Өнгөрсөн хавраас эхлэн манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн. Тодруулбал, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлсэн юм. Тухайн үед ЭМЯ-наас нэг өвчтөнд 800 мянган төгрөг зарцуулж байна гэсэн мэдээллийг өгч байсан ч өчигдөр УИХ-ын Түр хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна" гэсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлэв. Учир нь ЭМЯ болон сайдынх нь өгсөн тоон мэдээлэл зөрсөн нь олны хүнд гайхшрал төрүүлсэн юм.
Энэ асуудалд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл тайлбар өглөө. Тэрбээр "Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байгаа. Энэ бол эмчилгээ, эм тан, оношлогоо гэх мэт бүх зардал орж байна. Наад захын нэг өвчтөн рүү орох эмч, сувилагч өвчтөн рүү ороод гарсныхаа дараа хамгаалалтын хувцсаа солих гэх мэт.
Өмнө нь хэлж байсан 800 гэдэг бол зөвхөн нэг өвчтөнд зарцуулж байгаа эмний зардал. Хүний биеийн байдлаас шалтгаалаад нэг өвчтөнд 260 мянга, 300 мянган төгрөгний эм зарцуулж байхад, 800 мянган төгрөгний эм ууж байгаа тохиолдол ч байна" гэв.