"С.Зоригийн байрны үүдэнд очоод мөргө, залбир гэж хүүг минь дарамталж зургийг нь авч байсан"


УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайн урд гэр барин, суулт хийж байгаа билээ.

Эсэргүүцлийн суулт зохион байгуулж буй УИХ-ын гишүүд болон суултад оролцогч иргэд өнөөдөр “Шударга бусын хонгил хэрхэн ажилладаг вэ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял шийтгэгдсэн А.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. 

А.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Миний хүү УИХ-ын гишүүдэд өч төчнөөн захидал бичсэн. Амыг нь нээлгэхгүй болохоор ямар ч арга алга. 
Тагнуулын ажилтнууд “Чи С.Зоригийн байрыг мэдэх үү. Чамд зааж өгнө. Чи үүдэнд нь очоод мөргө, залбир” гэж хүүг минь дарамталж, зургийг нь авч байсан. Б.Булган "Энэ хүмүүс биш" гэж хэлсэн ч шүүх хуралд оруулаагүй.

Хүү минь гурван жил гаруйн хугацаанд хоригдож байна. Гэтэл Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэдэг хүн С.Зоригийн хэрэг хаагдсан гэж мэдэгдсэн. Ерөнхий прокурор үнэхээр л шударга үнэний дуу хоолой юм бол миний нүдэн дээр Ц.Элбэгдоржийг, Э.Бат-Үүлийг шүүгээдэх гэж шаардаж байна” гэлээ. 

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “2015 оны наймдугаар сарын 31-нд миний дүү Чимгээг Эрдэнэт хотод ажилтай явж байхад нь үл таних хүмүүс машинд чихэж, хулгайлан авч явсан байдаг. Ингээд гурван хоног сураг чимээгүй байсны эцэст төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр баривчилсан гэж мэдэгдсэн. Энэ бүхний дараа айлгах сүрдүүлэх процесс явагдсан. Тэр бүү хэл дүүгийн минь хашаанд цогцос хүртэл тавьсан. Эрдэнэтийн цагдаа энэ хэргийг шалгаад хөдөө хээр ил тавьсан цогцос байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг.  

Яг энэ үеэр дүүгийн минь том охин автын ослоор нас барсан. Үүнийг бид дүүгээсээ нууж байсан ч тагнуулын ажилтнууд очиж хэлсэн. Энэ бол дарамтад оруулж байгаа нэг хэлбэр. Өөрөө гэмт хэрэгт холбогдоод хүнд байдалд байна. Дээр нь хүүхэд нь нас барчихлаа. Ядаж сүүлийн удаа хүүхдийг нь харуулъя, оршуулганд нь оролцуулж өгөөч гэдэг хүсэлт тавихад тагнуулын ажилтан н.Бархасбадь, н.Бямбажав гэдэг хүмүүс “Хохь чинь. Нүгэл чинь нүдээрээ гарч байгаа юм” гэж хэлж байсан. 

Тагнуулын байгууллагын ур чадвар, ёс зүй ийм дор орчихсон байгаа учир энэ байгууллагад цэвэрлэгээ хийх хэрэгтэй" гэв. 

А. Төгөлдөр

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.