Малд яваа талын хүн өндөр газар хүлгийн дөр мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Төгөө өвгөн хонио тогтоож аваад, сүргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр хааяа хониндоо чимээ өгөн хашхирч, танзны нь торгон ирмэг мөлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны өнгө аяыг андахгүй. Эзэн нь сүргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сүрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хүрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.
Төгөө ганц чүдэнзээр асаасан тамхиныхаа галыг ган төмөр толгойг нь барьсан гарынхаа эрхий хурууны өндгөөр байн байн дарж цогийг нь бөхөхөөс урьтан хавтаганыхаа мөнгөн тээгэнд сурмагхан цохиж шинэ хутгасан тамхиа асаан угсран татсаар нэлээд азнав.Тамхины нь утаа талын зөөлөн салхинд, хаш соруул эвлэгхэн үлээх уруулын нь завсраар нэгэнтээ хөхрөн суунаг татсанаа, баруун зүүн мөрөн дээгүүр нь савсан арилах аж. Зуны тэргүүн сарын илчит наран духан дээр нь ээж, унаа морь нь эзнийхээ ааш хэрхэн өөрчлөгдөхийг харж, пар пар тургилан, борог өвс уруулаараа уртайхан ярж нялх ногоо хазлан эргэцнэ. Төгөө хээрийн хоймор түгдийн завилж суусан биеэ цэхлэн, тамхиа татаж ханасан бололтой, гаансныхаа толгой дахь цогтой үнсийг гарзшаасан янзгүй хий үлээн хүүдийтэй тамхиа аанай л дадсан зангаараа баруун ар нуруундаа тээгээр нь бүсээ тэмтчин бөх гэгч нь хавчуулж, үдийн тунгалаг зэрэглээ бөөн бөенөөрөө цогих тэртээ урдах буурал талын дунд бөртөлзөн цаашилж яваа морьтой хүний хойноос хараа тавив. Тэгээд өөртее "Ангаа өвгөн ингээд явчихдаг байж. Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа даа..." гэж өгүүлснээ ийш тийш ямар нэг юм чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа, маанийн шад бувтнан уншив. Төгөө хэзээний шүтлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хөгшид ч юм уу, ер нь таних мэдэх хүн орчлон хальжээ гэж дуулбал хэдэн маани алба мэт уншдаг болжээ.
Хэдхэн мөчийн түрүүнд тэр буурал талд холдон яваа хүн, хонио тогтоож явахад нь дайран ирж, нэгдлийн төв орохоор яваагаа ярьж ойр зуурын үг солих зуураа нутаг нугынхандаа "Ангаа" гэж авгайлуулж дуудуулж явсан өвгөн Хангай бие барсныг дуулгаж ээ. Төгөө түүнийг сонсонгуутаа 'Өө хөөрхий гэж... Тэгээ юү?" гэж дуу алдсанаа “Саяхан л ануухан алхалж явсан юм сан... Майн баяраар сургуулийн хүүхдийн барилдаан үзээд налайж суусан даа . . Тэгээд хүүхэд хүүхдийг л "Сайн барилд", "Нүдээ хар гэм", "Цаад хөлөө гэм" гээд л олны дундаас хашгичин өндөлзөж суусан юм сан... Бид тэнд сүүлийн удаа хөөргөө зөрүүлэх учиртай байж дээ ... " гэж харууслаа илэрхийлэн үглэж, Хангай өвгөнийг хүндэтгэн явдаг сэтгэлээ нээн мориноосоо буужээ
Тэр мэдээ дуулгасан хүнийг Самбаа гэнэ. Самбаа ч мориноосоо буув.
Төгөө ч түүнийг андахгүй хэн хэн нь ааш зангаа мэдэх улс авай. Эхээс энэ л зэрэглээ наадсан талд төрж эрийн цээнд хүрсэн цагаас уугуул нутгийн бараа ил, сүрэг малын бэлчээр нийлэн явдаг айлын эзэд болсон санжээ. Өнөө хэн хэн нь жаран нэгнийхээ жилийг ардаа хийчихээд явж байгаа, залуус харчуудад өвгөд настан гэж хүндлүүлэн налайж суудаг насандаа ирсэн улс ажээ. Харин Хангай өвгөн тэднийг багачууд хүүхэд ч гэх юм уу, залуус гэж дуудах дуртай байлаа. Тэр нас намбаар нь ингэж хэлдэг байсан юм уу, нэг бол ажил үйлсээр нь ч тэгж цэгнэдэг байсан юм уу, бүү мэд. Эсвэл ухаан зүг самбаа сэхээгээр нь ч хэлдэг байсан юм уу! Хангай өвгөнд хүүхэд гэж дуудагдаж явсан хоёр өвгөн хэн хэнийхээ харуусал уярлаа цайруулан хөөрөг тамхиа зөрүүлэн ёслох зуур хэд гурван үг солив. Тэгэхдээ, нэгэнт таагүй мэдээ дуулгасан Самбаа хуруундаа чимхсэн хамрын тамхиа сүжиглэнгүй үнэртэн ам нээж,
- Муу өвгөн чинь ийм хэл дуулаад яаж гэрт гэдийж суух вэ гэж бодоод ... Тэгээд Ангаагаа нутаглуулахад нь очиж ёс төр гүйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа... гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нүдээ онийлгон ширтэж
- Манийг мэдэх настан ч цөөрөөд байна шуу ... Бид чинь энэ уусан ус, суудаг нутгаасаа хэзээ ч уйдаж чилж байсангүй. Түүн шиг хөөрхий энэ настан буурлуудаа ч бас ад шоо үзэж байсангүй өсөж өдий хүрч дээ хө... Уг нь хөөрхий өвгөний наян тавны найрыг нь хийчихэж чадсангүй. Нэгдлийн дарга нар ч бас дотроо бодолтой л байсан байх шүү... Анх нэгдэл үүсэж асаж байхад чинь манайхан чинь Ангаагийн л амыг харж байсан даа... Тэгээд л Ангааг зөв зүйтэй явдал үүдэж байгаа юм байна. Зөрж болохгүй ээ гээд л хамгийн түрүүн нэрээ бичүүлэхэд нь бүгдээрээ л дагав даа... Нэг их нэр заргүй хэрнээ, түмэнд нүүрийн буянтай хүн байж дээ ... гэхэд Төгөө түүний яриаг дэмжин
- Яриа юу байх вэ, Төрийн нуруу төвшин хүн явж дээ гэснээ "Энэ малд ч мөн нүдтэй сэн..." гэж бахархангуй дуу алдан түрэв.
