Зүсэн зүйлийн шувууд далавчаа дэвэн зэллэн нисэж, гангар гунгар дуугаран цээл уужим тэнгэрийн цэнхэрлэгт элэн халин дүүлж, эргээд буудаг асан нууранд өдгөө тоотой хэдхэн шувуу л харагдана.
Тэд нисэж чадахгүй, нуурын мандал дээгүүр хөвж ядан тарчлах аж. Шувууд ямар нэгэн өвчинд нэрвэгдсэн бололтой, ямар ч хөдөлгөөнгүй байх. Бага нуурын эргийн элсэн дээр алаг ангир хэвтэж байв.
Ойртоод очиж харвал хоёр сарвуугаа элс самардан, далавчаараа газар алгадаад байх. Төд удалгүй хэдэн удаа татвагасхийгээд амьсгал хураачихлаа.
Жилийн жилд хахир өвөл айлчлан ирэхээс урьтаж, халуун орныг зорихынхоо өмнө үр зулзагадаа эх нутгийнхаа сайхан бүхнийг харуулж, нутаг усандаа сүүлчийн удаа амарч аваад, ирэх хавар эргээд ирнэ дээ хэмээн уужирч, хагацаж ядан нисдэг байсан нуурандаа шувууд сүүлчийн амьсгалаа татах юм чинээ санаагүй биз.
Шувууд химийн бодист хордон олноор үхэж байна гэсэн мэдээллийн дагуу Завхан аймгийн Дөрвөлжин сумаас 150 орчим километрт орших Бага нуурт очиход шувуудын сэг зэмээр дүүрсэн өр эмтрэм дүр зураг угтсан нь энэ.
Мөн нуурын эргэн тойрон өд сөдөөр хучигдаж, жижиг хар ялаа нуурын эргийн ногоог хараар “будаж”, хөлийн чимээнээр сэрхийн нисэх нь тэнд хөл тавихаас ч айдас төрүүлж, нуураас үнэртэх өмхий үнэр хамар сэтлэх шахна. Нэг л өглөө Бага нуурыг эл хуль ноёлж, тэртээ дээр дүүлэн байдаг байсан тэнгэрийн амьтад нуурын ногоон мандалд амьсгалж ядан амь тавина.
Үгтэй хэлтэйсэн бол гэсэн шиг Бага нуур гуниглангуй сааралтана. Тус нууранд одоогийн байдлаар 18 нэр төрлийн 2,607 шувуу үхээд байгаа бөгөөд сүүлд нэмж үхсэн шувуудыг энэ тоонд оруулаагүй байгаа юм. Эдгээрийн зарим нь ховор амьтны жагсаалт, “устаж болзошгүй” зүйлд багтсан шувууд байв. Шувууд хэдэн мянгаараа үхэхдээ гуагчиж, хашхирч, ямар нэгэн өвчин хүчтэй нөлөөлж буй бололтой энэлэн шаналж байсан гэнэ. Үүнийг харсан хүн бүрийн сэтгэл сэмэрч, нуур тэр чигтээ уй гашууд автаж байжээ.
Бага нуур бол Их нууруудын хотгорт багтдаг, Их Монголын элстэй хиллэж, газрын гүнээсээ ундаргаа авдаг, жижиг хэмжээний давс ихтэй нуур юм. Алсаас тэнгэрийн хаяа нууртай хиллэж, тэнгэр, газар нийлсэн мэт харагдана.
Нуурын эрэгт хэдэн хүн байх шиг үзэгдсэн нь хүн биш тэмээ аж. Мөн хэдэн нөмрөг тас нуурын хажуугийн элсэн манханд сууж, арав хүрэхгүй галуу зэллэн нисэхээс өөрөөр энд амьд амьтан үгүй, амьдрал зогссон гэлтэй. Тэр галууд биднийг чиглэн ганганан нисэх нь “Амь авраач” гэж гуйх шиг. Уг нь өдийд энэ нуур хүн малын хөлд дарагдаж, нүүдлийн шувууд нуурыг чимэн, элин халин дүүлж, диваажингийн орон л ийм байдаг болов уу гэмээр дүр зургийг бүтээдэг байжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Бага нууранд шувууд хорь, гучаараа үхсэн байна гэх мэдээлэл нутгийн иргэдээс иржээ. Энэ дагуу сумын удирдлага хүн явуулж шалгахад хорь, гуч биш нуур тэр чигтээ үхсэн шувуудын сэг зэмээр дүүрсэн байж.
