боловсон маягаар хуйвалдаад эхэлжээ.

 

Энхтайван Мөнхцэцэг

Эх сурвалж: itoim.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.