Б.Энэбиш агсны дэмээр 2 сая ам.доллартой болсон Ц.Гарамжав хатагтай Ц.Мянганбаярыг аварсан уу?


"Монполимет”-ийн эзэн, тэрбумтан хатагтай Ц.Гарамжав өөрөөр нь л Монголын улстөр гачигдаад байгаа тухай ухуулгын чанартай мэдээллүүдийг сонгууль дөхсөн энэ өдрүүдэд энд тэндээс шидлүүлж байгаа. Жилд 60 сая ам.долларын орлоготой тэрээр Азийн шилдэг бизнесмэн эмэгтэйчүүдийн тоонд багтсан нь мэдээж таатай мэдээ.

Гэхдээ тэглээ гээд энэ нь Ц.Гарамжавгүй л бол Монголын улстөр явахаа больчихоод гацчихаад байгаа гэсэн үг биш л дээ. Уг нь тэрээр намынхаа илгээлтээр төрийн сайдын албыг хашиж үзсэн. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар томилогдсон даруйдаа яамны ажилтнуудыг цуглуулан хурал хийхдээ, өөрийнхөө үндсэн зорилгыг ойлгуулчихсан байдаг. Тэрээр яамны ажилтнуудыг нь цуглуулан хурал хийн "та нар алтны бизнес эрхлэгчдийг дарамталж шахахаа боль” гэж зад загнасан нь, яамны байшингаас дорхноо хальсан байдаг. Арга ч үгүй биз. Ямар төрийн яам түүний оффис биш. Төрийн ажилтнууд ямар түүний хувийн ажилчид биш. Ц.Гарамжавын тухайд алтны компаниудын захирлыг л төрд төлөөлж тэр яаманд дэд сайдаар очиж байгаагаа мэдрүүлсэн нь тэр байсан биз. Уул нь яамны зүгээс алтны салбарынханд тавьсан шаардлага нь юу байсныг тодруулахаар, гол мөрний ай савд олборлолт бүү явуул, нөхөн сэргээлтээ зохих журмын дагуу хий, байгаль орчинд халгүй технологи ашигла, татвар хураамжаа шударгаар төл л гэсэн зарчимын хувьд зүй ёсны л шаардлагууд байж ирсэн байдаг. Гэтэл Ц.Гарамжав хатагтай мөнгөний эх үүсвэр нэгтнүүдээ өмөөрөн хилэгнэж л байдаг хөөрхий.

Ер нь бол Ц.Гарамжав хатагтайн нэр сүр томоохон асуудлуудад холбоотой л байдаг. Тэрдундаа Худалдаа, хөгжлийн банктай холбоотой асуудалд ч "Монполимет” компанийн нэр холбогдож таардаг. Чухам ямар учиртайг нь тодотгохын тулд нэлээд урт түүхийг энд өгүүлэх хэрэг гарч таарч байна.

"Жеральд металз лугано” Худалдаа хөгжлийн банкийг манай улсаас анх 12 сая доллараар аваад Х.Баттулгад эргүүлээд зарчихсан гэх мэдээлэл байдаг аа. Тэгвэл "Аалзны тор”-д өгүүлснээр бол "Жеральд Металлз” компанид ямар ч банк, хэзээ ч хэрэг байхгүй бөгөөд аль Отгонбилэг, Дорлигжав нарын үеэс Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт дээр онцгой эрх олгоно, хариуд нь 20-оос доошгүй сая долларын зээл олгохыг хүссэн санал тэдэнд олон очиж байжээ. Ганц тэдэнд биш, өрсөлдөгч комодити компаниудад ч ийм санал их ирж байв. Гэтэл тэд банк биш, мөнгө зээлэх, өөр хэрэгт нь хөрөнгө оруулах нь тэдний сонирхлоос огт гадуур хэрэг. Иймээс Монголын талаас гарсан иймэрхүү санал болгон эрс няцаалтад орж байв. Гагцхүү зэсийн баяжмал болон алтанд урьдчилгаа төлж болно. Нэгэнт энэ нь урьдчилгаа тул хүү гэх асуудал байхгүй, гэхдээ урьдчилгаа нэгэнт төлсөн болохоор алт, зэсээ л авч таарна. Өөр юу ч хэрэггүй. "Жеральд Металлз” нь Чулуунбат, Энхбаяр нарыг сөрөг хүчин байх үеэс нь зөв бооцоо тавьж тойлсон тул Монголын алт, зэсийн баяжмалын экспортод онцгой эрх олж авах нь авлаа. Тэдний хүсэлтээр алтны барьцаа болгон 20 сая долларын урьдчилсан төлбөр хийлээ. Дотроо яаж хувааж авч, юугаа луйвардана өөрсдөө мэдэх хэрэг. Энэ мөнгөнд таарсан алтыг л хугацаандаа яаралтай эргүүлж өгөх болзолтой.

