- ШXAБ-д элсэнэ хэмээн хөнөглөхөд хагас жил үлдлээ
2019 оны ШХАБ-ын даргалагч нь Киргиз байгаа. Бишкект дараагийн ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX саммитыг угтуулаад Монголд ямар ажил өрнөхийг би ойлгож мэдэрч байна. “ШХАБ-д элслээ” хэмээн Монголын төр-засгаас зарлахыг анаад хойд хилийн цаахна оросын зам, барилгын бригадууд хамаг багаж техниктэйгээ хүлээж байгаа, өмнөд хилийн цаахна хятадынх ч мөн адил. Элсэнэ гэмэгц нь тэд хил давж орж ирээд хоёр талаас нь угтуулаад төмөр зам, засмал тавиад, араас нь хийн хоолойн бригад айсуй. Тэгэхлээр элсэнэ гэсэн ганцхан үг л хэрэгтэй, юу нь харам байнав?
Ажил хийх дургүй монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээний тод жишээг би хэлхэн бичиж байна. Яг л ийм ойлголттой дээрээ ч, доороо ч хөнөглөж хөөрцөглөдөг, 2018 онд тэгсэн, 2019 онд яг тэгнэ. Жилдээ Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүд нь тус тусдаа цуглаад сүрлэг зөвлөлгөөн хийх нь олон монгол хүний сэтгэлийн үзүүрийг хөдөлгөдөг байх. Энэтхэг, Пакистан хоёроос бид дор орлоо, хоцорлоо, ШХАБ-д дэлхийн хүн амын төд нь, дэлхийн эдийн засаг, зах зээлийн төд нь төвлөрөөд байхад би сугарч хоцорлоо – манайхны ээлжит гонгиноон, хор шар нь тэр.
ШХАБ дахь Монголын өөрийн өвөмөрц өнцөг юу байж таарах вэ? Бид чинь ШХАБ-ын гишүүн орнуудаас юугаараа ялгарах ёстой вэ? ШХАБ дахь Монголын байр суурийг тодруулахад нэг талаас тун амархан, нөгөө талаас тун хэцүү, бүр эмзэг.
ШХАБ цэгцэрч, нэг чигт хандсан, зангидсан гар шиг олон улсын байгууллага болтлоо хол байгаа нь ШХАБ-ыг олон улсын томхон “базаар” мэт харагдуулахаар. Юун эдийн засгийн интеграц, Азийн дэд бүтэц вэ? Сураг ч алга.
Монгол нь Төв Азийн ба лалын бүс нутагт ямар нэг онцгой, ердийн ямар ч ашиг сонирхол байхгүй. Тэндхийн үйл явдалд оролцох сонирхол, бололцоо байхгүй. Гишүүн, ажиглагч, түнш, урилгатай, өргөдлөө өгсөн лалын тэр олон орнуудтай нэг форум институц дотор хамтран ажиллахад Монголд сонирхол, боломж байхгүй. Энэ утгаар гишүүдийн тоог механикаар нэмэхгүй байх Хятадын байр суурийг бид ойлгож, дэмжих хэрэгтэй юм.
Циндаод ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII саммит явагдаад хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн интеграц, дэд бүсийн ба бүтээн байгуулалтын төслийн талаар ямар нэгэн хамтын ажиллагаа өрнөсөнгүй. Харин олон төрлийн хурал, ассамблей, их наадам, хэлэлцүүлэг өрнөсөн байна. Манайхны хувьд яг онцлох ямар үйл явдал өрнөв? Лав хоёр улсын статус яригдлаа.
2018.09.18-нд Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяровын Бээжинд ШХАБ-ын ЕНБД Рашид Алимовд бараалхан ШХАБ-ын ажиглагч болохыг хүссэн өргөдлөө өргөн барьжээ. Тус улс яриа хэлэлцээний түнш болох үйл явцаа 2016 онд баталгаажуулаад, одоо шат ахиж статусаа ахиулах болж байна. Яриа хэлэлцээний түнш болохыг хүссэн Саудын Арабынхүсэлтийг 2018.10.18-нд хүлээн авлаа. Цаашдаа иймэрхүү өргөдөл хэдийг ч хүлээн авч мэднэ.
