Саяхныг хүртэл эрх баригч нам Засгийн эрх авсан даруйдаа хийдэг хамгийн анхны томилгоо бол Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан. Учир нь ялсан намын эдийн засгийн асуудал Эрдэнэттэй шууд холбоотой болдог.
Улстөрийн сонгуульд гаргасан зардлаа нөхөж авахаас эхлээд мөнгө босгох, хувьдаа ашиглах, танил талынхаа шахаанд хөрөнгө хаях зэргээр төрийн мөнгөөр туйлах "тайз” нь болж байсан юм. Тиймдээ ч "улстөрийн саалийн үнээ” хэмээн нэрийдсэн байдаг.
Гэтэл Эрдэнэтийг хувийн хэвшилтэй хамтарч эзэмшдэг болсон хойно энэ томилгоо олон сараар гацах төлөвтэй болоод байна. Хамгийн том шалтгаан бол шахааны бизнесийг нь хязгаарлаж, хяналт тавих хувийн хэвшлийнхэн 49 хувийг эзэмших болсонтой холбоотой.
ТУЗ-ийн долоон гишүүний гурвыг хувийн хэвшлээс бүрдүүлдэг. Тэдний нэг нь л татгалзахад үйлдвэрийн дарга томилогдохгүй. Тиймээс Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ тохиролцох нь нэн тэргүүний асуудал болоод байна.
Түүнчлэн хэдэн тэрбум төгрөгийн хэрэглэж ашиглахгүй бараа материал шахаж орхисон замбараагүй тогтолцоог төр биш хувийн хэвшлийнхэн л цэгцэлж, худалдан авалтад хяналт тавина. Тиймээс "саалийн үнээндээ” шахаа хийх боломж тас хумигдаж байгаа юм.
Өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн захирлаар томилчих хүн МАН-д олдохгүй байгаа нь Ж.Мөнхбат сайдын хэлсэнчлэн "хүний нөөцийн асуудал" огт биш, харин төрийн мөнгийг эвтэйхэн зувчуулж чадах мяндсан ухаантан тодрохгүй байгаатай холбоотой. МАН доторх фракцууд хүлээн зөвшөөрч, хувийн хэвшлийнхний шаардлагыг бүрэн хангасан хүн олно гэдэг гэгээнтний хойд дүрийг тодруулахаас хамаагүй ээдрээтэй асуудал болоод байна.
Ямартай ч хэн томилогдохоос үл хамааран, 49 хувийн санаачлага оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэрт цаашдаа шахааны бизнес нь үгүй болж, үр ашиг нь ихсэж, тэр хэмжээгээр ажилтан албан хаагчдын цалин тэтгэмж нэмэгдэх нь зайлшгүй юм.
Сэтгэгдэл