10 тэрбумын ашигтай ажилладаг "Монгол шуудан” компанийг хувьчлах гэж яарахын учир юун
УИХ
ямар ч байсан хуулийн хугацаандаа ирэх оныхоо төсвийг баталсан.
Тэгэхдээ 9.1 хувийн алдагдалтай төсөв баталчихаад байгаа юм. Уг нь
эхэндээ 9.9 хувийн алдагдалтай байсан ч бууруулж чадсан. Энэ нь орлогоо
нэмэхээр тооцсонтой холбоотой юм. Тэр дундаа өмч хувьчлалын орлогыг 50
тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ "Монгол шуудан” компанийг 20,
"Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр
хувьчлахаар болоод байгаа юм. Үүнээс гадна Төрийн банк, "Оргил” рашаан
сувилал, Хөрөнгийн бирж гээд хувьчлалд өртөх төрийн өмчийн компани, аж
ахуйн нэгжүүд цөөнгүй бий.
Тэр дундаас хамгийн их анхаарал татаж
байгаа нь "Монгол шуудан” компанийн хувьчлал. Энэ асуудал дээр УИХ-ын
гишүүдээс ганц дуугарч, эсэргүүцсэн нь Т.Аюурсайхан гишүүн. Бусад нь бол
нүдэн балай, чихэн дүлий суусаар, "Монгол шуудан”-г хувьчлахаар
болчихлоо. Хувьчлах хувьчлахдаа ердөө л 20 тэрбумхан төгрөгөөр шүү дээ.
Яаж
үнэлэхээрээ ингэдэг юм, бүү мэд. Тэгэхэд Төрийн ордны зүүн талд
байрладаг "Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх
үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлага худалдаагаар худалдаж, 24
тэрбум төгрөгийн үнэ хүргэсэн. Хотын төвд, А зэрэглэлд байрлалтай, 2698
м2 талбай бүхий эл газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн
дуудлага худалдаагаар эзэмшихээр болсон ч татгалзаж, Абдулын дараах
өндөр үнэ хэлсэн "Таван богд” группд эрх нь шилжсэн. Мэдээж газрынх нь
байршлаас хамаараад үнэд хүрсэн гэдгийг үгүйсгэхгүй л дээ.
Гэхдээ л
"Монгол шуудан” компани үүнээс бага үнээр хувьчлагдахаар болж байгаа нь
арай дэндсэн хэрэг биш үү. Хамгийн гол нь энэ компанийн дансанд есөн
тэрбум төгрөг байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн даваа
гарагт "Нүүдэл, шийдэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдээлсэн.
Нэвтрүүлгийн
энэ удаагийн сэдэв нь "Өмч хувьчлал” байсан юм. Тиймдээ ч нэвтрүүлгийн
үеэр тодорхой баримттай мэдээлэл өгсөн нь тэр. Ер нь бол мань хүн
"Монгол шуудан” компанийн 34 хувийг нь IPO гаргаад 6.1 тэрбумаар
борлуулчихсан. Тэр 6.1 тэрбум төгрөг дансанд нь байгаа. Дээр нь таван
тэрбум төгрөгөөр үнэлэгдэх марк байна. Марк гэдэг төгрөгтэй ижил
хэмжээнд бодогддог үнэт зүйл” хэмээн ярьж байсан. Ямар ч байсан энэ
компанийн дансанд багагүй мөнгө байгаа нь тодорхой байна. Дээрээс нь
жилдээ 10 тэрбумын ашигтай ажилладаг.
Энэ ашгийнх нь ихдээ л 60
хувь нь цалин хөлс, зардалдаа явдаг гэж байгаа. Тэгэхээр жилдээ дөрвөн
тэрбумын цэвэр ашгийг улсад өгч байна гэсэн үг. Ийм ашигтай ажилладаг,
төрөөс алдагдал гарлаа, өр дараад өгөөч гэж гуйдаггүй төрийн өмчит
компани хэд билээ. Бодох л асуудал.
Монголд өмч хувьчлал захиалгатай явагдаад байна уу
Төр
засгийнхан бол улсын төсөвт орлого оруулах үүднээс төрийн өмчит аж
ахуйн нэгжүүдийг хувьчилж байгаа гэх. Цаашлаад алдагдалтай ажилладаг
компаниудыг цэгцэлж, төрийн нуруун дээр ирдэг дарамтыг багасгах
зорилготой ч гэдэг. Үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа, хувьчлах
шаардлагатай компаниудыг хувьчлах нь зөв. Ер нь төр муу менежер гэдгээ
70 жилийн турш баталсан гэдгийг ухаантай хүмүүс хэлээд байгаа.
Тэгээд
ч 30-хан хүнтэй төрийн мэдлийн байгууллагын дарга 10 сая төгрөгийн
цалин авдаг жишээ хүртэл байгааг учир мэдэх, мэдээлэлтэй хүмүүс ярьж
байна. Энэ мэт асуудлыг цэгцлэх л хэрэгтэй. Гэхдээ "чоно борооноор”
гэгчээр энэ мэт асуудал ярьж байгаад хажуугаар нь далимдуулж, ашигтай
ажиллаж байгаа, хувьчилж болохооргүй газруудыг хувьчилдаг, захиалж авдаг
байдал гараад байна уу гэх асуулт байна. Бүр тодорхой хэлбэл, "Монгол
шуудан” компанийг хэн нэгний захиалгын дагуу тун хямдхан үнээр хувьчилж
байгаа юм биш биз.
Ер нь энэ хувьчлалын цаана МАН-ын нөлөө бүхий
улстөрч, бүр тодруулбал УИХ-ын гишүүн Сү.Батболд гэдгийг эх сурвалжууд
мэдээлж буй. Тиймдээ ч УИХ-ын гишүүд ганц үг ган хийхгүйгээр 20
тэрбумаар хувьчлахыг нь хоёр гараа өргөх шахан дэмжсэн ч байж болох. Уг
нь шуудангийн салбарыг төр өөрөө эзэмшиж байх ёстой юм. Хэрвээ үнэхээр
хувьчлах шаардлагатай гэж үзвэл 49 хувийг нь л хувьд өгнө биз дээ.
Төр
өөрөө 51 хувиа мэдээд байж байхад яадаг юм, ямар алдагдалтай ажиллаад
байгаа биш. Дээрээс нь төрийн нууцтай холбоотой мэдээлэл шуудангаар
дамждаг. Хэрвээ хувьчилчихвал энэ мэт мэдээлэл алдагдаж, асуудал үүсвэл
яах болж байна. Хамаагүй явуулаад байх юм уу. Явууллаа гэхэд нууцыг нь
хангах асуудлыг яах юм.
Өнөөдөр "Монгол шуудан”-гаар дамжуулаад
бүхий л хэвлэлийг Улаанбаатар хотод төдийгүй, хөдөө орон нутагт тарааж
байгаа. Хувьчилж авах хүмүүс нь гарч ирээд хэдэн хэвлэлийг боомилж
эхэлбэл яана. Энэ утгаараа "Монгол шуудан”-г хувьчлах асуудлаа эргэж
хармаар байна. Тэгээд 20-хон тэрбумаар шүү. "Монгол шуудан”-гийн
барилга, байршил, цаашлаад 330 суманд байгаа салбарын барилга,
байгууламж огт үнэлэгдэхгүй гэсэн үг үү.
Монголын бүхий л суманд
салбартай, байшин барилгатай ганц төрийн өмчит байгууллага байгаа нь
"Монгол шуудан”. 130 гаруй автомашинтай гэж байгаа. Энэ бүхэн нийлээд 20
тэрбум төгрөг боллоо гэж үү. Яав ч тийм байж таарахгүй. Ингээд бодохоор
"Монгол шуудан”-гийн хувьчлал цэвэр захиалгын дагуу яваад байгаа юм биш
үү. МАН-ын нэг нөхөр "Монгол шуудан”-г ийм хямд, бараг үнэгүй шахам
авчихаад олон зүйлийг "базаж” болохоор болно. Тиймдээ ч төсөвт 20
тэрбумыг оруулах нэрийдлээр луйвардаж авах гээд байна даа.
Н.Пунцагболд
Эх сурвалж: Монголын мэдээ сонин