Энэ хугацаанд манай талаас ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Душанбед очиж оролцлоо. Харин ШХАБ-д Монголыг элсүүлнэ гэх хоёр хөршийн горьдлого итгэлийг сөрсөн байж мэдэх алхмыг манай тал гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд амжилттай хэрэгжүүллээ.
Үүргээ гүйцэтгээд жил гаруй болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гадаад бодлогын үйл ажиллагааны үл мартагдах гавьяа зүтгэлийг (Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын идэвхи санаачилга голлоно) энд ШХАБ-тай хослуулан тайлбарлахаас аргагүй болж байна. Энд би Монгол-Америк, Монгол-Японы харилцааны шинэ дэвшлийг хэргээр нэрлэе.
“Би чинь юу хийчэх вэ?” хэмээн Богд тамгаа дарчихаад өөрөөсөө асуудаг үзэгдэл “Хатанбаатар” кинонд гардаг шиг “Бид чинь юу хийчэх вэ?” хэмээн ШХАБ руу уриалагсад өөрсдөөсөө асуугаад үз дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д 2018 оны намар хийсэн албан ёсны айлчлалын агуулга, үр дүнг ШХАБ дахь хоёр их хөрш маань таалсан хэмээн бодож өөрийгөө уучилж байвал түүн шиг том эндүүрэл байхгүй.
Монгол Улсын ГХЯ-ны албан ёсны mfa.gov.mn сайтаас эшлэе. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилд Монгол, Америкийн харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол оронд өрнөсөн ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх ард түмний хүсэл эрмэлзлийг АНУ-ын үе үеийн засаг захиргаа, ард түмэн тууштай дэмжиж, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг даван туулахад дэмжиж, тусалж байсан ачийг монголын ард түмэн ямагт санаж явдгийг Дэд Ерөнхийлөгчид хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотны түнш орон болохыг нотлохын сацуу манай хоёр орны цэрэг, энхийг сахиулагчид дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байгааг тэмдэглэв. Дэд Ерөнхийлөгч М.Пэнс Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн Компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцлов. М.Пэнс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэв гэжээ.
Уг айлчлалын тухай Хамтарсан мэдэгдэлд АНУ-ыг «чухал гуравдагч хөрш», «дотнын анд», «чухал түнш орон» хэмээн бүр тодоор нэрлэжээ. Бидний салах дургүй тэрхүү “чухал гуравдагч хөрш”, “дотнын анд”, “чухал түнш орон”-той чинь ОХУ өнөөдөр дайтах дээрээ тулсан маш ноцтой харилцаанд шилжээд байна. Монгол-Америкийн харилцааг салбараар эрэмбэлвэл улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын гээд жагсаж байна. “Батлан хамгаалах” гэдэг нь жагсаалтын бараг эхэнд байна. Тэгтэл батлан хамгаалахын тийм сайн харилцаатай, Афганистанд нэг командлал дор хамтран алба хааж, үүрэг гүйцэтгэж буй тэр гүрэн Орос хоёр өнөөдөр ямар хэмжээнд харилцаагаа муутгаад бүр шалд нь унагав? Хятад-Америкийн харилцаа ч тун амаргүй сорилт туулж байна.
Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэлд: Америкийн тал Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь албаа урт хугацаанд нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 2018 оноос хойш үргэлжлүүлэн оролцоно хэмээн хүлээж байгаагаа илэрхийлэв гэсэн заалт байна.
Манай улс үг дуугүй, олон санаа оргож босохгүйгээр Америктай “дайчин нөхөрлөл”-өө бэхжүүлээд явах нь тодорхой байна. Гэтэл тэр улстай чинь ШХАБ-ын хөтөч ОХУ өнөөдөр зэр зэвсэг хангинуулж, шууд биш гэхэд дэлхийн аль нэг хэсэгт (жишээ нь Сирид!) зэвсэгт мөргөлдөөн өдөөхөд яг бэлэн болсон байна.
