2014 оноос хойш анх удаагаа цалин нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 10 гаруй хувиар нэмсэн. Түүнээс хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй байсан юм. Энэ хооронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ талийж өгсөн. Харин хувийн хэвшлийнхэн цалингаа өөрсдийн боломжоороо нэмсээр ирсэн. Төрийн албаныхан цалингаа нэмэхийг дөрвөн жил хүлээсний эцэст биеллээ олов. Гэвч цалин нэмэгдэж байгаа нь эдийн засаг сайжирч байгаагийн шалтгаан гэдгийг ярьж тайлбарлаж байгаа хүн алга.
Энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газар цалин нэмээд зогсохгүй хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Хамгийн бага цалинтай, ажлын орчин нөхцөл хүнд гэж яригдаж ирсэн бага ангийн багш, цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн ангилал зэрэглэлийг мөн нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл ХНХЯ-ныхан эмч, багш нарын ажлын байранд үнэлгээ хийж, ангилал зэрэглэлийг нь шинэчлэн сайжруулсан байна. Тухайлбал, сувилагч, цэцэрлэгийн багш, бага ангийн багш зэрэг төрийн зарим үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулжээ.
Мөн соёл урлагийн салбарынхан олон жил хамгийн бага цалинтай гэж яригдаж ирсэн. Тэдний цалинг ирэх долоо хоногоос 14-32 хувиар нэмэгдүүлж, албан тушаалын ангилал зэрэглэлийг нь шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилтнуудын цалингийн түвшинд хүргэж нэмэгдүүлжээ. Ингэснээр соёл урлагийн салбарынхан түүхэндээ ч, энэ удаагийн нэмэгдлээр ч хамгийн өндөр хувиар цалингаа өсгөлөө.
Цалингийн нэмэгдлийг хувиар нь бодож үзвэл цэцэрлэг, бага ангийн багш нарын цалинг сарын 12.3 хувь буюу 88.000 орчим төгрөгөөр нэмжээ. Харин сувилагчдын цалинг 20-30 хувиар нэмэгдүүлжээ. Энэ нь сарын 128 мянган төгрөгөөс 191 мянган төгрөг гэж ХНХЯ-ны эх сурвалж тайлбарлав. Ингэснээр эмнэлгийн сувилагч нар сарын цалингаа 191 мянган төгрөгөөр өсгүүлжээ. Дашрамд дурдахад сувилагчдын цалин өмнө нь нэг дор ийм их хэмжээгээр нэмэгдэж байгаагүй аж.
Харин бусад төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь 8-10 орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Гэхдээ энэ удаа Засгийн газар цалингийн асуудалд ялгавартай хандав. Дарга нарын цалинг нэмсэнгүй. Өөрөөр хэлбэл яамны хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд сайд, сайд, УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, төрийн өмчит компанийн болоод сургуулийн захирлуудын цалинг нэмэлгүй үлдээв. Эдгээр албан тушаалтнуудаас гадна улсын хэмжээнд 173 мянган төрийн албан хаагчдын цалин ирэх долоо хоногоос харилцан адилгүй хэлбэрээр нэмэгдэж байна.
Ерөнхийд нь дүгнэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ удаа цалин нэмэхдээ таван тодорхой зарчим баримталжээ. Нэгдүгээрт, өмнөх Засгийн газрууд шиг хавтгайруулан нэмсэнгүй. Хоёрдугаарт, бага албан тушаалтай, үйлчилгээний албан тушаалтнуудынх өндөр хувиар нэмэв. Гуравдугаарт, төрийн захиргааны албан хаагчдын цалин ижил хувиар нэмэгдлээ. Дөрөвдүгээрт, дарга нарын цалинг нэмсэнгүй. Тавдугаарт, бага ангийн багш, цэцэрлэгийн багш, сувилагч, соёл урлагийн салбарынхны цалинг нэмэхээс гадна албан тушаалынх нь шатлалыг өсгөжээ.
Засгийн газар ийм тодорхой зарчмаар цалинг нэмэгдүүлж байхад зарим улс төрчид хичээлийн шинэ жилийн үеэр ажил хаялт зохион байгуулахыг уриалж байгаа нь гайхал төрүүлж байна. Цалин нэмлээ гэж үү? Эсвэл дарга нарын цалинг нэмсэнгүй гэж үү? Багш, эмч, сувилагч нарын цалингийн зэрэглэлийг ахиуллаа гэж үү?
Мэдээж хамгийн өндөр хувиар цалингаа нэмэгдүүлж байгаа багш, эмч, сувилагч нар энэ жагсаал цуглаанд нь оролцвол нийгэмд зохимжгүй харагдана. Тиймээс багш, эмч нар шинэ хичээлийн жилийг жагсаалаар биш цалин нэмсэн баяртай мэдээтэй угтвал нийгэмд зөв харагдана. Мөн ирэх жил эдийн засгийн боломжоос шалтгаалан цалин нэмэгдүүлэх төсвийн төслийг Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулсан байна. Одоохондоо хэдэн хувиар ирэх жил цалин нэмэх нь тодорхойгүй байгаа ч бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэх тооцооллуудыг хийжээ.
Б.Анир
http://www.zaluu.com/read/284ha3a3c
Сэтгэгдэл