Самбаа Төгөөгийн ам дүүрэн эл дуу алдан өгүүлсэн бахархлын үгний өнгө намба хоёрыг бүр өргөв.
- Хэлээд яах вэ ... гэж сунжруулан өчсөнөө
- Дал хүрч л байхдаа эмнэг тэмээ сургаад явж байсан юм шүү. Ямар сайндаа нэгдлийн дарга хорих санаатай давхиад очсон чинь нэг эмнэг тайлаг тавхайлдаад уначихсан хонь эргүүлж явж байж "Арай та минь эмнэг тэмээ сургаж яваа юм биш биз дээ" гээд асуучихаж. Тэгсэн чинь мань өвгөн "Тэгэлгүй яах вэ" гэхээр нь бас ч сайн үнэмшсэнгүй. Тэгээд "Бага тэмээ унаж явж наад яс үсээ эвдэж хүүхэд багачууддаа гай болов оо” гэхэд нь "Эмнэг бага малыг насны аагаар сургадаггүй, намбаар сургадаг юмаа дарга минь. Хоёрт бага тэмээний явдал биед хөнгөн байх юм" гэж. Тэгсэн чинь тэр жил нэгдэл, амины нийлсэн хорин хоёр эмнэг сургачихсан байсан гэдэг шүү ... Түүнийг нь мэдээд нэгдлийн дарга, мань өвгөнийг олон эмнэг сургажээ гээд спортын мастер цол олгуулах гэсэн нь, эвлэлийн гишүүн биш юм гээд цаанаас нь татгалзсан юм гэнэлээ гэж талийгаач өвгөний паян, сайн үйлийг нь дурсан хууч дэлгэхэд нь Төгөө ч дэмжив. Тэр
- Манийг бодохноо ёстой малчин хүн байсан даа. Биднийг одоо дарга нар тэргүүний малчин, мэнд сүрэгтэн энэ тэр гээд л магтаад байна. Ангаагийн дэргэд бид юу байх вэ дээ. Энэ дарга нар бага хүүхэд, өндөр настан хоёрын ажлыг үзэх биш. Дундуур нь хараад байгаа юм. Далан долоо гараад хөөрхий мориныхоо нуруунд гарч чадахгүй боллоо. Ингээд унаа унах буян хийсээд өгдөг юм байна гээд бүр гутарчихсан сууж байсан даа. Би бүр нүдээрээ үзэж, чихээрээ үгийг нь дуулж сонссон толгой доо... Бид ер нь Ангаагийн насан дээр яаж шүү явах юм бол? ... гэж толгой сэжин өгүүлжээ.
Төгөө, Самбаа хоёр дуу дуугаа авалцав. Хангай өвгөний тухай яриад байвал хонины нэгэн хишиг өдөр багадах мэт байлаа. Ер нь хэн хэзээ нэгнээ нас өөд болоход нь мурий хазгай гишгэж явсныг нь дуудаж байлаа? Харин тэр хүний гэгээн цагаан мөр, хэнд хэзээ хэрхэн ач тус болж явсныг нь мэддэг бүхнээ хөөрөн дурсгалыг нь хүндэтгэдэг сайхан заншил байдаг санжээ. Yүний учир, хоёр өвгөн мөд барахгүй яриа хууч хөөрөг зөрүүлэн ёсолж, хоёул босжээ Самбаа мориныхоо жолоог хумин мордож, цулбуураа барин явуулын хүнийг хүндэтгэн босож зогссон Төгөө уруу хандаж:
- Энэ хойд дээгүүр гараад ирсэн чинь, далай цагаан хонь налайн харагдахаар нь баярлаж л байлаа. Тэгээд ажсан чинь чи явж харагдана гэж өгүүлэн унааныхаа толгойг өмнө зүг залав. Төгөө
- Чи минь тэгээд Ангаагийнханд намайг ямар байдалтай байж байгаа хэлээрэй дээ. Уг нь би ч гэсэн өвгөнийг залах нутаглуулахад нь байх л ёстой хүн дээ ... гэв. Самбаа ч түүний аргагүй байдлыг ухаарч байгаа бололтой толгой дохин морио давьчин салж явав. Төгөө түүний хойноос харан хэсэг зогсож байснаа морио хөтлөн явгаар хэд алхаж, хоёр талдаа налайх хонин харав. Хонь тогтуун идээшлэн, эхээ даган нялх ногоо гоочилж байгаа шинэ төлийн өнгө зүс содхон цайрч цагааран харагдана.
Самбаагийн далай цагаан сүрэг дайралдлаа гэсэн үг учиртай байлаа Монгол хүн ямар нэг яаруу тулгуу ажил хэргээр явж байхад халуун хошуут хонин сүрэг юм уу, адуу дайралдвал бэлэгшээн явдал хэрэг сайн сайхан бүтэхийн өлзий дэмбэрэл гэж үздэг ажээ. Тэгээд Самбаа, бэлэг дэмбэрэл бодон тэр үгийг хэлжээ. Төгөө ч учрыг нь ухааран урамтай үлджээ. Тэгээд нялх хурга мал тонших бүргэд хонь малынхаа ойр эргэлдэн байх нь гэж хөх тэнгэр өөд саравчлан бараа харж, сэжигтэй юм үл үзэгдсэнд морио чөдөрлөн тавьж энэ толгой дээр гарч тамхилан суугаа ажээ.
Самбааг бөрт буттай талын хэвгийд шоволзон торойсоор бараа тасартал нь өөрийгөө саатуулан харж байснаа, нугалж суусан өвдөгний ойр гарт өртсөн жижиг жижиг чулууг хэд гурваар нь түүн нойтон алган дотроо өнхрүүлэн эрхи мэт нэг нэгээр нь имрэн сэлгэснээ, ганц ганцаар нь эрхий хуруун дээрээ гарган нясалж саатав. Тэгснээ солгой гарынхаа алгыг дээш харуулан эвэршиж гараг жилийн тооцоо хийв. Тэр Хангай өвгөнийг хэзээ нутаглуулах нь вэ гэж тунгаан үзжээ. Тэгээд маргааш юм байна гэж өөртөө өгүүлэн хонь малаа харж ахин чулуу түүн алгандаа өнхрүүлэн саатав.
Төгөөг орь залуу явахад Ангаа хэмээх Хангай гэж нарийхан нуруундаа шар ногоон дурдан ч юм уу бажгар өргөн гэгчийн ороож, хошмогтой цагаан тоорцог чихийг нь сөхөн өмссөн ануухан өндөр хар хүн байлаа. Нүд булаахааргүй ч товхийсэн мөнгөн тоногтой эмээл хазаар хэрэглэхийн дээр зун бол бэлгүй хэт зүүн, өвөл бол ясан савхтай үйсэн иштэй хутга бэл сэлттэй нь бүрэн зүүнэ. Тэрбээр адуутай дайралдаад унага дааганаас нь аваад азарга морьдыг нь шинжиж байдаг зантай адуунд хайртай, сайн морь унах дуртай гялалзсан эр байлаа. Харсан үзсэн мал, дэл сул алдуул тааралдвал андахгүй, эрэл сурлын хүнд тус хүргэхийг нэр төрийн хэрэг мэт мөрдөн, ядарч зүдэрсэн хүнд тус дэм болохыг ариун үйлс гэж баримтална. Харин морь малдаа ширүүн хүнд нүүр өгөх дургүй. Түүний эдэлж унасан морь нь хэзээд өнгөлөг, гундаж эцсэн явах нь нүдэнд үл өртөнө. Хартал талын салхи сөрөн дээлийнхээ сугыг хөөрөгдөн давхивал давхиж л явдаг, сольж юүлж амжихгүй хэд хонож байвч тэгтлээ хүндэлнэ. Бүр хөгшид настан Хангайг үнэхээр морь унаж эдэлж сурсан хүн гэж магтана. Төгөө залуу насандаа, Хангай шиг үеийн харцуул залуустай, түүн шиг морь малаа эдлэхсэн гэж яриан дундуур хавчуулж морин толгой алдахгүй уургаа шидэхийг нь хүртэл бахархан хөөрч байсан нь зөндөө. Өнөө эргэн санавал Хангай сайхан эр явсан ажээ. Одоогийн хүүхдүүдэд тэр тухай яривал "Энэ бөгтөр өндөр өвгөн тийм хүн байсан гэж үү" хэмээн гайхаж мэднэ. Гэвч Төгөөгийн үеийнхэн мэдэх аж. Тэр ч байтугай Төгөө нэгэн үе Хангайг гэрийнхээ босгыг алхан орж ирвэл, эзэгтэй нар хүндэтгэн дээшээ залж, идээ будааныхаа дээжийг барьж, гэрийн эзэд хууч яриа дэлгэх, хурдан морио шинжүүлж, түүнээ олзуурхан ярих дуртай байсныг гайхдаг байжээ. Зарим хүн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярилцах агаад түүнтэй ойр дөт үерхэж нөхөрлөх, айлсаж саахалтсаж нүүж суухыг хичээж байдаг хүн захаас аван тааралддаг учрыг нь олж цөхөхдөө дэмий л өөртөө "Ийм нэг олондоо буянтай явах нас намба ирэх болов уу?" гэж боддог байжээ Түүгээр үл барам Төгөө тийн нас намбын бараагүй цагтаа Хангайд нэг их тус болж баярлуулах юмсан гэж цээжиндээ бат санаж явсан цаг ч бий ажээ.
... Баян Садын хүргэн болоод байсан тэр зун. Төгөө Садын бараан голдуу зүсний таван азарга адууг нь Бор-Өндөрийн цаваас өглөө болгон цуглуулан Хашаатын худаг уснаа, Сад хүү хоёртой ховоо сэлгэн усалж хүргэн хүү хүчээ харуулж явав. Тэгтэл гүү барих болж хавийн харчууд унагыг нь уургалж туслахаар хуран иржээ. Нэгэн усныхны хэний нь ч гэсэн унага барих үед унаа унаж уурга барьсан эр хүн сураг чимээ л авсан бол ёс мэт цугларч онгон эмнэг унагыг нь барилцаж ороо догшны нь уургалалцаж хөл болдог эртний заншил байлаа. Гэрийн эзэд ч жилдээ ганцхан тохиох тэр өлзийт өдөр ирсэн болгоныг найр тавин угтаж, гүүгээ барьсны дараа үрсийн идээ шүүсээр дайлна. Түүний дээр сайн уургач айлын хүргэн болоод анх гүүг нь барилцах гэж байлаа. Садын адуу чийрэг догшин, түүгээр нь ч гэрийн эзэн бахархана. Түүний учир Төгөө хадмынхаа нүүрэн дээр уургаа хугалах ч юм уу, унаганы толгой алдах вий гэж битүүдээ түгшин зовж байлаа. Харвал, хадам эцэг нь адуугаараа аагархан унага барихаар ирсэн улсыг голж шилэх мэт алхаа гишгээ, харц нүд нь нэг л эгдүүтэй ондоо харагдах аж. Тэгэхэд нь Төгөөгийн зүрх бүр үхэж байлаа. Хүний ид хав, эр бярыг сорих мэт хурааж ирсэн адуу, шинэ буусан дэнж дээр угсарч татсан таван зэл угсрахыг нь угсарч, зэрэгцүүлэхийг нь зэрэгцүүлж татсан дэвжээн дээр багшран, олон хүний бараанаар ороо догшин нь омгорхон сүртэй хуухирна. Тэгтэл яг унага уургалах цаг болж, морьтой хүүхдүүд адууны тал талд гаран хурааж хумихаар хөвсөрч, эрчүүд уурга хуйваа угсран ногт чагт арзайтал нь барьсан улс зэл уруу ханджээ. Төгөө өвдгөө чичруүлэн хадмынхаа уургын халиун моринд уургаа тулан мордохын зуур эргэн тойрныг харвал Хангай хусан уургаа барин бас уургынхаа урт хүрэн морио уначихсан ирж яваа харагдлаа. Төгөө түүнийг хармагцаа уулын чинээ түшиг тэнгэрээс буусан чинээ баярлажээ. Баян Сад ч түүний барааг хармагцаа биеийн нь хөшөө гарсан мэт болж дуу шуу болон хөгжиж, шальдархан уургач нар сүрдэх мэт болжээ. Сад багц багцаар нь багласан ногт чагт гарынхаа бугуй тохойд сэгсийтэл нь углан алхах зуур Хангайд хандан,
- За чи ирсэн хойно болох нь тэр ... гэж сэтгэл хангалуун өгүүлэхийг сонсоод гэнэт Төгөөгийн бадарч ассан баярын гал унтрах шиг болж хор шарын утаа цээжинд нь уугин баагих шиг болжээ. Тэр хадам аавынхаа баясангуй байгаад гомдон хорсож, Хангайг адлан бухимдаж дэмий л уурганыхаа хусан ёзоорыг нойт оргитол атган авлаа гэтэл бас үеийн харчууд: нутаг усны уургач нар Хангайг "Ангаа”, "Ахай” болон сүр сүлдээ түүнд өгөн хэзээний давлиун зангаа гээх шиг болж ахуйд "Муусайн долигонуур юмнууд ..." гэж дотроо голон омог ааг нь шатаж байлаа. Тэгснээ, ороо хангал барьж хөөж байгаа газар, Хангайн барааг харсан шальдархан уургачид уургалах гэж байгаа мориныхоо толгойг олохоо болин мунгинах ч юм уу, зарим нь уурга хуйваа моринд алдан, нэг бол эмээл дээрээсээ хуу татуулан халааж холиох нь ёс мэт тохиодог гэж хөөрөлдөхийг нь бишгүй сонссон тул бас ч хулчийсхийжээ. Хангай, Төгөөг ийнхүү шатаж явааг даанч ойлгосон янзгүй Садын араас морьтойгоо даган ойр зуурын үг солин шинэ татсан зэлэн дээрээ биесээ түрэн тал тал тийшээ хуухиран тачигнах адуун сүрэг уруу нүд тавин явж байв. Гэтэл зэлний дэргэд ирүүт, Сад өнөө олон ногт чагтаа арц унгатган ариулж ёслоод өврөөсөө урт цэнхэр хадаг гаргаж
- За Хангай минь, ууган унагыг минь уургална даа ... гэснээ амыг нь түүн рүү харуулан хандав. Ийм ёс төрийн явдал болно гэж бодоогүй Хангай цочсон мэт эмээл дээрээ хавьчин суудлаа засангуутаа цээл сайхан хуйв угсарсан урт уурганыхаа толгойг дээшлүүлэн бүр ёзоороор нь газар тулан босгож зүүн мөрөөрөө түшин тонгойж
- Сад минь юу гэсэн үг вэ? Хүү чинь байна, хүргэн чинь байна Цаадуулынхаа нэгээр уургалуул ... Адууны чинь эзэн гомдоно ... гэж татгалзах дуунаар Төгөөгийн нөгөө бухимдал пурхийн арилж, Хангайд тэрхэн зуур жигтэйхэн их баярлажээ. Сад ингэхэд нь яахаа мэдэхгүй дороо зогтусан зогсов. Тэр "За энэ нусгайнууд унага жигшээчих вий Толгойг нь олохгүй, уургалах гэж байгаа нь энэ гээд ороолгож хөөгөөд ороо болгочихож мэднэ" гэж илэрхий голсон янзтай дэвжээ тойруулан харжээ. Сад ингэж ч хэлж чадах хүн байлаа. Өөрөө морь уургалахдаа тааруухан хэрнээ хүн их голомтгой юмсанжээ.
