Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мягмар гарагт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээв.
УГ АЛБАН БИЧИГТ:
Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурал 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна.
Төрийн эрх барих дээд байгууллага ийм үр дүнтэй ажиллаж байгаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, гол шалтгаан болохоос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн …сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг тус тус зөрчих нөхцөлд хүрнэ.
Ийм нөхцөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь хаах боломжгүй бөгөөд чуулганы хугацааг зайлшгүй сунгаж, шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох зэрэг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага маань баталсан хууль, тогтоомжоо үлгэрлэн хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллах ёстой. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 69 дүгээр тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, зохих түвшинд нь хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх нь Улсын Их Хурлын даргын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарна.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.
---------------------------------------------------
2. Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ
Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна.
Засгийн газрын хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Одоогийн журмаар төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, менежерийн болон гүйцэтгэх албан хаагчийн гэрээг бүтэн жилээр дүгнэж байгаа. Үүнийг шинэ журмаар өөрчилж, хэрэгжилтийг улирал тутам, явцыг бүтэн жилээр дүгнэнэ. Ингэснээр үнэлгээ илүү бодитой болж, сайн ажилласан бол цаг тухайд нь урамшуулж, хангалтгүй бол хариуцлага тооцож байх юм.
Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, туршлагыг нь дээшлүүлэх, шатлан дэвшүүлэх, хөгжүүлэх, ажлын байранд сургах зэрэг боломж бүрдэж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилт хангагдана.
-------------------------------------------------
3. Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан төслийн гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулан байгуулахаар болов.
Төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэх, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банктай нэн даруй байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна.
Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.
Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.
Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ.
Налайхын зам нь Улаанбаатар хотыг зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол гарц зам юм.
Энэ замыг 1959 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэл хийгээгүй учир чанар нь муудсан. Мөн ачаалал эрс нэмэгдсэнээс байнга осол гарч эрдэнэт хүний амь нас үрэгдэн, эд материалын хохирол учирч байна.
------------------------------------------
4. ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийжээ
Ж.Чинбүрэн даргатай Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийж дуусчээ. Манай мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн ирээд байгаа аж.
ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах зорилгоор ХСҮТ, Самсунг элекртоникс болон Самсунг эрүүл мэндийн төв хамтран “Би элгэнд хайртай” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 2017 болон 2018 оны турш Солонгос эмч нар 2 удаа хүрэлцэн ирж хэд хэдэн хагалгаанд оролцон Монгол эмч нарт сургалт хийсэн юм. Мөн ХСҮТ-өөс 15 эмч БНСУ дахь Самсунг эрүүл мэндийн төвд 30 хоногийн сургалтад хамрагдсан.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд ХСҮТ-ийн эмч нарын баг Солонгос улсын Самсунг эрүүл мэндийн төвд хүсэлт гарган хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч нараа сургаж эхэлсэнтүүхтэй. Улмаар Солонгос улсаас гадна Энэтхэг, Франц, Австри, Америк, Япон, Тайвань, Орос, Казахстан зэрэг орнуудад сургалтад удаа дараа хамрагджээ.
Ийнхүү амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажлууд 2011 оноос эхэлж 2017 оны 10 сард дууссан ба 2018 оны 1 сарын 28-нд ХСҮТ дэх анхны элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж байсан юм.
---------------------------------------------
5. Талийгаач Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хуралд Консул Г.Бямбасүрэн оролцжээ
Монгол Улсын иргэн Малайз Улсад амь насаа алдсан хохирлыг барагдуулах иргэний шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус улсын нийслэл Куала Лампур хотноо эхэлсэн билээ. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс итгэмжит төлөөлөгчөөрөө ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг оролцуулж байна. Уг хэргийг шүүх хурал олон удаа хойшлогдож байсан бөгөөд энэ удаагийн хурал 10 хоног үргэлжлэх юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл уг шүүх хуралдаанд оролцсоныхоо дараа хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ "Манай байгууллага энэ цочирдом, аймшигт аллага болсноос хойшхи бүхий л хугацаанд, өнгөрсөн 12 жилийн хугацаанд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байж, хамтран ажиллаж ирсэн. Малайзын шүүх тогтолцоог ажиглахаар Монголоос хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр Монголын ч, Малайзын ч, аль улсын ч иргэн, ялгалгүй үнэ цэнэтэй.
Хүний амь нас бол юугаар ч орлуулшгүй, үнэт зүйл. Энэ утгаараа уг асуудал зөвхөн Монгол, Малайз улсын хоорондын асуудал биш бөгөөд шударга ёсыг эрэлхийлж буй дэлхий дахин биднийг өнөөдөр харж байна. Шударга ёс ялна гэдгийг өнөөдрийн Малайзын шүүх тогтолцоо харуулна гэдэгт итгэж байна. Малайзын шүүхээс хохирогчдын нэхэмжлэлийг олгож, гагцхүү дотоодын хууль тогтоомжоо дагаад зогсохгүй нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна. Малайз, Монгол аль аль нь Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орнууд учраас нэгдэн орсон олон улсын гэрээг дагаж мөрдөх үүрэгтэй" гэсэн байна.
Малайз Улсын хэвлэлүүдэд энэ талаар өргөн дэлгэр мэдээлж байгаа бөгөөд олон нийтийн зүгээс ч хүлээлттэй байгаа аж. “Удаан хүлээсний эцэст шүүх хурал сая эхэлж байгаа нь сайн хэрэг. Хэрэг явдал 2006 онд болсон атал 12, 13 жил хүлээсний дараа эхэлж байгаа их удаан хүлээгдсэн хэрэг болж байна. Хэргийг бүхэлд нь 2 долоо хоногийн дотор шийдэх боломжтой эсэхийг бид хэлж мэдэхгүй байна. Учир нь дуудагдах гэрч олон бий. Гэхдээ ядаж л шүүх хурлыг эхлүүлж байгаа нь сайн хэрэг” хэмээн бичиж байна.
Монгол улсаас Тайланд улсад суугаа Элчин Сайдын Яамны Консул Г.Бямбасүрэн шүүх хуралдаанд мөн оролцсон байна.
------------------------------------------
6. М.Энхболд: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ирэх мягмар гаригт хэлэлцэнэ
УИХ-ын дарга М.Энхболд Баасан гарагт төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаралтай горимоор хэлэлцэх журманд оруулдаг. Захирамж гарч байж энэ асуудал шийдэгдэх ёстой. Энэ асуудлыг өнөөдөр 15.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай зөвлөлдөөд ирэх долоо хоногийн мягмар гаригт 09.00 цагаас ТББХ-г хуралдуулж, 10 цагаас чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаар санал солилцсон.
Энэ асуудлыг ирэх мягмар гаригт хэлэлцэх шалтгаан бий. Хуулийг хэрэглэхдээ Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ хуулийг хэрэглэх заалттай. Тэгэхээр ирэх даваа гаригт Төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдэнэ.
Би сандал ширээтэйгээ зууралдаад байгаа юм байхгүй. Хуулийн дагуу огцроход бэлэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ. Дараагийн УИХ-ын даргыг Цагаан сараас өмнө томилуулах хугацааг ч тооцсон байгаа" гэсэн юм.
http://www.zaluu.com/read/2h1h34g8c