“Эм Си Эс холдинг”, “Петровис холдинг”, “Алтай холдинг” ХХК, АНУ-ын “Kerry Resort Holdings” компанийн нийлж байгуулсан “Скай резорт” ХХК-ийн эзэмшдэг “Мариотт” гэж компани бий.
Тус компани Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 131.8 га газрыг төлбөргүй ашиглаж ирсэн гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тогтоолдоо үзсэн байдаг.
“Зууны мэдээ” сонин энэ талаар хөндсөн.
Өөрөөр хэлбэл, 2008 оны долдугаар сарын 3-нд “Мариотт” ХХК-д гэрээнд гарын үсэг зурснаас хойш гурван жилийн хугацаанд 131.8 га талбайд олон улсын стандартын шаардлагыг хангасан гольфын талбай бүхий аялал жуулчлал, амралт үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах, хариуцан хамгаалж арчлахад зориулж тодорхой хөрөнгө оруулалтыг оруулах үүрэг хүлээх тухай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээнд Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалтай газрын нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Төмөрхүү, “Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар гарын үсэг зурсан байдаг юм.
Мөн 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дахин БО-04/А-09 тоот Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээнд Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилогдоод удаагүй А.Ганбат, “Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар гарын үсэг зуржээ.
Ингэж явсаар 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав “Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай” 317/447/235 тоот хамтарсан тушаалыг гаргасан байгаа юм.
Түүнд “…Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 14.2.2 дахь заалтын тус тус үндэслэн тушаах нь: 1. Монгол Улсад өвлийн спортыг хүүхэд залуучуудын дунд дэлгэрүүлэх замаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлөөр хангах, улмаар бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бааз суурь, дэд бүтэц бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төслийг дэмжсүгэй. 2. “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжиж буй Богдхан уулын Хүрхрээгийн аман дахь газар ашиглах эрх бүхий “Глобал Тех” ХХК, “Мариотт” ХХК болон “Мариоттур” ХХК-ийг Газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй. 3. “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжүүлэгч “Глобал Тех” ХХК, “Мариотт” ХХК болон “Мариоттур” ХХК-иудтай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Яамдын холбогдох газруудад үүрэг болгосугай” гэсэн байна.
Үүнээс хойш энэ тушаалыг баримталсан, 131.8 га газрын төлбөрөөс чөлөөсөн Хамтран ажиллах гэрээ жил тутам сунгагдаж явсаар өнөөдрийг хүрсэн байгаа юм.
Тухайлбал, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан 2009 оны гурван сайдын хамтарсан дээрх тушаалыг үндэс болгосон гэрээг “Богд хаан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээ” нэртэй болгосон байна.
Ингэж “Мариотт” ХХК-ийг Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн амны 131.8 га газрыг үнэ төлбөргүй ашиглах боломжийг нээсэн БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурвын хамтарсан тушаалын талаар Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд “…Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд, аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг зөвхөн “эзэмших”, эсвэл “ашиглах” эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын талбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсний үндсэн дээр өөрийн мэдэлд байлгах боломжтой. Өөр бусад байдлаар буюу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олголгүйгээр “Хөрөнгө оруулалтын” гэх гэрээгээр газрыг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “газрын төлбөрөөс чөлөөлөх” талаар гэрээгээр тохирох эрхийг хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад хуулиар олгоогүй байна” гэсэн байна.
Үүнээс гадна БОАЖЯ-ны албаны эх сурвалж “… Алал жуулчлал, амралт зугаалга, соёл спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг ашиглаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар газрын гэрчилгээнд заасан га-гаар журамд заасан хэмжээгээр төлбөрөө төлж барагдуулна. Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.
Иймээс Улсын Дээд шүүх ч, Тусгай хамгаалалттай газр нутгийг хариуцдаг БОАЖЯ ч тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглах эрх С.Баярцогт, Л.Гансүх, Ё.Отгонбаярт байгаагүй гэдгийг хэллээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин