БАГШ НАРТ ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛ ЗААЯ


БАГШ НАРТ ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛ ЗААЯ

 

Өнөөдөр есдүгээр сарын арванхоёр. Хичээлийн шинэ жил эхлээд яг найм хонов. Хот хөдөөгийн байдал шалдар булдар, боловсролын салбар ороо бусгай. Зунжин найр, наадам хэсч явсан нөхөд амь орж намар, өвлийн бүх ажил эхлэхтэй зэрэгцэн ажил хаяав. Алтан намрыг "хар”-аар зурав. Томчууд, тэр тусмаа багш нар хүүхдийн сурах эрхийг няц гишгэлж байгаад жагсаж, цуглах эрхээ эдлэцгээв. Багш нар нь шавь нарынхаа суралцах эрхийг өшигчив. Тэдэнд 2018-2019 оны хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангийн сурагч болж сургуулийн босгоор алхах бяцхан үрсийн минь сурах эрх ер хамаагүй бололтой. Төрийн ордноо гороолж Төв талбайдаа жагсав.

Ингэхдээ тэд өөрсдийн ажиллах нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмжээ сайжруулахын тулд тэмцлээ зогсоохгүй гэдгээ хэллээ. Зарим нь цурхиран уйлж зарим нь хашгиран уурлав. Ийм л жигтэй түүх боловсролын салбарт хуудас нэмэв. Монголын багш нарыг эзгүй байх зуурт цэцэрлэггүй бяцхан жаал найзууд дээрээ очно хэмээн гоморхож ах, эгчийнхээ араас уйлж зогсох бичлэг цахим орчинд олон аав, ээжийг эмзэглүүлэв. Мөн багш нар ажлаа хаясан эмгэнэлт түүхийн золиос болсон нэгэн хүүгийн яриаг автобусанд сонсоод багш нарт өөрийн эрхгүй гомдох олон хүн дуу дуугаа авалцан нийтийн тээвэр дотор халуун яриа өрнүүлэв. Нийтийн тээврээр чимээгүйхэн зорчиж явсан хүмүүсийг ярих сэдэвтэй болгосон энэ бяцхан хүүг Алтансүхийн Итгэлт-Од гэдэг гэнэ. Энэ жил зургаан настай. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд нэгдүгээр ангид орох ёстой аж. Өвөө, эмээ дээрээ ажлын өдрүүдээр өнжчихөөд амралтын хоёр өдөр гэртээ амрахаар харьж яваа нь энэ гэнэ. Зургаан настай хүү А.Итгэлт-Одын автобусанд ээжтэйгээ ярилцаж яваа яриа олон хүний хайрыг татаж сэтгэлийг "урав”. Хүү ээжээсээ асууж байна. "Ээжээ, би хэзээ сургуульдаа явж болох вэ, багш нар яагаад сургуульдаа очихгүй байгаа юм бэ. Тэд нар алга болчихсон юм уу, хаана төөрчихсөн юм бэ. Сургуулиа олохгүй байгаа юм уу. Хүүхдүүд уйлаад байна гээд залхаад явчихсан юм уу. Багшийгаа аргадаад сургуульдаа авчирч болохгүй юм уу. Би уг нь зургийн дэвтэр дээрээ тобот зурмаар байх юм. Харанхуйд гэрэл асдаг цүнхээ үүрмээр байх юм аа. Манай найзууд бас сургууль дээрээ очихгүй байгаа юу” хэмээн элдвийг асууж шална. Яг ингээд шинэ цүнхээ үүрээд, шинэ дэвтэр дээрээ элдвийг зурж, бяцхан гартаа үзэг, харандаа барихаар яарч байгаа зуу зуун бяцхан үрс гэртээ сууж байна. Эдгээр хүүхдүүдийн гэгээн хүсэл, мөрөөдөл, эрдэм сурах анхны өдрүүдийг булаах эрх багш нарт бий юу. Тэдний цалингаа нэмүүлэх шантааж нь хүүхэд байж болохгүй. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг унтрааж, сурах эрхийг нь улс төртэй хутгаж болохгүй. Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн багш нар руу "халдварласан” энэхүү ажил хаялт хэзээ дуусах вэ,

