Роналдогийн хүүгийн зам нээгдэж, өөрийнх нь ирээдүй тодорхойгүй байна


Роналдогийн хүүгийн зам нээгдэж, өөрийнх нь ирээдүй тодорхойгүй байна

 

Криштиано Роналдогийн хүү жижиг Криштиано Португалын 15 хүртэлх насны шигшээ багт анх удаагаа дуудагдан, Хорватын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн Влатко Марковичийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцож буй тухай өмнө мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр тус тэмцээний финалд Хорват – Португалын шигшээ тоглоход Криштиано хүү дубль хийж, баг нь 2:3-оор өрсөлдөгчөө хожсоноор аварга боллоо. Эхний гоолыг зүүн жигүүрээр нэвтэрч, хаалганы хөндлөвчийн доогуур маш хүчтэй цохиж оруулсан юм. Харин хоёр дахь гоолоо өрсөлдөгчийн торгуулийн талбайд байрлалаа зөв цагт ухаалаг эзэлж, хөөргөж өгсөн бөмбөгийг хөнгөхөн мөргөөд хийсэн.
 


Аавтайгаа адил Португалын шигшээгийн 7 дугаартай өмсгөлтэй гарсан хүүгийн энэхүү хоёр гоолын бичлэг сошиал ертөнцөд маш хурдан тарлаа. Ялангуяа эхний гоолоо оруулчихаад аавынхаа агаарт эргэлдэн үсэрч буугаад Siuuu гэж хашхирдгийг яг дуурайсан агшин ихэд түгжээ.

Роналдогийн хүү одоо магтаалын үгэнд умбаж байна. Мөн Европын маш олон клуб ур чадвар, сэтгэлзүй, ирээдүйг нь анхааралтай ажиглаж, клубтээ авахаар хөөцөлдөж эхэлсэн гэнэ.
 


Криштиано Роналдо Португалын шигшээгийн өмсгөлтэй анх удаа талбайд гарсан хүүгээрээ бахархаж буйгаа эхний тоглолтын үеэр илэрхийлсэн. Гэвч өөрийнх нь ирээдүй одоогоор тодорхойгүй байна. Түүний тоглож буй Саудын Арабын “Аль Наср” улирлыг амжилтгүй өндөрлүүлж байгаа нь өөр клубын саналыг бодож үзэхэд хүргэж болох юм. Түүнийг Европын хөлбөмбөгт эргэж очиж магадгүй гэх хүлээлт бий. Үүнээс гадна Роналдо гэнэтийн санаанд оромгүй сонголтууд хийдэг хүн тул Мэжор лигт ч очих боломжтой гэж зарим мэргэжилтнүүд таамаглаж байна.

Ялангуяа Дэвид Бекхэмийн “Интер Майами” клубт очвол тун сонирхолтой аялал болно. Учир нь тэнд Лионель Месси байгаа. Дэвид Бекхэм клуб байгуулах тухай санаа сэдсэн цагаасаа л эхлэн Роналдо, Месси хоёрыг хамтад нь тоглуулах хүсэлтэй гэдгээ удаа дараа хэлж байсан.
 


Роналдо бол “Манчестер Юнайтед”-д Бекхэмийн өмсөж байсан 7 дугаартай өмсгөлийг залгамжлан авч тоглосон хөлбөмбөгч. Тэгээд ч Бекхэмийн бүтэшгүй мэт төлөвлөгөөнөөс хагас нь буюу Мессиг аваачих нь бүтчихсэн байгаа. Одоо хагас нь буюу Роналдо үлдчихээд байна. Хөшигний цаана энэ наймааны яриа хөөрөө өрнөж байхыг үгүйсгэх аргагүй юм.

Үүнээс гадна Роналдог унаган клуб Португалын “Спортинг”-тоо очиж магадгүй гэсэн яриа бий. Гэхдээ санхүүгийн хувьд Роналдогийн өндөр цалинг төлөх чадвар Лиссабоны клубт байхгүй. Тиймээс түүний хаачих нь одоогоор оньсого хэвээр байна.

Ийнхүү жижиг Криштиано аавынхаа шийрийг хатааж, ирээдүйд хөлбөмбөгч болох боломжтой гэдгээ харуулсан анхны олон улсын тэмцээндээ тун амжилттай оролцлоо. Харин Роналдо ойрын хугацаанд Ойрх Дорнодоос явах эсэхээ шийдэх гэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.