ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танилцуулснаар хөтөлбөрийн биелэлт ердөө 56.9 хувьтай гарчээ.
Одоогоос гурван жилийн өмнө Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталж өгч байлаа. Дөрвөн жилийн дараа хүрсэн байх ёстой энэ зорилтыг тухайн үеийн сөрөг хүчин МАН-ынхан "Мөрөөдлийн жагсаалт” гэж нэрлэж байв. Үнэхээр МАН-ын оролцоогүй батлагдсан энэ хөтөлбөр 2016 он дуусахад ч мөрөөдөл хэвээрээ байж мэдэх нь. Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас үүнийг харж болохоор байв. Сонгуулийн циклээр нь бодож тооцвол энэ засагт ердөө ганцхан жилийн хугацаа үлджээ. Хийх ажлыг нь хэрэгжүүлэх хугацаатай нь харьцуулж үзвэл одоо Засгийн газрын хөтөлбөр 75 хувьтай байх ёстой. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танилцуулснаар хөтөлбөрийн биелэлт ердөө 56.9 хувьтай гарчээ. Энэ нь санхүүжилт болон хууль, эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн хоёр шалтгаантай юм байна. Өөрөөр хэлбэл, үлдсэн хугацаанд амжих эсэх нь ч эргэлзээтэй аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ хөтөлбөр биелэх боломжгүйг, угаасаа биелүүлэх шаардлага ч байхгүйг чуулганы танхимд мэдэгдэж байсан юм. Үг хэлсэн гишүүдээс ганц Д.Ганхуяг л өмнөх Засгийн газрын хийсэн бүх ажлыг хараар будаж болохгүйг, үргэлжлүүлэн хийх ёстой ажлууд байгаа гэсэн бол үлдсэн бүх гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "МАН-ыг УИХ-д бүлэггүй хавчлагын байдалд байлгаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталсан. Тэр үед ойлголцсон бол бодит хөрсөн дээрээ буух хөтөлбөр батлагдах байсан. Энэ хөтөлбөр одоо хэрэгжиж чадахгүй” гэж байв. Харин Л.Энх-Амгалан гишүүн "Өмнөх Засгийн газар огцорсон учраас ямар ч хариуцлага ярих боломжгүй. Хийж хэрэгжүүлсэн' ажил бол бий. Гэхдээ бүх үеийн Засгийн газарт дүн тавьдаг дөрвөн үзүүлэлт бий. Эдийн засгийн өсөлт, ДНБ өссөн үү, ажилгүйдлийн төвшин хэд байна, инфляц гэсэн энэ дөрвөн үзүүлэлт. 2013 онд эдийн засгийн өсөлт 13хувь, 2014 онд 7.8 хувь, 2015 онд 5.3 хувь, 2016-2017 оныхыг таван хувь хүрэхгүйгээр төсөөлж байна” гээд "УИХ нь, улстөрчид нь эдийн засгаа боомилоод байна. Улс орноо хөгжүүлэх үү, чөдөрлөх үү гэдэг нь УИХ-аас л хамаарна” гэж байв. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Зодооноор л ажил эхэлсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт УИХ өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь болсон.
Засгийн газрын бүтэшгүй мөрөөдлийг 45 хүн хүчээр баталсан. УИХ бүтэн хоёр жил Засгийн газартаа хяналт тавилгүй төрийг самруүлсан.
Одоо Тавантолгойн гэрээг юу болгож байна, УИХ-ын дарга, түүний зөвлөх ийм юм хийж болдог юм уу. Оруулаад ирсэн юм нь буруу байж болно, зөв болгоод гаргаж болно. Ганц бодлого боловсруулаад гаргаж чадахгүй, хий савсуулсан улсууд. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг юм болж байна” гэсэн юм.
Ер нь бол гишүүд гурван жил хийгээгүй том, том төслүүдийг одоо хийнэ гэж байхгүй. Иймд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өмнө үед хямралыг даван туулах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр УИХ-аас гаргасан дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж байлаа.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/