ШХАБ-д Монгол Улс жинхэлсэн тохиолдолд ийм ноцтой мөргөлдөөнд Оросын талд зогсохоос өөр гарцгүй болно. Тэгж ч шаардах болно. Тэр зүй ёсных юм. Би Оросыг буруутгаж чадахгүй. Олон талаасаа хавчигдаад маш олон санкц тавиулчихсан Орос оронд өнөөдөр холбоотон л хэрэгтэй болохоос ердийн хөрш түнш нь чамлагдана, тэр гарцаагүй. Тийм холбоотныг төрүүлэх гарц боломж нь ШХАБ, ОДКБ хоёр л байгаа.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсад айлчилснаар Орост бас нэг шинэ холбоотон гараад ирлээ, Путин ба түүний генералууд явж явж Улаанбаатарыг өөрийн цэргийн лагерь руугаа чирч оруулахааршийджээ гэхчлэн польшийн геополитик судлалынтинк-танк хүрээлэн – Warsaw Institute Foundation дүгнэснийг оросоор гардаг asiarussia.ru сайтад биччихсэн байх юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын тухай Хамтарсан мэдэгдлийг эргээд нэг сөхөөд үзвэл Орос-Америкийн харилцаа онц ихээр хурцатсан өнөө цаг үед манай улс аль болох ухаалаг, эвийг нь олсон, хэрэг дээрээ төвийг сахисан байр сууринаас их гүрнүүдэд хандахаас аргагүйг дахин нотлосон мэт сэтгэгдэл төрөхөөр. Тэрхүү мэдэгдэлд:
- Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоогүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав
- хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов
- АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов
- Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов гэхчлэн нэн тодорхой заасныг энд дахин эшлэе.
Манайхан анзаарахгүй өнгөрсөн байх. Оросуудын зүгээс эмзэглэсэн, эсэргүүцсэн явдал ил харагдсангүй. Монгол Улсын Ерөнхий сайдын Вашингтонд айлчлан очиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлээ зарлан тунхагласан тэр өдөр бол ОХУ-АНУ-ын харилцааны хамгийн “хар өдөр”, тухайлбал «Санкц тавих замаар Америкийн дайснуудыг эсэргүүцэх тухай» (CAATSA буюу Тhe Countering America’s Adversaries Through Sanctions Act) хуулийн 231(d)-д заасан санкцын жагсаалт нийтлэгдсэн, Оросын цэрэг-аж үйлдвэрийн комплекс (томхон нь Ростех, Рособоронэкспорт, МиГ, Сухой, Туполев нисэх онгоцны нэгдсэн корпораци гэх мэт) бараг бүхэлдээ шахуу, цаашлаад Оросын тагнуулын ба сөрөх тагнуулын алба, тусгай албадтай холбоо бүхий компаниуд, хувь хүмүүс (27 хүн) тэрхүү жагсаалтад хориг тавиулахаар нэр заагдсан, тиймдээ ч оросын нэр нөлөө бүхий сонинд энэхүү “2018.09.20”-ыг “1941.06.22”-той харьцуулаад зүйрлүүлээд биччихсэн байх нь анхаарахгүй өнгөрч болохгүй баримт юм.
Бүр гайхалтай нь АНУ тэр өдөр мөн БНХАУ-ын эсрэг анх удаагаа санкц тавьжбайгаагаа зарласан. Мөн л «Санкц тавих замаар Америкийн дайснуудыг эсэргүүцэх тухай» (CAATSA) хуулийн 235(a)-д заасан санкцын жагсаалт гэдэгт зэвсэглэл, цэргийн техникийн салбарт хамаарал бүхий хятадын төрийн байгууллагууд нэр заагджээ. Тэдгээр нь Оростой зэвсгийн наймаа эрхэлдэг, оросын пуужин (C-400), нисэх онгоцыг (Cy35) худалдан авдаг, нутагтаа заримыг нь үйлдвэрлэдэг бүтээдэг байгууллага, нэр бүхий цэргийн шинжлэх ухааны зарим зүтгэлтний нэр дурайж байх аж.
ШХАБ-ын хоёр тулгуур гишүүн, манай хоёр их хөрш улсын эсрэг гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон болох АНУ-аас авч байгаа хатуу арга хэмжээний тухай энд ярьж байна.
Энд Монголыг ШХАБ руу уриалан дууддаг, тэр дундаа шахдаг ОХУ-ын маань эсрэг АНУ томоор хөдөлж, түүндээ Хятадыг чирч оруулж байгааг баримтжуулж байна. Оросоосоо ч, америкаасаа ч салах дургүй, хоёулантай нь хослуулаад байх хүсэлтэй монголчууд бид 2008-2013 онд АНУын МСК-ийн эхний компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч хэрэглэсэн, МСК-ийн хоёр дахь компакт гэрээгээр буцалтгүй тусламж хэлбэрээр 350 сая ам.долларын санхүүгийн тусламж авна. Чамлахаар тоо биш.