Төгөө "хэнийг шилдэг бол доо?" гэж бодон хөндийхөн харзнан хүлгийнхээ амыг тогтоож ядан байлаа. Сад өнөө хадгаа барьсан чигээрээ ам ангайн хэсэг зогссоноо их л шийдмэгхэн Төгөөг гараа занган дуудаж, уурганы нь толгойд урт цэнхэр хад намируулан уяжээ. Тэгээд ч бүүр баярлаж гүйцэв. Гагцхүү эл ёс төрийг нүүр улайлгахгүй гүйцэтгэхсэн гэдэг бодол сэтгэлдээ дүрэлзүүлжээ.
Хадаг уясан урт уургаа суналзуулан, хамгаас түрүүлж ууган унага уургална гэдэг үнэхээрийн нэр төрийн хэрэг байлаа. Хүн болгон л энэ нэр төр, итгэл найдварыг хэрхэн өргөх нь вэ гэх шиг Төгөө уруу харцаа хандуулж зарим нь шоолж сонжсон янзтай жуумалзан харж хөдлөх барихыг нь ажин анажээ. Хангай тэр өдөр нялхавтархан хоёр унага ёс болгон уургалаад л зэл уруу адуу хураалцан хашилцаж шинэ тулгар уургачдыг урамшуулан дэмжсэн үгээр шагнан, цойлж одсон хэд гурван адууг хэрхэн эргүүлж ирэхийг хүүхдүүдэд зөвлөн бусдыг хөхүүлэн байжээ. Харин Төгөө хорьж болдоггүй хорин насныхаа аагийг чухам нэг гаргаж өнөө хадгаар мялаалгасан уурганыхаа эзэн, ямар уургач болж яваагаа гайхуулах шиг болжээ. Хангай таван азарга адууны унага зэллэж дууссаны дараа зэлэндээ тэлчлэн дэвхцэх унага харж Сад уруу "Адуу чинь өснө өө! Энэ сүргийг чинь эдлэх эзэн нь ирсэн байна шүү" гэжээ. Энэ үг Төгөөг магтсан үг байлаа. Тэгээд нэр төрийг нь өргөж өгсөн Хангайд дотроо их баярлан хэзээ нэгэн цагт энэ хүнийг нэг баярлуулан гэж бат санажээ.
Төгөө ийнхүү өнгөрснийг дурсан бодож "Би чинь тэгээд, өнөө өөртөө амласандаа хүрч, Ангаагаа баярлуулж гялайлгасан билүү?" гэж бодов. Ер нь бодоод байхад хүн санахаар гийгүүлж гялайлгасан юм санаанд нь орж ирэхгүй байлаа. Хангай өвгөн, зөвхөн адуу малд хайртай, эмнэг догшинтой ноцолдсон гүжир гүдэсхэн хүн биш байлаа. Нутгийн олон бэлчээр ус таньдаг, бичиг ном мэддэг гэж хүндэтгэхийн дээр өөр хүний тусыг эрж хүүе хаая гэж хошуу цорвойдоггүй эр явлаа. Нийтээр бичигтэн болоогүй байхад Хангайгаар захидал бичиг дуудуулах юм уу, өргөдөл айлтгал, захидал занаа бичүүлэх гэж унаа хөл болон очдог улс олон болоод ч тэр юм уу, хий сүрдсээр яваад өдий болсон шиг санагдана.