Орж ирсэн 20 сая долларын хагасыг "Монгол газар” компанийн Мянганбаяр авчээ. Мянганбаяр нь сонгуулийн үед МАХН-д асар дэмжлэг үзүүлснээс гадна хожим төрийн сайд болсон Энхтүвшингийн ганц ходий. Энхтүвшин сөрөг хүчин байхдаа эхнэр хүүхдээсээ салж шинээр амьдрал зохиох гэж ядарч зовж явахад нь Мянганбаяр найзын халуун гараа сунгасан аж. Иймээс ийм их мөнгө авах "эрхтэй”. Гэвч олж ирсэн мөнгөө Энхбаяр, Чулуунбат, Энхтүвшин гурав тэрүүхэндээ хуваагаад авчихаж байгаа нь УИХ-ын дарга Энэбишийн гэдэнг хөдөлгөжээ. Үүнээс болж засгийн хямрал ч үүссэн, тэд ч хоорондоо мундахгүй их хөлөө жийлцсэн. Эцэст нь үлдсэн арвыг нь "Монгол банк”-ны Одонгуагийн нэр зааж өгсөн тушаалаар Худалдаа, хөгжлийн банк тараасан ба үүн дотор спикерийн "Монполимет” хэмээх орд газар дамладаг компани хамаарч хоёр сая доллар олж авснаар асуудал түр зуурын эвлэрэлд хүрчээ.” хэмээн өгүүлсэн байдаг юм.