Ийм нөхцөлд АНУ-ын санкцыг эсэргүүцэж хоёр хөрштэйгээ эв санааны нэгдэлтэй байх гээд хөдөлбөл ямар үр дүн гарах вэ? Энэ талаар бид сэтгэж байгаа юу? Сэтгэх шаардлагатай болсон юм биш үү? Эсвэл ОХУ-ын шахалтад орж АНУ-ын эсрэг ямарваа тогтоолын төсөлд (НҮБ-д) санал өглөө гэж төсөөлөөд үз дээ. Монгол-Америк, Монгол-Өрнөдийн харилцаа юу болж хувирах вэ гэдгийг бид огтоос тооцоолоогүй, төсөөлөх ч үгүй байна.
Ингэхэд хойд хөрш маань ямар нэгэн томхон дайн мөргөлдөөнд илэрхий бэлтгэж, хоёр хөрш маань цэрэг-зэвсгийн салбарт нягт хамтран ажиллаж, тэрхүү хамтын ажиллагаа нь манай улсын гуравдагч хөрш хэмээн өндөр ач холбогдол өгсөн АНУ, түүний холбоотнуудын эсрэг улам бүр чиглэх болж байгаад давхар анхаарал хандуулахгүй бол болохгүй болж байна.
ШХАБ-ын зүтгэлтэн, түүний нэг үндэслэгч Нурсултан Назарбаев Astana Clubгэх хэлэлцүүлэг дээр ийн сэрэмжлүүлсэн байна: –АНУ, Орос, Хятадын геополитикийн идэвхтэй өрсөлдөөн эдгээр улсуудын хооронд цэргийн мөргөлдөөнд хүргэж магадгүй. Их Евразийн талбарт сөргөлдөөн хурцадлаа. Түүхэн тоглогчид эртнээс өрсөлдөж байгаа ч сүүлийн жилүүдэд тэдний хооронд нэн ноцтой байдал үүсч, хянагдахгүй болох нь байна. Одоо бол өргөн хэмжээний хямрал хэзээ ч дэгдэж болохоор боллоо. Зөрчил мөргөлдөөний магадлал улам бүр бодитой боллоо. Тэр нь өргөн хэмжээний мөргөлдөөн болж даамжрах боломжтой. Хямралын нөхцөл байдлыг дутуу үнэлэх, буруу тооцох нь цэргийн мөргөлдөөнд хүргэж магадгүй хэмээн Казахстаны Ерөнхийлөгч ярьжээ.
Америкийн талаас ч «бүхнийг хамарсан хүйтэн дайн» гарцаагүй боллоо гэдгийг Дэд ерөнхийлөгч Майк Пенс хэлээд тавьчихжээ. Хятад руу хандуулаад хэрэв бодлогоо үндсээр нь өөрчлөхгүй бол гэж байгаад «бүхнийг хамарсан хүйтэн дайн»-аар заналхийлсэн байх юм. Тэрхүү «хүйтэн дайн»-ыг АНУ ба холбоотнууд нь дэгдээнэ, тэгүүлэхгүйн тул эдийн засаг, цэрэг, улс төрийн үйл ажиллагаандаа өөрчлөлт хий, шийд, эс тэгвэл АНУ эдийн засаг, дипломатын, улс төрийн даралт шахалт үзүүлэх болно. Хятадын эдийн засаг тийм ч лут биш, АНУ-ын эдийн засаг Хятадын тэлэлтийг тогтоон барих хангалттай хүчтэй. Ямар ч тохиодолд бид ялахаар байр суурин дээр байна –АНУ-ын Төрийн тэргүүний орлогчийн хорлонтой үгс. Америкийн генерал, Европ дахь цэргийн командлагч асан Бен Хожес таамаглажээ. АНУ, Хятад хоёр 15 жилийн дараа дайн өдөөж болзошгүй. Тийм учраас АНУ Европт маш бат бэх тулгууртай байх ёстой гэжээ.
