НАМУУДЫН САНХҮҮЖИЛТИЙГ ИЛ БОЛГОЖ, МЭДЭЭЛЭГЧ “ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД”-ИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА


НАМУУДЫН САНХҮҮЖИЛТИЙГ ИЛ БОЛГОЖ, МЭДЭЭЛЭГЧ “ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД”-ИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

 

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш олны "хүртээл” болсон "60 тэрбум”-ын хэргийг Нийслэлийн прокурорын газраас сэргээн шалгахаар тогтоол гаргаад буй. Үүний дагуу АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлжээ.


Мөн төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор ярьсан УИХ-ын дарга М.Энхболд ийм яриад оролцсондоо "Туйлын харамсаж байна” гэж мэдэгдсэн.

Улмаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж энэ мэтийн таг чиг  болсон томоохон, нийгэмд дуулиан тарьсан, олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар Нээлттэй сонсгол хийх процесс явагдаж эхлээд байна.

Гэсэн хэдий ч УИХ-ын нэр бүхий гишүүд дээрхээс гадна, энэ бүхэнтэй хууль өөрчлөх замаар тэмцэх нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нарын гишүүд зарим нэр бүхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна. Тэд Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохоор хуульд өөрчлөлт оруулах санаачлага гарган, төсөл дээрээ ажиллаж байна. Гол агуулга нь тэдний өөрчлөлтөөр "60 тэрбум”-ын хэрэг шиг аргаар болоод намын гишүүд авлига, албан тушаал ашиглан намын санхүүжилтийг босгох боломжгүй болох аж.

Түүнчлэн авлига, албан тушаалын хэргийн мэдээлэгч, "шүгэл үлээгчид”-ийн эрхийг хамгаалах өөрчлөлтийг тодорхой хуулиудад оруулахаар төслийг боловсруулж байна. Өнөөдөр мэдээлэгч, "шүгэл үлээгчид”-ийг хамгаалалтгүй орхидог, авлигын хэргийг мэдээлснээс болоод тэдэнтэй хувийн болоод хуулийн хариуцлага яригддаг эрх зүйн орчин үйлчилж байгаа. Харин эрхэм гишүүдийн өөрчлөлтийн дараа авлигын хэргийн илрүүлэлт сайжирч, энэ хэрээр ийм төрлийн хэрэг буурна гэж үзэж байна.

Тэд энэхүү хуулийн төслүүдээ удахгүй болох Ээлжит бус чуулган дээр УИХ-ын даргад өргөн барихаар болжээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.