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар аа. Таны толгойлсон "ажил хаялт” гэх шантааж багш нарын ёс зүйд харшлаад байгааг мэдэж байгаа юу. Боловсролын салбарыг боомилж "хүслээ” биелүүлдэг арга чинь хэдий болтол үргэлжлэх вэ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх газар багш нарыг гар хөлөө болгож улс төр рүү хайр найргүй  чирч байгаагийн цаад учир юу вэ. Салбарын сайдын хүчийг тарамдуулах уу, монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг самрах увайгүй төлөвлөгөө юү. Нийгмийн шаардлага гэсэн нэрийн ард нэг, хоёрхон хүний сандал, суудал булаалдсан амин хувь, ашиг хонжооны зөрчил байгаа нь ажил хаяж хаалгаа барьсан сургуулийн жагсаалтаас харагдаад байна. Хүч олж, нэр зүүхийн тулд багш нарыг нохойд барьдаг мод болгох хэрэгтэй байсан нь тун ч нарийн тооцсон сценари болжээ. Ингэхийн тулд мэдээж багш нарын хувьд хамгийн эмзэг сэдэв болох цалингийн асуудлыг нь "босгож” ирж  түүхэнд жагсаж, цуглаж, хичээл заахгүй хэмээн мэргэжлээсээ урваж үзээгүй багш нарын нэр хүндийг шороотой хутгав. Энэ бүхний эцэст буюу энэ сарын 7-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нэр бүхий хүмүүсийг хүлээн авч "Цалин нэмүүлэх ажлын хэсэг” байгууллаа. Энэ хүрээнд ЗГХЭ газрын дарга Г.Занданшатарын 2018 оны есдүгээр сарын 6-ны 257 дугаар тушаалаар багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлэх болон 2019 онд үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа хийж боломжит санхүүгийн эх үүсвэрийг бий болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-гийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооын дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болов. 

...Тэд ийнхүү ажил хаясан зорилгоо биелүүлсэн ч энэ бүхэн хангалтгүй гэх шиг цалин нэмэх шаардлагаа хурцатгав. Монгол улсын төсвийн нөхцөл байдал багш нарт ер хамаагүй бололтой. Тэд цалингаа нэг сая 600 мянга төгрөгт хүргэж л байвал Монгол Улсын мөнгөний авдар хоосорно уу, шавхагдана уу хамаагүй аж. Хэдийгээр цалингаа нэмүүлэх тэдний шаардлагыг нийгэм нийтээрээ буруутгахгүй байгаа ч нөхцөл байдал хаа хаанаа тэгтлээ дээрдээгүй энэ үед хүүхдүүдээр минь шантаажлаж цалингийнхаа асуудлыг босгож ирж байгаа нь буруу гэдгийг эцэг эхийн төлөөллүүд үзэж байгаа юм. Тэгвэл одоо боловсрол, эрдэм, мэдлэг олж авахаар зуны гурван сар дэнсэлж баярласан хүүхдүүдийн сурах эрх зөрчигдсөн хариуцлагыг хэн хүлээх вэ. Сурагч болсон анхны дурсамжийг нь баллуурдаж хичээлийн шинэ жилийг нь хугацаагүй хойшлуулсан багш нар гэмшиж, шавь нараасаа уучлалт гуйх ёс зүйтэй юу. Тэд улс орны эдийн засгийн орчин, нөхцөл ямар байгааг мэдэхгүйгээр амьжиргаагаа сайжруулах боломж эрж ажлаа хаяав уу. Багш нар есдүгээр сарын 3-нд хүүхдүүдээ хүлээн авч хонх дуугарах чимээг сонсгочихоод гарыг нь барьж "А” үсгийг нь зурж өгчихөөд дараа дараагийн өдрүүдэд нь ажлаа хаяж болоогүй юм уу. Энэ бүхэн монголд, тэр тусмаа боловсролын салбарын ажиллах боловсон хүчний хэм хэмжээнээс хайгаад ч олохгүй чанар учир салбарын сайд Ц.Цогзолмаа танаас гуйя. Багш нарт ёс зүйн хичээл заадаг байя. Багш нар мэргэжлийнхээ ёс зүйг дээдлэдэг байвал ажлын байранд гарч ирж буй олон залуу, шинэ багш нар ажил хаяж, сурагчтайгаа ёс бус харилцахгүй, элдэв хичээлээс гадуурх үйл ажиллагаа санхүүжүүлэх хүчин зүйлд автахгүй зэрэг багшийн ёс зүйд үл нийцэх асуудлын баатар болохгүй. Ц.Цогзолмаа сайд аа, "Хугацаагүй” ажлаа хаясан багш нарын дунд ёс зүйн хонх дуугаргая. 

http://www.undesniishuudan.mn/content/read/160070.htm 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.