Эсрэгээр хоёр хөршийн өөр нэг байр суурь. “Хятад, Орос хоёр хамтран АНУ-ын дарамт шахалтын эсрэг зогсох ёстой, америкийн батлан хамгаалах шинэ стратеги нь Хятад, Оросыг АНУ-д учрах аюул занал хэмээн үзэж байна. АНУ өрнөдийн орнуудтайгаа хамт Европын хэсэгтээ Оросыг тогтоон барьж, харин Азийн хэсэгтээ Хятадыг тогтоон барьж байгаа юм байна. АНУ саяхан Сирийн хойд хэсэгт хилийн аюулгүй байдлын хүчнээ байгуулахаар санаархлаа. Иймд өөр өөрсдийн бүс нутагтаа төдийгүй, даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд Хятад, Орос хоёр глобал аюулын эсрэг, АНУ, түүний холбоотнуудын зүгээс учрах өдөөн хатгалгын эсрэг хамтран тэмцэх шаардлагатай боллоо” хэмээн Москвад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе хятадын армийн хошууч генерал Куй Яньвэй ОХУ-ын Холбооны Зөвлөлийн батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны дарга Виктор Бондаревтой уулзахдаа маш тодорхой ярьж байснаас үзвэл Орос-Хятадын цэргийн хамтын ажиллагааны чиглэл зорилго, цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтын цаад логик нэн тодорхой харагдахаар байна. Хятадын генерал Куй Яньвэй манай “чухал гуравдагч хөрш”, “дотнын анд”, “чухал түнш орон”-ыг чинь л нийтийн дайснаараа нэрлээд байгаа хэрэг шүү дээ.
Дайны гал өрдөхөд улам бүр ойртоод буй тухай азнаад эдийн засаг руу орж ярья. Эрхэм У.Хүрэлсүхийн айлчлалыг л тольдоод байгаа хэрэг шүү дээ. “Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг стратегийн түвшинд хүргэхийг зорьж байгаагаа нотолж, энэ зорилгын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшин рүү ахиулж байгааг нотолж, “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг тохиролцов. Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн, АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресст өргөн бариад байгаа билээ” гэсэн заалт албан ёсны мэдээлэлд нь байна.
Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалын “Олон улсын худалдаа” хэсэгт “Монгол Улс болон АНУ нь Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө тууштай байж, талууд ДХБ-ын хүрээнд зах зээлийг нээхэд үр дүн гаргах талаар хамтран ажиллах үүрэг хүлээснээ дахин нотлов”, мөн “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хэсэгт “Талууд өөрсдийн оролцоог илүүтэй хангасан, хөгжин цэцэглэсэн, зах зээлд суурилсан, эдийн засгийн сөргөлдөөнөөс ангид бүс нутгийн төлөөх нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо дахин нотлохын сацуу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тавцанд зохих мэдээлэл солилцох, хамтарч ажиллах замаар харилцан дэмжлэг үзүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв”, “Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт” хэсэгт “Хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх Ил тод байдлын хэлэлцээрээр хүлээсэн тус тусын үүргээ бүрэн хэрэгжүүлэх замаар хоёр талын худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлэлээ дахин нотлов” гэсэн заалтууд худалдааны дайны гал өрдөөд буй манай өмнөд хөрш, АНУ-аас байнгын санкцын дарамт амсаж буй Оросын гадаад худалдааны бодлоготой хэр зохицолдох бол, энэ талаар бидэнд судалгаа ба нөөц бодлого байна уу?
Opoc-Хятадын ямар нэгэн альянсын тухай Д.Трампын Засаг захиргаа ярьсаар хардсаар байна. Тэр нь «Санкцын эсрэг альянс»байх бүрэн магадлалтай гэж байна. Америкийн ба өрнөдийн хязгаарлалтыг тойрч эдийн засгийн өндөр технологийн салбар хурдтай хөгжүүлэх нь тэрхүү альянсын зорилго байх тухай өрнөдөд төсөөлж байна.
Хэрэв эдийн засгийн доройтол, ядууралдаа автаад ШХАБ-д жинхэлдэг дараа нь хоёр хөршөөсөө тусламж гуйж царай алддаг, хариуд нь Монгол-Америкийн яриа хэлэлцээний механизмуудыг (Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт; Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой хэлэлцээрээр тохирсон уулзалт; Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалт; Монгол руу чиглэсэн худалдааны итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон бусад худалдааны төлөөлөгчид хоорондын бизнесийн уулзалт гэх мэт), бүр хэтрээд Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлээ цуцла гэвэл бид хаашаа харж, хэнд хандаж гонгинох вэ?