Ийн холбогдох байгууллагад мэдэгдсэнээр аймгийн мэргэжлийн байгууллага, сумын удирдлага, иргэд нийлсэн 20 орчим хүнээс бүрдсэн Онцгой комисс гарч, газар дээр нь ажиллаж, шувуудыг түүж, халдваргүйжүүлэн шатааж булсан аж.
Энэхүү Онцгой комиссын бүрэлдэхүүнд багтсан, Дөрвөлжин сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч А.Батболд “Бид наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 15-ны хооронд Бага нуур дээр ажиллалаа. Шувууд тамиргүй, сульдсан, чацга алдсан байдалтай байсан. Нууранд байсан хондон ангир, анхидал ангир юу ч үгүй үхээд дууссан.
Эхний таван өдөр бид 2200 гаруй шувуу үхсэнийг олж устгасан. Сүүлийн өдрүүдэд үхэх шувуудын тоо багассан. Үнэнийг хэлэхэд, үхэх шувуу ч үлдээгүй. Шувууд маш богино хугацаанд 2-3 цагийн дотор үхэж байсан. 100 метр хүрэхтэй үгүйтэй газарт л гэхэд 100 гаруй шувуу үхсэн байсан.
Үхсэн шувуудыг түүж машиндаа ачаад, эргээд харахад л хэд хэдээрээ үхчихсэн байна. Энэ сарын 21,22-нд багийн Засаг даргыг Бага нуур руу явуулахад “Нэмээд 60 гаруй шувуу үхсэн байна” гэсэн. Бид тухайн бүс нутагт айл, мал амьтан оруулахгүй байгаа. Одоогоор малд ямар нэг шинж тэмдэг илрээгүй” хэмээв. Түүнчлэн тэд амьд хэр нь явж чадахгүй, үхэх нь нэгэнт тодорхой болсон шувуудын хүзүүг нь мушгин алж байсан гэнэ.
Гэвч сүүлдээ тэр болгоныг алах нүд халтирам тул үхсэн шувуудтай хамт шууд ачаалжээ. Эхэндээ шувуудын дуу тасрахгүй байсан ч аажимдаа амьсгал хураасан аж. Мөн шувуудыг шатааж байх үед ч амь тавьж буй сэтгэл сэртхийлгэм дуу сонсогдож байсныг онцгой комиссын бүрэлдэхүүнд багтсан залуу ярьсан. Ийн тэд үхсэн шувуудыг нуураас 300 метр хүрэхгүй газар байрлах элсэн дээр хоёр метр гүнд шатааж, булжээ.
Бага нуур нь Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт оршдог. Багийн Засаг дарга шувуудыг нууртай ойрхон булахыг эсэргүүцэж, булуулахгүй гэсэн боловч онцгой комиссынхон “Улс хаана, юугаа хийхээ мэднэ” гэсээр нууртай ойрхон булжээ.
Багийн Засаг дарга ийн эсэргүүцсэний учир шувуудын үхлийн шалтгааныг мэдээгүйтэй холбоотой юм. Харин онцгой комиссынхон өөр газарт голомт үүсгэхээс сэргийлсэн гэнэ. Шувуудыг булсан гэх газар банз, гар арчсан бололтой спирттэй хөвөн харагдана. Зарим шувууг шатаалгүй булсан байв.
Холбогдох байгууллагууд одоогийн байдлаар нуурын ус, хөрс, шувуунаас дээж авч, хүн, малд халдах онц ноцтой халдварын шинж тэмдэг илрээгүй гэснээс өөр хариу өгөөгүй байна. Мөн өмнө нь авсан дээжийн чанар алдагдсан байж магадгүй хэмээн энэ сарын 24-25-нд газар дээр нь ирж шинжилгээ аваад явсан аж.
