Сүүлийн жилүүдэд манай улсад агаарын бохирдол аюулын харанга дэлдэх хэмжээний том асуудал болоод буй. Бид өвлийн улирал наашлах цагт л утааг бууруулах арга замуудыг эрж хайж эхэлдэг бөгөөд ,дуусах цагт эргээд мартагддаг. Тэгвэл гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдол буюу утаа нь жирэмсэн эх болон урагт хэрхэн нөлөөлдөг талаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гавьяат эмч Г.Сахьяабазартай ярилцлаа.
-Манай улсын хэмжээнд агаарын бохирдол жирэмсэн эхчүүдийн хувьд хүндхэн асуудал болоод удаж байна. Тэгвэл агаарын бохирдол ураг болон эхэд хэрхэн нөлөөлдөг юм болоо?
-Утаа буюу агаарын бохирдол жирэмсэн эх битгий хэл утаагаар амьсгалж буй хүн бүрт сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ чухамдаа яг юунд хэрхэн нөлөөлдөг эсэхийг тогтоосон нарийн судалгаа Монголд одоогоор байхгүй байна. Зун болон өвлийн улиралд жирэмсэлж буй эмэгтэйчүүдийн өвчлөл хоорондоо өөр ялгаатай. Өвөл жирэмсэлсэн эмэгтэйчүүдийн бие сулбагар, ядруу, ургийн жин бага байх гэх мэт. Мөн сүүлийн жилүүдэд өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол олшро хболсон. Өсөлтгүй жирэмслэлт нь зулбалтын нэг хэлбэр бөгөөд ураг амьгүй болсон гэсэн үг. Ураг өсөлтгүй буюу амьгүй болоход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд, Вирусийн халдвар, бэлгийн замын өвчин болон бусад төрлийн өвчин. Нөгөө талаас гэвэл утаа, тортог, бохир тоостой орчин нөлөөлнө. Өвлийн улиралд ганцхан агаарын бохирдлын асуудал үүсэж буй хэрэг биш юм. Хавар болохоор цас, хөрс хайлж эхэлмэгц хөрсний бохирдол үүсч эхэлдэг. Энэ нь ч урагт нөлөөлдөг.
-Тэгвэл өсөлтгүй жирэмслэлтийн хамгийн том шалтгаан юу юм бол?
Дээр хэлсэнчлэн агаарын бохирдол, вирусийн гаралтай болон халдварт өвчнүүд зэрэг орно. Эхийн хэвлийд ураг амьгүй болж, өсөлтгүй болох шалтгаан хүн бүрт янз бүр чухамдаа өөр өөрөөр нөлөөлж байдаг. Хамгийн том шалтгаан бол эхийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой. Эхийн биеийн байдал хэвийн бус үед ураг хэвийн өсөж, хөгжинө гэж байхгүй. Тэр дундаа бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, эхийн дотоод халдвар, амьдарч байгаа орчин, амьсгалж байгаа агаар, идэж буй хоол хүнс гэх зэрэг олон зүйлээс шалтгаалж болно. Мөн тураах бэлдмэлийг замбараагүй хэрэглэснээс болж бие мах бодийн дотоод зохицуулалт алдагдаж, дотоод шүүрлийн тэнцвэргүй байдалд орсноор өсөлтгүй жирэмслэлт болох магадлал хамгийн өндөр байдаг.
-Энэ үзэгдэл жирэмсэн ургийн хэд дэх долоон хоногт илэрдэг вэ?
Жирэмсний эхний гурван сард ураг хөгжиж, эд эрхтнүүд нь бүрэлдэж эхэлдэг. Энэ эхний гурван сарын хугацаанд ихэвчлэн жирэмсний явц зогсож ургийн зүрхний цохилт цохилохгүй болдог. Тэгэхээр эхний гурван сар буюу арван хоёр хүртэлх долоон хоногт өсөлтгүй жирэмслэлтийн үйл явц илэрдэг гэж үзэж болно.
-Өсөлтгүй жирэмслэлтийн анхны шинж тэмдэг жирэмсэн эхэд хэрхэн илрэх вэ?
Давхар биетэй эхэд тухайн шинж тэмдэг шууд илэрч болно. Тухайлбал, гэнэт хордлого өгөхөө болих гэх мэт. Мөн хэт авиан шинжилгээнд харуулахад жирэмсний хугацаа болон хэт авиан шинжилгээний хугацаа хоорондоо тохирохгүй зөрж байх,ургийнзүрхний цохилт тодорхойлогдохгүй байх зэрэг нь өсөлтгүй жирэмслэлт буюу ураг амьгүй болсны шинж юм.
-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, олон удаа үр хөндүүлэх нь өсөлтгүй жирэмслэлтэд нөлөөлөх үү?
Бэлгийн замын халдварт өвчтэй эхийн ураг тухайн өвчнийг шууд хүлээн авах боломжтой байдаг. Ингэснээр ураг амьгүй болох магадлалтай ч, хүүхэд төрсний дараа ч БЗХӨ-тэй төрж болно. Олон удаа үр хөндүүлсэн ээж нар өсөлтгүй жирэмслэлт болох эрсдэлтэй. Яагаад гэвэл олон удаа үр хөндөлт хийлгэснээр эхийн нөхөн үржихүйн эрхтэнд үрэвсэлт өвчин үүсэх, дааврын зохицуулалт алдагдах зэрэг үр дагаврууд гарна. Тэгэхээр үр хөндөлт хийлгэх тусам амьгүй ураг бий болох боломж бүрдсээр байна. Цаашилбал, дахин үр тогтох боломжгүй ч болох сөрөг үр дагавартай.
-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар алхмуудыг хийх ёстой вэ?
Хамгийн түрүүнд эрүүл хоол хүнс хэрэглэж, эрүүл аж төрж, дасгал хөдөлгөөн хийж, ээж өөрийнхөө биеийг эрүүл байлгах хэрэгтэй. Үүнээс гадна янз бүрийн тураах эм бэлдмэлүүдийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Муу зуршил, архи тамхинаас татгалзаж, антибиотик, эмүүдийг эмчийн зөвшөөрөлгүй хэрэглэхгүй байх ,олон удаа үр хөндөлт хийлгэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ үр хөндүүлсэн тохиолдолд эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад удаан хугацаагаар орж байж дахин жирэмслэх хэрэгтэй.
Түүнчлэн өвлийн улиралд аль болох утаа багатай, цэвэр агаартай орчинд амьдрах нь хамгийн зөв юм. Ураг эхийн хэвлийд байх цагт өсөлтгүй болохгүй юмаа гэхэд төрсний дараа жин бага, өндөр агших, давжаа болж өсөх нь агаарын бохирдлын нөлөөлөл юм.
Ярилцсан: А.Дүүрэнжарга