Энд хөндлөнгийн боловч тойруу замаар хамаарч болох эшлэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос татъя. Тэрээр “Сербийн телеграф” сонинд ярилцлага өгөхдөө “Өнөөдөр Балканыг Оросын эсрэг бас нэг түшиц болгох идэвхтэй оролдлого хийгдэж байна. Москватай хамт уу, эсвэл Вашингтон, Брюссельтэй хамт уу гэдэг сонголт хийхийг бүс нутгийн орнуудаас улайран шаардаж байна. Ийм тулгалтын эсрэг итгэлтэй сөрөн зогсож, Оростой харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх олон тулгуурт бие даасан гадаад бодлогоо хадгалж байгаа серб ахан дүүсийнхээ үйл ажиллагааг Москва өндөр үнэлж байна” гэжээ.
Ерөөсөө хэнийг дагах вэ чи гэсэн тулгалт л ОХУ хийж байгаа нь илт байна. Балканы хойгт яг ийм байр сууринаас хандаж байна. Яг ийм өнцгөөсөө Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрчихсэн Монгол-Америкийн харилцааг эрүүл нүдээр харж чадах уу даа гэх асуулт урган гарах мэт.
АНУ-тай Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшингээ зарлаад тун удаагүй байхдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд айлчилж гадаад бодлогынхоо дараагийн нэн чухал ялалтыг байгууллаа. Гуравдагч хөршийн бодлого гэх өнцгөөс би тэгж нэрлэж үнэлж байна.
“Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс,Япон Улс хоёр” гээд эхлэх тэр мэдэгдлийн агуулга манай гуравдагч хөршийн бодлогыг дахин тунхаглажээ гэмээр. Манай улс Японыг бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй, Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов гэсэн нь, мөн “харилцан уялдаа холбоотой” гэсэн нь нэг бодлого, нэг дуу хоолойтой байхШХАБ-ын үзэл санаатай тэр бүр нийцэх үү? Нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэх “Шанхайн үзэл санаа” хөгжүүлэх тухай Циндаод дээд түвшинд яригдсаныг би тэгж хэлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын мэдэгдэлд, 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв гэсэн байх ба цэрэг-улс төрийн хувьд хоёр хөрш оронтой яг одоо илд зөрүүлэхийн босгон дээр буй Японтой тогтоосон харилцаагаа бид “улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг” хэмээн эрэмбэлсэн нь гадаад бодлогоо ил зарлаж хэрэгжүүлдэг Оросын хувьд лав таатай байхгүй болов уу. Цаашхи мөрүүд ч таагүй уур амьсгалыг дэвэргэх шалтаг болж болзошгүй: Японы БХЯ-наас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн 6 жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацуу Монгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв гэжээ.
Газар нутгийн маргаанаас болж Дорнод Хятадын тэнгист мөргөлдөхдөө тулж буй, Японы өөрийгөө батлан хамгаалахын статусыг нь ахиулаад шууд батлан хамгаалах цэргийн номлол руу шилжиж буй хэмээн хардаж, байнга хэрүүл өддөг Хятадын хувьд дээрхи үгс өгүүлбэр ямар сэтгэгдэл төрүүлэх бол?
Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын байр сууриа нотлохдоо: Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв гэсэн нь нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, дуу хоолойгоо нэгтгэх “Шанхайн үзэл санаа”-тай шууд харшилна. Энэхүү “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” гэдэг нь Евразийн үзэл санааны тухай Орос, Хятадын (ялангуяа Орос) бодлогыг сөргүүлж, Хятад ба Оростой хүчний тэнцвэр барих зорилгоор АНУ-аас дэвшүүлж буй шинэлэг үзэл баримтлал бөгөөд Японыг АНУ стратегийн холбоотноороо энэ бодлогодоо шууд татан оруулаад байгаа бол Япон нь бүс нутгийн түнш Монголоо энэ удаа татан орууллаа хэмээн хоёр хөршөөс хардаж магадгүй юм. Бараг ч хардсан байх.
Цаашлаад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ гэсэн нь НҮБ-д Орос өөрийн холбоотноо хайж буй энэ цаг үеийн уриа дуудлага мөн үү гэх хардлага, гоморхол Москвагаас цухалзаж магадгүй. Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов. Усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов гэсэн нь Өмнөд Хятадын тэнгист тэр хавийн улс орнуудтай газар нутгийн маргаантай асуудал дэгдээгээд буй Хятадын байр суурийг далдуур онилсон, шүүмжилсэн байх магадлалтай хэмээн БНХАУ хардаж магадгүй юм.
Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв гэсэн нь Монгол Улс ШХАБ-аасаа өөрөөр, илүү давуулж бүс нутгийн олон улсын өөр институц эрэлхийлж байдаг, гадаад бодлогын олон асуудал дээр Японыг “нэгдмэл үнэт зүйлс”-ээрээ дэмжих юм байна гэх сэтгэгдэл төрүүлж болох юм.
ШХАБ руугаа орж ярья. Олон терроризмын эсрэг ажиллуулах гол эвсэл хэмээн бид түүнийг төсөөлж буй. Гэвч ШХАБ дотроо БНХАУ өөр нэг хувилбар гаргаад иржээ. Тэр тухай элдэв мэдээлэл цацагддаггүй байсан ч оросын стратегичид овтой нь аргагүй олж хараад “Хятадын халаасны бас нэг эвсэл ШХАБ дотор үүслээ”, “ОДКБ-г хүчгүйтүүллээ” хэмээн хардаж эхэлжээ. Тэрхүү эвсэл нь 2016 оны 8 дугаар сард Хятадын санаачилгаар Хятад, Тажикистан, Пакистан, Афганистаны бүрэлдэхүүнтэй байгуулагдсаныг саяхан л олж мэджээ. Оролцогчид нь нуугаад байсан мэт сэтгэгдэл төрөхөөр оросын хэвлэлд бичсэн байх юм.
Тэрхүү шинэ эвслийн зорилго нь бүс нутагт терроризмтой тэмцэх, тогтвортой байдлыг бэхжүүлэх. ШУӨЗО-ы нийслэл Өрөмчид 4 улсын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар зөвлөлгөөн зохион байгуулахдаа энэ эвслийг байгуулсан, хэрэг дээрээ бүрэн утгаараа цэргийн эвсэл байгуулах томхон алхам, эвслийг мэдээж Хятад толгойлно, үлдэх гурван улс нь дагалдана, гол нь Хятадын гол холбоотон Пакистан ШХАБ-д жинхлэх гэж байгааг угтуулж, түүнтэй тусдаа параллел хамтын ажиллагаа өрнүүлэх нь Хятадын зорилго гэж үзэхээр явдал болжээ. Терроризмтой тэмцэх гэдэг утгаар хамтын ажиллагаагаа томъёолжээ. Терроризмтой тэмцэх кадруудаа хамтран бэлтгэнэ, тэмцэх потенциалаа байнга өсгөнө, хамтарч антитеррорист хээрийн сургууль, гэгээрүүлэх семинар зохион байгуулна, контртеррорист стратеги ба практикийн асуудлаар хамтран шийдвэр гаргана, жилдээ дор хаяж Жанжин штабын дарга нарын нэг удаагийн зөвлөлгөөн хийнэ, арми болоод хилийн цэргийн хамтарсан дадлага сургууль хийнэ гэхчлэн заажээ.
Хятад-Тажикийн хоёр талын цэргийн дадлага сургуулийг онцолж байна. Хятадуудын анхлан олж нэрлэсэн гурван хорт хүчин – экстремизм, терроризм, сепаратизмд өртөх магадлалтай гэдгээр Тажикистанд өндөр ач холбогдол өгч харилцаж байх бололтой. Нөгөө хоёр нь тэртэй тэргүй экстремизм, терроризмд хангалттай нэрвэгдчихээд байгаа.
ОДКБ эвслийн гишүүн-орон нь бусад өөр нэг цэргийн эвсэлд орохыг хориглодог бол энэ удаа Тажикаа нүд аниад өнгөрөөжээ. Кабул, Исламабад хоёр өвөр хоорондоо таарамжгүй, бас эвлэрүүлэн нэг чигт хандуулан терроризмтой хамтран тэмцэх талаар Вашингтоны чармайлт талаар болж байгаа бол энэ удаа Хятад тэднийг нэг тугийн дор ШХАБ-аас өрсөөд нэгтгэж чаджээ. 2016 онд тийм эвсэл буй болж байхад нь тухайн үедээ АНУ хүлээн зөвшөөрч, бүр Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер гэдэг хүн нааштай үнэлж байжээ. Гэхдээ өмнө чинь асар их даалгавар, хийх ажил хүлээж байна хэмээн сэрэмжлүүлж байжээ. Оросын хувьд тэр үед ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй, гэхдээ ОХУ Төв Азид байр сууриа алдаж эхлэхийн дохио, Оросын өөрийнх нь элдэв асуудлыг тооцон Бээжин өөрийн байр сууриа Оросыг хохироох замаар хэрэгжүүллээ гэх хардлага байсан, одоо ч байна.