“Хомын талын тахь” ТББ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч М.Гантулга тус нутгийн өнцөг, булан бүрийг андахгүй, энэ салбарт 20 гаруй жил ажиллаж буй нэгэн. Тиймээс тэр бидэнд газарчилсан юм.
Тэрбээр шувууд олноороо үхэх үед амралттай байсан учраас нууранд ирж чадаагүй, бидэнтэй адил анх удаа нөхцөл байдалтай танилцаж байгаа нь энэ. Толгой сэгсрэн алхах тэрбээр “Арай ч ийм байдалд хүрчихсэн юм чинээ санасангүй” хэмээв. Харуй бүрийгээс урьтаж бид нуураас хөдөлсөн юм. Ойр хавьд хүн байтугай айлын бараа ч харагдсангүй.
Нуурын эл хуль байдал, шувуудын сэг зэмийг хараад хэн, хэн маань юу ч дуугаралгүй хэсэг явав. Удалгүй цагаан тоос босож, элсээр шуурч эхлэх нь байгаль дэлхий энэ бүхнийг хараад хилэгнэж байна уу гэлтэй.
Ч.БАТДӨЛ: УСНААС ЦИАНИТ ИЛЭРСЭН Ч ХӨРСНӨӨС ИЛРЭЭГҮЙ
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөлөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд шувууд олноор үхээд байгаагийн шалтгааныг танай суманд алт олборлодог “Баян-Айраг эксплорэйшн” компанитай холбон тайлбарлаж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Би хариуцлагатай албан тушаалтан болохоор иргэнийхээ итгэл үнэмшлийг ярьж болохгүй. Орон нутгийн иргэд шувууд олноор үхэж байгааг уул уурхайтай холбож байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас ийм дүгнэлт гараагүй.
-Дэлхийд хориглосон нуруулдан уусгах технологиор цианит ашиглан алт олборлодог энэ компанид анх хэн зөвшөөрөл олгосон юм бэ?
-Энэ зөвшөөрлийг сум олгоогүй. Засгийн газрын түвшинд мэргэжлийн байгууллага, БОАЖЯ, Ашигт малтмалын газар олгож байгаа. Энэ технологиор 2-3 уурхай үйл ажиллагаа явуулдаг гэсэн.
-“Баян-Айраг эксплорэйшн” компани танай суманд зургаан жил үйл ажил-лагаа явуулжээ. Энэ хугацаанд танай суманд ямар хөрөнгө оруулалт хийв?
-Компани төрийн бус байгууллагаар дамжуулж сумын дөрвөн багт нийт 90 сая, суманд 100 сая төгрөгийн санхүүжилт өгдөг. Уул уурхайтай холбоотой татварын орлого улс, аймгийн төсөвт ордог, суманд татварын ямар ч орлого оруулдаггүй.
-Та Засаг дарга болоод хэр удаж байна вэ?
-Гурав орчим жил болж байна.
-Тэгвэл энэ гурван жилийн хугацаанд “Баян-Айраг эксплорэйшн” компаниас өгсөн 300 сая төгрөгөөр сум орон нутагт юу хийв?
-Сумын ИТХ мөнгийг юунд зарцуулахыг шийддэг. Тэр дагуу сумын Засаг дарга зарцуулдаг. Тухайлбал, 2019 оны 100 сая төгрөгийг суманд төвлөрсөн халаалт тавихад зарцуулж байгаа.
-Тус компани хэд хэдэн удаа цианит натри алдсан ч тухай бүрт үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байж. Сумын удирдлагууд яагаад үүнд хяналт тавьдаггүй юм бэ?
-Бид тухай бүрт холбогдох мэргэжлийн байгууллагад шалгуулах хүсэлт тавьж байсан. Энэ жилийн хувьд аймгийн МХГ-ыг дуудаж, сумын ИТХ-ын төлөөлөгч нар, мөн миний бие газар дээр нь очиж ажилласан.
Холбогдох газрууд шинжилгээ авч, сум ч мөн шинжилгээний дээж авч явуулсан. Уснаас цианит илэрсэн ч хөрснөөс илрээгүй гэдэг ижил хариу гарсан байдаг. Тухай үед үйл ажиллагааг түр зогсоосон хэмээн ярив.
ЭХ СУРВАЛЖ: Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН