Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой өнөө жил тохиож байна. Ойдоо зориулж олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр тус холбооноос хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, Кёкүшюзан Д.Батбаяр:
“Монгол хүн мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсэн үеийн үүх түүхийг яривал, Японы мэргэжлийн сүмо бөхийн Оошима дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан 6 Монгол залууг сонгон авч арлын орныг зорьсноор Монголын бөхчүүд сүмо хэмээх шинэ ертөнцтэй анхлан танилцсан юм. 1992 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Д.Батбаяр, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл , Н.Цэвэгням , Б.Энхбат нарын 6 залуу Японы нийслэл Токио хотноо анх хөл тавьснаар сүмод барилдах Монголын бөхчүүдийн үүд хаалга нээгдсэн түүхтэй.
Монголын сүмо бөхийн холбоо нь түүхэн 25 жилийн хугацаанд 20 гаруй монгол залуусд Японы мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгсөн. Эдгээр залуусаас Японы мэргэжлийн сүмогийн Их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байна.
Тухайлбал, 1992 он сүмогийн ертөнцийн хувьд онцлог жил байлаа. Учир нь 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Олон улсын сүмо бөхийн холбоо нь анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан юм. Нийт 25 орны 73 бөхчүүд зодоглосон энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг анх удаа оролцож сүмогийн өлгий нутаг Япон болон АНУ-ын баг тамирчдын дараагаар 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртэж байлаа.
Бөхийн орон Монголын хүчтэнүүд энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байрт шалгарсан явдал нь Монгол хүн энэ төрлөөр дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтойг тод харуулсан юм. Тухайн үеийн багш , дасгалжуулагчид, спортын мэргэжилтнүүд сүмо бөхийн төрлөөр баг тамирчдаа нэгдсэн бодлого, системтэйгээр бэлтгэх нь зүйтэй гэж үзсэнээр 1993 онд Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдах анхны үндэс суурь тавигдсан юм. Ойдоо зориулж олон арга хэмжээ төлөвлөсөн байгаа талаар тэрээр мөн дурдлаа. Тодруулбал, “Сүмо-25 “ хүүхдийн гар зургийн уралдаан, “Сүмо-25 “ эссэ, нийтлэл бичлэгийн уралдаан / Бүх насныхан/ , “Сүмо-25 “ асуулт хариултын нэвтрүүлэг тэмцээн, “Миний мэдэх сүмо” уралдаан / Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд/, мөн чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдааныг ирэх сарын 05-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна” гэлээ.
Энэ цаг үеэс эхлэн Монгол сүмочдын амжилт дэлхийд танигдаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын 9 сүмоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.
Дэлхийн аваргуудыг жагсааж үзвэл,
- 1994 он Б. Бат-Эрдэнэ
- 1994 он Б. Гантогтох
- 1995 он А. Сүхбат
- 1997 он А. Сүхбат
- 2006 он У. Бямбажав
- 2007 он У. Бямбажав
- 2008 он Г. Наранбат
- 2012 он Г. Наранбат
- 2012 он Р. Гантөгс
- 2014 он Б. Төрболд
- 2016 он Б. Төрболд
- 2010 он Я. Дулмаа /эмэгтэй/
- 2015 он Х. Сүнжидмаа
- 2016 он Х. Сүнжидмаа нар дэлхийн аварга болоод байна.
Зөвхөн дэлхийн аваргуудаас гадна манай бөхчүүд дэлхийн дэвжээнээс мөнгө хүрэл медаль олныг хүртэж дэлхийд энэ төрөлд өрсөлдөж буй улс орнуудын эхний гуравт зүй ёсоор бичигдэж байна.
Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэснийхээ хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнээ тасралтгүйгээр өсвөр үе, залуучууд , насанд хүрэгчид гэсэн ангиллуудаар зохион байгуулж байна.
2016 онд анх удаагаа Монгол Улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэр хүндтэйгээр зохион байгуулсан нь спорт сонирхогч төдийгүй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын холбооноос өндөр үнэлэлт авсан юм. Тус тэмцээнд 36 орны 380 тамирчин болоод 100 гаруй албаны хүмүүс оролцсон юм. Буянт-Ухаа спортын ордонд нийт 2 өдөр үргэлжилсэн тус тэмцээн нь 2 өдрийн турш 5000 үзэгчтэй байснаараа Дэлхийн сүмо бөхийн холбооны түүхэнд дээд амжилт болж үлдсэн юм.
МСБХ зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна хүмүүнлэгийн чиглэлээр ч олон үйл ажиллагаа явуулж ирлээ. Эдгээр ажлуудаас голчлон дурдвал:
1998 оны Наганогийн өвлийн олимпод Монголын баг тамирчид оролцоход одоогийн МСБХ-ны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр Монгол Улсын тугч болж, баг тамирчдаа тэргүүлэн дэлхийн тавцанд алхсан түүхтэй. Мөн тус тэмцээний тамирчдад шаардлагатай спортын хэрэглэлээр ивээн тэтгэсэн.
2000 онд Монгол улсын хэмжээнд байгалийн гамшигт үзэгдэл зудын аюул нүүрлэхэд холбооны зүгээс малчдад 800,000 ам.долларын нэн шаардлагатай эм тариа, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж байлаа.
2003 оноос эхлэн аймаг бүрт салбар зөвлөлөө үүсгэн, бүх аймагт сүмогийн дэвжээ шинээр байгуулж, орон нутагт сүмогийн спорт хөгжих эхлэлийг тавьсан.
1999 оноос эхлэн жил бүр, тасралтгүй Үндэсний бөх болон их спортын төрлүүдээр Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан, тухайн жилдээ олон түмнээ баярлуулсан 1 ахмад бөхөд хүндэтгэл үзүүлж Сар шинийн барилдааны үеэр 1 хүнд Өргөө цагаан гэр бэлэглэдэг уламжлал тогтоосон.
Хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлав
Монгол хүн Японы мэргэжлийн сүмод барилдаж эхлэсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдаад 25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сүмо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сүмо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой гар зургийн уралдаан зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Уралдаанд 8-16 хүртэлх насны хүүхдүүд оролцоно.
- Гар зургийн аль ч төрлөөр оролцож болно.
- А3-аас дээш хэмжээтэй цаасан дээр зурсан байна.
- Зургийн ард өөрийн Овог нэр, Нас, Хаяг, Холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
- Баяр эзэлсэн оролцогчид уралдааны шагнал гардуулах ёслолд өөрөө болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт заавал хүрэлцэн ирнэ.
Уралдааны шагналын сан:
Нэгдүгээр байр: Япон улсад аялах, Дисней лэнд үзэх эрх
Хоёрдугаар байр: Iphone X гар утас
Гуравдугаар байр: 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Шагналт байр: 2 хүүхэд тус бүр 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг
Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
Уралдааны материалыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р эмийн сан, “Кёкүшю тауэр”-ын 1 давхарт хүлээн авна.
Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан байна.
Ойд зориулсан чансаа өндөртэй шилдэг 128 бөхийн барилдааны үеэр үзэгчдийн дунд 10 азтан шалгаруулах бөгөөд сүпэр азтан “Жалам хар” брэндийн мотоцикл, удаах 4 азтан тус бүр хагас сая төгрөг, азтай таван үзэгч тус бүр 200 мянган төгрөг хожино. Барилдааны үеэр урлаг, соёлын алдартнууд ая дуугаа өргөхөөс гадна өөр олон сонирхолтой сюрпризүүд үзэгч олныг хүлээж байна.
О.Сайхан