Хятад ийнхүү шинэ блоктой болсноороо Энэтхэгт гэнэдүүлэн цохилт өглөө гэх дүгнэлт явж байна. Энэтхэгийг стратегийн хүрээлэлдээ (хэрэг дээрээ бүслэлт) оруулах, Энэтхэг нь Хятадтай, эсвэл түүний холбоотнуудтай хиллэхээс өөр замгүй болсон, Делигээс Кабул руу явуулж байсан, холбоотноо болгох бодлого, тэгснээрээ Пакистаныг стратегийн бүслэлтдээ авах бодлогыг Хятад ийнхүү нураасан ажээ.БНЭУ аль эртнээс Тажикистантай нягт хамтран ажиллах, болж өгвөл тус улсад агаарын цэргийн баазаа байгуулах төлөвлөгөөтэй байсныг Өрөмчийн тэрхүү зөвлөлгөөн тасалдуулжээ. Хятад-Пакистаны оролцсон эсвэл гэдэг нь исламистуудын эсрэг чиглэх нь мэдээж, давхар Энэтхэгийг онилж байгаа. Хятадын хувьд анх удаагаа албан ёсоор цэргийн блокт элссэн (бүрэн төлөвшвөл гэсэн санаа) нь Хятадын гадаад бодлогын шинэ үе шат болно.Одоо НҮБ-ын ивээл дор гэхгүйгээр Хятадын цэргийг хилийн чанад руу илгээж болохоор боллоо. Зарчмын хувьд энэ 4 улс тэгж шийдлээ гэсэн үг. Шинжааны салан тусгаарлахыг Хятад ганцаараа дарах бус 4-үүлээ нийлээд олон улсын хүчнээр дарчихаж болохоор болжээ. Манай баруун хилийн цаахна талд Хятадын мэдлийн цэрэг-улс төрийн өөр нэг коалиц төлөвшиж эхэлжээ.
Дүгнэж үзэхэд Монгол-Америкийн харилцааг эрүүл нүдээр харж чадахгүй, тэгэхээс ч өөр нөхцөлгүй хэмээн ОХУ-ыг зөвтгөж болно. Тал талаасаа хавчигдаад олон улсын санкцанд олон дахин дөрлүүлээд их гүрнүүдийнхээ дунд (G7, G20) ганцаардлын зовлонг амсаж буй Оросын хувьд тал тал тийшээ хардах, дайсагнах, бас геополитикийн интеграц хайх, түнш, холбоотны эрэлд зовж явахыг нь ойлгож болно. Тэглээ гээд ШХАБ-д хань болж зовлон жаргалыг хуваалцана, нимгэлнэ гэвэл Монголын хувьд хэтийдсэн болчимгүй алхам болно. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” – гэх коммунист хэлц үг, лоозон олон монгол хүний сэтгэлийн угт байдгийг үгүйсгэх гээгүй, гэвч ШХАБ-д геополитикийн хань болно гэдэгмаань манай гадаад бодлогын тулгуур зарчмуудтай харшилж мэднэ.
“Гуравдагч хөршийн бодлого” бол манай улсын геостратегийн ач холбогдлыг өсгөж, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын нийгэмлэгт манай улсын эзлэх байр суурь, хамаарлыг нэмэгдүүлэхэд тус дэм болж байгаад гол ач холбогдол нь оршино. “Гуравдагч хөршийн бодлого” нь хоёр их хөршөөс манай улсад хандах хандлагыг муутгах бус, сайжруулах чиглэлээр төлөвших учиртай. Энэ зөв чиглэл, түүний давуу талыг алдахгүй байх нь чухал юм. Харин ШХАБ-д жинхэлбэл “Гуравдагч хөршийн бодлого”-оосоо алсрах л болов уу даа?
Д.Баярхүү