Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бум-Очир, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ч.Номин, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Уянгын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан cap тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ хууль бол төрийн албаныханд л их чухал байх. Хувийн хэвшлийнхэн бол үйлдвэрлэлээ явуулж баялаг бүтээж, цалингаа тавих нь хамгийн чухал.
Өнөөдрийн байдлаар ААНОАТ 1 их наяд төгрөгөөр тасарчихсан байна. Дээрээс нь АМНАТ-ын орлого 1.4 их наядаар тасарчихсан байна. Тэгэхээр энэ бүх зүйлээ одоо яаж нөхөж байна вэ гэхээр гадаад өр зээл тавьж байж нөхөж байна.
Гадаадаас 1-2.2 их наяд төгрөгийн бонд босгож оруулж ирж энэ алдагдлаа нөхөж байна. Дотоодоос 5,500 тэрбум төгрөгийн бонд босгож энэ алдагдлаа нөхлөө. Дээрээс нь 800 тэрбум төгрөгийн гадаад зээл авч байна. Ингээд энэ онд гэхэд 3.5 их наяд төгрөгийн гадаад бонд, зээлээр энэ төсвийн алдагдлаа нөхлөө.
Энэ өр гэдэг бол тамтаггүй боллоо. Тэгээд дээрээс нь манай Монгол Улс бол нүүрсний эдийн засагтай орон болсон. Өнөө өглөө гэхэд кокосжсон нүүрс 30 ам.доллараар уначихлаа. Эрчим хүчний нүүрс 3 ам.доллараар уначихлаа. Энийг мэдэж байгаа хүн байна уу?
ЭТТ чинь 11.1 сая тонн нүүрсний мөнгийг урьдчилж аваад хэрэглэчихээд одоо нүүрсээ гаргаагүй байна шүү дээ.
Ийм нөхцөл байдалтай байж байхад та нар амралтын өдөр зэргийг яриад сууцгааж байна. Нүүрс чинь өвөл өсдөг юм шүү дээ. Гэтэл ийм өсдөг үеэрээ унаж байна гэдэг чинь эдийн засагт асар их аюулын дохио.
Эдийн засаг хүндэрч байна. ААН-үүд чинь арай ядан ажиллаж байна. Энэ татварын дарамтаа багасга, дансыг нь нээ. 21,800 гаруй ААН, иргэдийн дансыг хаачихсан байна. Энэ данснуудаа нээ л дээ. Энэ хүмүүс оны эцэст хүмүүстээ цалин тавимаар, шинэ жилээ тэмдэглэмээр байдаг. Гэтэл дансыг нь хаачихсан, ямар ч боломжгүй. Татварын дарамт хэрээс хэтэрчихсэн, энэ бүх татварыг доороос өндийх хүн алга.
Нүүрс нь сайн явахгүй болоод ирэнгүүт бүгд яаж байна вэ гэхээр татварын дарамт улам ихэсдэг. Сүүлийн хэдэн жил тувт ингэж өслөө. Айхтар өслөө бүгд. Ерөөсөө хамаг хүмүүсийн халаасыг хоосолж, ААН-үүдийг хоосолж байж татвар хураадаг эдийн засаг болчихсон. Тэрийг нь үрэлгэн зардалдаа, тансаглалд зарцуулдаг ийм төр засагтай болсон байна.
ААН-үүдэд хасаж байгаа арга хэмжээнүүдээ илүү зөөлөн болгож, дансыг нь нээж, тодорхой хугацаа өгч, бизнесийг нь дэмжих нь төр, Засгийн газар, УИХ-ын хувьд маш чухал байна. Үүнийг ярьцгаая.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Би нэг тайлбар, тодруулга хийх гэсэн юм. Битүүний өдрийг амралтын өдөр болгох миний санаачилж байгаа хуулийн төслөөс энэ өөр төсөл гэдгийг олон нийтэд болоод гишүүддээ хэлье. Хооронд нь холих вий.
Миний санаачилсан хуулийн төсөл энэ намрын чуулганд багтаад орж ирээд батлагдана гэж найдаж байна. Миний санаалчилсан хуулийн төсөл бол зөвхөн БИТҮҮНИЙ ӨДРИЙГ амралтын өдөр болгох тухай асуудал. Одоо орж ирж байгаа Уянга гишүүн тэргүүтэй гишүүдийн санаачилж байгаа хуулийн төсөл нь агуулгын хувьд өөр.
Одоо бидний хэлэлцэж байгаа энэ хуулийн төсөл бол хагас, бүтэн сайн өдөр амралтын өдөртэй давхцах юм бол түүнийг шилжүүлэх тухай. Минийх бол нэг өдрийн тухай асуудал. Энд ярьж байгаа нь 6 өдрийн тухай асуудал6
Монгол Улс нийтдээ 16 өдөр амардаг. Олон улсын жишгээр бол энэ өндөртэйд тооцогддоггүй. Гол шалтгаан нь энэ 16 өдрөөсөө Монголчууд ердөө 9-11 өдөр л бодитоор амардаг юм байна. Учир нь амралтын өдрүүд ихэнх нь хагас, бүтэн сайн таардаг. Жилийн тооцоогоор дандаа давхацдаг.
Жишээ нь, 2025 онд зургаан өдөр нь хагас, бүтэн сайн таарсан учраас 16 өдрөөс 11-хэн өдөр амарна. Өнгөрсөн жилүүдэд ч адилхан. Дэлхийн дундаж бол 17-18 өдөр байдаг юм байна. Тиймээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн гэж ойлгосон.
Миний битүүний өдөр амардаг болгох хуулийн төсөл огт өөр. Нэг өдрийн тухай.
Мэдээж ААН-үүдийн нөхцөл байдлыг ойлгож байна. Эдийн засаг, санхүү, хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэх нь чухал. Гэхдээ амралтын өдрүүд хэт богино, хагас бүтэн сайн таарахаар хүмүүс их яардаг, түүнээсээ болоод авто замын зөрчил, гэмт хэрэг нэмэгддэг гэсэн тооцоо судалгаа байдаг. Амралтын өдрүүд арай тавиу таарсан үед бол замын осол, зөрчил харьцангуй багасдаг.
Амрах өдрүүд багасах тусам авто замын хэрэг, зөрчил нэмэгддэг статистик байгаа. Тиймээс амралтын өдрүүдийн зохицуулалтыг анхаарах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Манай улсад бүх нийтээр тэмдэглэх есөн баярын 16 өдрийг амралтад хамруулаад явдаг. 2022 он хүртэл амралтын өдрийн бямба, ням гарагт давхацвал Засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. 2022 онд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үеэр энэ харилцаа байхгүй болсон.
Хууль хэрэглэгдэхгүй, ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэл байнга байдаг. Үүний нэг жишээ нь 2024 онд цагаан сарын өдрүүдийг яах вэ гэхэд хуулийн заалт байхгүй учраас Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй байсан. Тиймээс Засгийн газарт эрхийг нь өгөхөөр хууль тогтоомжийн тухай хуулиар буцаад өгөх гэж буй юм.
Хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр өргөн барьсан. Засгийн газрын санал 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдөр орж ирсэн. Засгийн газраас нийтээр тэмдэглэж өнгөрүүлэх есөн баярын үндэсний хэмжээнд ёслол хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сар, наадам дээр авч үзье гэдэг санал оруулсан.
Энэ долоо хоногийн Мягмар гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурын үеэр цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр амралтын өдөртэй давхацвал шилжүүлнэ гэдэг зохицуулалтыг оруулж ирээд унасан.


Сэтгэгдэл