Тэгээд цагаан сараар ч юм уу, сар шинэ гарсан хойно уулзаж учраагүй бол нүүр тулсан газар амры нь эрэн золгож энд тэнд дайралдвал "Ангаа, Ангаа" гээд л нүдний нь дор бузгайрхан явснаас бус магнай тэнийтэл нь баярлуулах гэж орь залуудаа санасан санаандаа хүрээгүйг бодохоор гэнэт сэтгэл нь тавгүйрхэн хямарч, зүрх нь гунигтай цохилох шиг болжээ суудлаа засаж. гаанс тамхиа гарган дахин нэг шунаг гэгч нь нэрэв. Тэр сэтгэл тавгүйдэх үедээ ийн тамхиа түргэн сорон, утааг нь бөөн бөөнөөр нь шившин сэлбэлзэн аягладаг ажээ. Төгөө холдон байгаа хонь, тохоотой эмээлдээ түүртэн хэвтсэн морио ч ажсангүй, хэсэг зуур өөрийн бус сэтгэлийн хямрал бухимдалд орон гацжээ. Бодон бодоход тэр Ангаа өвгөнд төлөх ёстой өрөө төлөөгүй хүний мөсгүй зан гаргасан мэт заавал түүнийг цайруулахгүй бол сэтгэл ер амрахгүй мэт санагдах ажээ. Тэр, аль цагийн санаж бодож явснаа хүн олонд хэлж явсан ч биш гэж нэг бодсон авч энэ бодол сэтгэлийг зогоон аварч чадахгүйг бас ухаарчээ. Тэгээд нэгэн зуур Самбаад ч яльгүй атаархах сэтгэл төрж санаа бодлоо сатааруулан ханьсаж асаасан тамхиныхаа утааг хайнгадуухан үлээж гаансаа түрийлэн хавтгаа бүсэндээ хавчуулан шийдмэгхэн босов. Төгөө, Ангаа өвгөний оршуулгад очих санаатай хэдий оволзовч ардах ажил төрлөө орхиж болохгүй байлаа. Гэрт хөл муу ганц хөгшин нь хоёр ачтайгаа байгаа аж. Тэр ядаж, унаа унаад хонь малын хойноос шогших чадалтайсан бол нэг хоногтоо орхиод явчихаж болох сон. Өвгөнийг баярлуулах хөг өнгөрсөн ч атугай, үлдэж байгаа үр хүүхэд төрөл төрөгсдийнх нь уй гашууг хуваалцаж цогцос шарилыг нь өргөлцөн уул усы нь түшилцэхэд сэтгэлийн сэв арилах шиг санагдана. Дэмий л хий адган учир зүйгээ ядан цөхөж эхлэв.
Шороо чулуу шүжигнүүлэн алхаж ирэх чимээнээр хажуулдаж хэвтсэн морь нь эзэн уруугаа нэгэнтээ соотосхийн харснаа залхуутай гэгч нь чөдөртэй хөлөө тэлчлэн босов, Тэгснээ эмээлийнхээ гөлөм дөрөөг шигшин шилгээхэд нь Төгөө амандаа "шийг-шийг шившиж, мориныхоо толгойд эвхсэн жолоо цулбуураа тайлан хазаарлаж чөдрийг нь аван ганзагалаж, биеийн нь чилээг гарган хэдэн алхам хөтлөн явснаа мордон хоёр тийшээ холдон одсон хониныхоо хойноос
товор товор алхуулжээ..
Өдрийн нар зулай дээр ээн, холхи хэцийн цохио гялталзан бүр алс хүрэн хөндийн дунд ганц нэгхэн хуй босон замхарч харагдана. Төгөө аанай л түжир түжир алхлах мориныхоо явдалд бүүвэйлэгдэн хүний амьдрал, нас намтар үндэст өвс ногоо мэт урган дэлгэрч гандан гундаж, мөнх бусын салхин хүрдэн автан нисдэг орчлонгийн жам ёсыг уяран бодсоор явлаа.
Энэ нутгийнхан талийгсдаа "Хөх-Өндөр" хэмээх өнчин өндрийн өвөр залуу энгэрт нутаглуулдаг ажээ. Тэр газар Төгөөгийнхеөс хагас өртөө шахам зайтай. Нэгэн хадтай дэл, хоёр зузаан гүвээ давахад л бараа нь харагдана. Нэгдлийн төв бол түүнээс цааш, бас хагас өртөө зайтай. Тэндээс л Ангаа өвгөний сүүлчийн аян замын цуваа наашилж Хөх - Өндөрт ирнэ гэдгийг Төгөө дотроо бодон түрүүхэн өдөр жил тооцон үзэж байснаа санав. Төгөөгийн сувай хонь тэр Хөх - Өндөрийн чиг бэлчин яваа харагдана. Нөгөө суурь нь өөр зүг толгой хандуулжээ. Нөгөө хоёр сүрэг хониныхоо алийг нь түрүүлж эргүүлэхээ шийдэж ядан гэлдрүүлэв. Тэгснээ гэнэт нэгэн мэргэн сайхан санаа олж өөртөө олзуурхан морио давиран нялх бага төл бүхий хонь уруугаа холхон айлын хэр шийдмэгхэн цогиулснаа морио татан алхуулав. Ухаа морь нь түүнээс ч хол давхих шинжгүй байлаа. Ер нь эзэн хөлөг хоёрт түүнээс ч хол дэргэх хэрэгцээ байсангүй. Тэр хониндоо дөхөн өөрийгөө дэргэд нь байгаагаа мэдэгдэн нэгэнтээ чимээ өгөн хашхираад ойрхи нэгэн өндөр дээр гарч суув. Энэ удаа тэр тамхи гаансаа угсарсангүй, харин зүүн ар сүүжин дээрээ түнтэгнэн явсан ширэн савтай хоёр нүдний дурангийнхаа оосрыг тайлан авч хол ойрын бараа, ийш тийшээ бэлчиж яваа адуу малыг ажин дурандав. Тэр саяхан бодож олсон санаандаа сэтгэл ханан царай тавиран баясжээ. Төгөө сувай хонио дурандав. Хонь нь тун тогтуун цаашилж байв. Хавар эрт гарсан хурга, эхээ даган цайвалзан гялалзах нь өвсөн дунд цацсан сувд мэт өнгөлөгхөн харагдана. Төгөө За, та нар цаашилж л бай. Хөрвө хурга заяа нь унтаж хоцрохгүй. Ойр хавь ч айл суурь байх биш. Явж байвал явж л байг ... Орой тийшээ барааг чинь нэг хараад авамз ... Хээр хонож сураагүй биш ... Хотгүй отор гэж хичнээн ч жил хийж ирэв дээ ... Харин энэ жилийн хувьд гэвэл анх л хээр хонох нь ... Тэгсэн ч яах вэ" гэж өөртөө ярьж суулаа.
Хургатай хонь нь эзнээ бүчин налайн ирснээ эргэн тогтож, сүү, нялх ногоо хоёрт бойжиж махалсан ишиг зүггүйтэн бөөн бөөн хадан дээр үсчин гарч биесээ хөөн тоглонгуутаа зөндөө яваа хурганууд өдөн сээтэгнэхийг нь өхөөрдөн баясав. Малынхаа өнгө зүс; цовоо цолгиныг нь харахдаа сэтгэл нь хөөрч байдаг нь малчин хүний зан ажээ. Төгөө морин дэл дээр бодож олсон санаа, хариулж яваа сүргийнхээ сэргэг чийрэг өсөж торнин буй төл хоёрт олзуурхан аашилжээ. Эзнээ бараадан ирсэн сүрэг бүр ч тогтвор орон налайж зарим хонь цатгалдсан янзтай хөл жийн хэвтэн харагдана. Бас өвс ногоо гоочлоод төдий л удаагүй хургад ханьсан хоёр гурваараа бөөрөө нийлүүлэн буруу зөв харан хэвтэж ухаан зүггүй унтаж ч байгаа үзэгдэнэ. Төгөө түүнийг өнөө л өхөөрдсөн чигээрээ баяслын гал гялалзсан нүдээр ширтэн харж "Хөөрхийс ... Хоол явдал хоёртоо ядарч ... Томоогүй л амьтаддаа" гэж шивнэв. Нялх хурга ишиг ингээд унтчихаараа сүргээсээ хоцрон гээгдэх нь бий. Бас элээ шувуу элэг барин дайрч давшилж гоочлох нь тохиолдоно. Төгөө түүнийг юун эс андах билээ. Нойр хоолгүй шавдаж байж төллүүлж аваад, нохой шувууны хоол болгочих вий гэж бага нялх хурга ишигний хойноос нүд салгахгүй харуулдан хариулна. Уг нь, тийм бага балчир төлийг гэрийн ойр хариулах ёстой авч Төгөө гэрийн бараа ил газар малаа хариулах дургүй. Тэр ч байтугай гэрийнхээ бараа ил, холын овоо толгой дээр ч суух дургүй зантай хүн, Нөхөн санавал, энэ занг өнөө Хангай өвгөн сургасан аж. Нөгөө баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг, адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр уруугаа дурандах дуртай байжээ. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч байна уу, үгүй юу гэж анадаг байжээ. Нэгэн удаа тийн гэр уруугаа дурандаж суухад нь Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дөрөө мулталж, унааныхаа хөлсийг сэврээн саатах зуур юу хийж, юу бодож суусныг нь цээжин дотор нь ороод үзсэн юм шиг
- За, хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? Битгий тэгж бай. Зүдэг гэдэг юм. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм. Наад зах нь гэхэд чамайг эхнэрээ хардаад тэндээс харуулдаж суудаг гэж тоглоом болно. Гэрийн эзэн гэдэг чинь, гурван давааны чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм ... гэж сургажээ. Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө.үүнээс хойш ингэж суухаа больё гзж бодсон аж. Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгой ширтэж ухаан бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ. Ер нь, хөөрөг зөрүүлэн ёсорхон тав арван малаа бөөцийлж өсгөн, хол ойрын хүнд нутаг ус, айл саахалтынхаа нэр төрийг өргөн явах, хүний арчаа овсгоог хэнээс сурч мэдсэн юм бэ, хэн хэлж өгч байсан юм бэ гэж бодоход уйдаж цөхөөгүй нутгийн настан буурал, түшиж тулж явсан мэт санаанд нь цалхийн буухуй зүрх сэтгэл уяран байв
Төгөө оройн нар ташсан хойно сувай хониныхоо хойноос ухасхийн бараа харав. Сүрэг нь яг л өөрийн нь бодсоныг мэдсэн юм шиг Хан -Өндөрийн наад гүвээн дээр налайж байгаа харагдана. Салхины чиг янзыг үзвэл баруун урдаас үе үесхэн үлээж шөнөө эргэн хонох, чигийг барин зугуухан хотондоо дөхүүлэн иржээ. Хөгшнөө "Сувай хонио яачихаад ирж байгаа нь энэ вэ" хэмээн гайхан асуухад нь "Өнөө шөнөдөө хээр хонуулъя гэж бодлоо хө" гэжээ. Чингээд Ангаа өвгөнийг өөд болсон тухай хөгшиндөө дуулгаж, өнөө гэнэт төрсөн мэргэн бодлоо ч бас ярьж, үдэш нь шар тос хайлан зулын гол ороож мөнх галын бяцхан тасархайг Ангаа өвгөнд зориулан өргөжээ. Хөгшин нь ч бас нутгийн нэгэн настан нуган олноо орхисонд гаслан харуусаж яагаад бага залуудаа түүнээс сүрдэн айж эмээж явдаг байснаа хөөрөлдөж, хоёул "Бид чинь, энэ хойд үедээ Ангаагийн жишээний байр суурь эзэгнэн байна уу?" гэж яриа дэлгэсэн аж.
