Өнгөрсөн долоо хоногийг цагдаагийн албан хаагчид ууланд төөрсөн таван настай хүүг эсэн мэнд оллоо гэсэн сайхан мэдээгээр угтаж, албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан цагдаагийн албан хаагчийг хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэж долоо хоногийг үдлээ.
Ууланд төөрсөн таван настай хүүг эсэн мэнд олов
Тодруулбал, Баянзүрх ууланд төөрөөд байсан таван настай хүүг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн 65, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар ажиллаж таван настай Б.Тамирыг хаднаас унаж, хөлөө хугалан, модноос дүүжлэгдсэн байдалтай байхад нь олж амь насыг нь аварсан юм.
Цагдаагийн албан хаагч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдлаа
Харин тэр өдөр буюу 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт этгээдүүдийн халдлагад өртөж харамсалтайгаар аа алдсан юм. Тодруулбал, залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар "Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг машинаараа чирж биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан байдаг.
Талийгаачийн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч, ахлах ахлагч цолтой нэгэн байв.
Түүнийг өнгөрсөн баасан гаригт НЦГ-ын байрнаас хүндэтгэлтэйгээр үдэн гаргасан билээ.
Улмаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд эмгэнэл илэрхийлж, улсын нөөц хөрөнгөнөөс 10 сая төгрөгийн тусламж үзүүлсэн юм. Мөн цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлд албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгох шийдвэр гарсан байна. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг нь шийдэж өгөхөө амалсан юм.
Булган аймагт нас барсан цагдаагийн хэрэгт ажлын хэсэг гарган шалгаж байна
Булган аймагт цагдаагийн албан хаагч нас барсан асуудалд талийгаачийн ар гэрийнхэн Иргэний нийгмийн төлөөллүүдийг буруутгаж буй. Учир нь талийгаач нас барахаасаа өмнө малын хулгайн хэрэг дээр ажиллаж байсан. Гэтэл тус хэргээр сэжиглэн саатуулсан этгээдийг өмгөөлөхөөр Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, тус цагдаагийн алба хаагчтай уулзсан байна. Уулзахдаа цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийж сайтад нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэнээс болж хэсгийн төлөөлөгч амиа алдахынхаа өмнө багагүй сэтгэл санааны хямралтай байсан талаар эх сурвалж мэдээлэв.
Улмаар сэтгэл санааны гүн хямралд орсон үедээ жолоо барьж яваад осолд орсон гэж үзэж байгаа аж. Осолдох үедээ ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг албаныхан онцолж байгаа юм.
Харин уг хэрэгт ЦЕГ-ын ажлын хэсэг Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаж байна. Учир нь цагдаагийн алба хаагчийн ажил үүргийн эрх чөлөөнд халдсан эсэх болон осол болсон шалтгаан гадны нөлөөтэй эсэхийг нарийвчлан шалгах аж.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу МУ-д айлчилж байна
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.
Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойллоо.
Айлчлалын үед Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцсон юм.
Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхлаа.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулсан юм.