Түүнчлэн "Жеральд Металлз”-ын хувьд 20 сая долларт таарах алтаа авч байж салсан. Харин дотогшоо тараасан мөнгө нэлээд нь буцаж очиж чадахаа болилоо. Юун түрүүн Мянганбаяр мөнгөө төлж чадахаа болив. "Монполимет” ч мөнгөнийхөө хагасыг өгөөгүй явна. Энэ бүхнийг Монгол банкинд хадгалагдаж байгаа улсын цэвэр нөөцөөр хаасан хэрэг. 2000 онд 158 сая ам.долларын цэвэр нөөцтэй байсан бол хоёр жил өнгөрөхөд ердөө 10 сая доллараар нэмэгдсэн нь энэхүү улсын нөөц өсөхгүй байгаа олон шалтгааны нэг нь билээ. Хэрэг илрээд "Монгол газар” мөнгөө төлж чадахаа болихын үест сайн найз нарын хооронд хагарал гарлаа. Юун түрүүн Энхбаяр өөрийн орлогч Энхтүвшинтэй энэ асуудлаас болж зөрчилд орж эхлэх нь тэр. Чулуунбат, Энхбаяр хоёрын хооронд ч гав гарч эхэллээ.” хэмээсэн байдаг. За тэгээд цааш хөвөрсөн асуудлуудыг харахад их л ээдрээтэй. Ц.Мянганбаяр мөнгө төлж чадахгүй байгаа шалтгаанаа "Цагаан Шонхор” компанийн Энхтайван ба түүний бүлэгт дээрэмдүүлснээр тайлбарлах болсноос үүдэн "Центрпоинтийн хэрэг” гэгч дуулиантай шуугиан үүссэн байдаг. Л.Гүндалай ч үгээ хэллээ. Дээр нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн дарга Амарболд нарын удаан үргэлжилсэн зөрчлийн асуудал ч байлаа. Ц.Мянганбаяр төлбөрийн чадваргүй болсон асуудал Гүндалайгийн мэдэгдэл, Нямдоржийн занаагаар дамжин дуулиант "Центрпоинтийн хэрэг” болон томорлоо. Зодооны хэргийг зориудаар зохион байгуулсан нь үнэн байж болох талтай. Ямар ч гэсэн Ц.Мянганбаяраас мөнгө дээрэмдсэн хүмүүсийг ямар нэг шалтгаар баривчлан хорих нь юунаас ч үл хамааран хийгдэхээр төлөвлөгдсөн операци байв. Ц.Мянганбаярын тухайд өөр бусад олон асуудалд холбогдсон байжээ. "Жеральд Металлз”-аас авсан мөнгөнийхөө нэлээд хэсгийг "Иточу” компаниас авсан өрөө дарахад зориулж, тэгтэл "Вагнер Ази” компаниас зээлээр авсан 12.5 сая доллар нь босч ирснээр мань эр том асуудалд унах гээд байдаг. Харин тэр үедээ "Монполимет”-ийн Ц.Гарамжав хатагтайгаас нэлээд дэм авсан шиг байдаг. Ямар ч байсан тэрээр 5.6 сая долларын өрийг "Вагнер Ази”-д төлнө гэж гэрээлж, төлбөрийн графикийг ч тогтож, хоёр талаас гарын үсэг зурсан байдаг ч, цаг нь тулахад мартсан байж. Тиймээс "Вагнер Ази” шүүхэд ханджээ. Тэгсэн Дүүргийн шүүх өрийг нь дундуур нь хуваагаад "Монгол газар”-ыг 2.7 сая долларын өртэй гэж тогтсон байдаг. "Вагнер Ази” ч давж заалдаж, Нийслэлийн шүүх хэргийг буцаав. Ингэж тэгсээр Нийслэлийн шүүх асуудлыг "авч хэлэлцээд” Мянганбаяр 1.6 сая долларын өртэй гэж шийдсэн байдаг. Дээд шүүх ч Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталсан байдаг. Шийдвэрийг гаргасан шүүгч нь 100 мянган төгрөгийн цалинтай, эгэл жирийн амьдралтай нэгэн байснаа гэнэт жип унан, гурван давхар байшин бариулсан нь бас л анхаарал татах өнцөг мөн л дөө. Бүр барилгын материалаа өөрийн биеэр цуглуулахаар болж, Бээжин явсан байдаг. Бас болоогүй нөгөөх жип нь "Монполимет” компанид анх бүртгэгдсэн ба Бээжинд явахдаа "Монгол газар” компанийн зардлаар явсан байдаг.

Гол нь тэр шүүгч болоод "Монполимет” компанийн захирал Гарамжав нар олон жилийн намтар түүхтэй сайн найзууд байжээ. Тухайн үед Ц.Мянганбаярыг 4 сая ам.долларын өрөөс мулталсан уг шийдвэрийн цаана Ерөнхийлөгчийн сэтгэл тавьсан байр байдал хийгээд Дээд шүүхийн дарга Ганбатын ч мөн оролцоо байсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр эдгээрийг өгүүлэхийн учир нь өөрийгөө хамгийн нэр цэвэр хүн, чигч шударга бизнесмэн гээд байдаг Ц.Гарамжав хатагтайд чамгүй но нуугдаж байж болзошгүй л юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
zochin | 2016/05/20 01:27
Энэ төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэдэг шоронгоор олон жил явсан хүн монголын интернэтэд од болоод дууслаа. Энэ нөхрийг эрэгтэй хүүхэд шохоорхдог гэдгээр нь төмөр замынхан андахгүй мэднэ дээ. Ичгүүргүй амьтан