Өглөө нь бараг үүр хаяарч байхад Төгөө хээр орхисон сувай хониныхоо барааг харахаар морио барин мордов. Yнэхээр санаснаар нь салхи зүүн хойд зүгээс сэвэлзэж байлаа. Тэр, Хөх-Өндрийн бараа харагдах хэц, нэгэн гүвээ даван замдаа бэлчиж байсан баахан адууг хөөн өчигдөр хониныхоо бэлчиж байсан гүвээн дээр гарч ирлээ. Тэгэхэд үүр манхайтал цайж дууч болжморын жиргээ намдан, хээр агь шарилжийн шинэхэн үнэр сэнгэнэж байлаа. Хээрээр ширүүхэн хөөсөн адуу явдалдаа халан Төгөөгийн бууж үлдсэн гүвээг орхин Хөх -Өндөрийн зүүн суга чиглэн цувран одов. Төгөө хоёр нүдний дурангаа гарган хонио олж харахаар Хөх - Өндөрийн хавийг нэгжин хайж гарав. Ер гялайх цайх юм нүдэнд нь үл өртөхүй, санаа яльгүй зовнин "Өнөө унасан бух үгүй, уулын буга ч үгүй" гэгчийн үлгэр болох нь уу гэж боджээ. Ургах нарны түрүүчийн туяа баруун тэнгэрийн хаяанаа сүүмэлзэх уулсын магнайд шижиртэн тусаж төдөлгүй их талын улаан наран дорно зүгт нэлийн бүүдэгнэх гүвээ, толгодын чанадаас үүлгүй, манхайн цэнхэртэнэ. Төгөө хоёр нүднийхээ дурангийн дугуйд хамаг хараа нүдээ хандуулан орчныг харуулдсаар ямар ч бараа олж харсангүй. Хамаг бодсон санасан нь бут нуран унаж байх вий гэж бодохоос зүрх нь пал пал түгшүүртэй цохилж эхэлжээ. Тэгээд, нүднийхээ чилээг гарган түр дурангаа салгах зуураа багцаа хайн өчигдөр бэлчиж байсан хониныхоо мөрийг хавь ойроороо ажиж мөрөөр нь хаашаа явсныг нь мэдэхээр шийдэв. Тийн морио хөтлөн мөр хайн айлын хэр зайтай явж ч үзэв. Нүдэнд нь юу ч туссангүй. "Ямар хаашаа лүд вэ?" хэмээн хамар дороо хараал тавин гайхахуй, оройны нь үс өрөвсхийн босох шиг болж, бүх бие нь ширвээтэн жихүүцэсхийжээ. Тэгээд аанай л газар өвдөг нугалан сууж армаг тармаг буттай ухаа, Хөх-Өндрийн ар, шаваг шарилж, харгана сэгсийх хоолойг ахиад л нэгжин харлаа. Урган гарч байгаа нарны гэрэлд хавийн бараа улам тодрон дурангийн нь хараанд гадаалж яваа бозлог хүртэл тусаж байлаа. Гэтэл сүрэг хонины бараа байдаггүй. Төгөө гайхширсан янзтай дурангаа өвөр дээрээ тавьж өлөн шүлсээ хэлэн дээрээ цуглуулан газар нулимснаа "Арай эндээ тогтож хонолгүй гэр хотоо гээд эргэчихдэг юм биш байгаа даа!" гэж ганцаараа ярив. Гайхахдаа тэр ганцаараа ярьжээ. Эзгүй хээрийн талд ийнхүү дүнгэнэтэл ярьсандаа ичиж, гаанс тамхиа хань татан нэрэв. Тэгэхдээ ч өнөө л хониныхоо барааг олоод харчих гэсэн хорхой дүүрэн энэ тэрийг гүйлгэн харсаар байлаа. Түүний нүд тэгтлээ ч муудаагүй аж. Нэгдлийн төвөөс Хөх - Өндөр хүрэх замд бусдаас ноёлог нэгэн нүцгэн нуруу бий. Түүн дээгүүр гарч ирэх давж орох юмны бараа
Сормууниршийн Дашдооров