Багш нарын ажил хаялтын цаадах улс төр


Багш нарын ажил хаялтын цаадах улс төрӨнгөрсөн хаваржин "Ажил хаяна” хэмээн сүрдүүлсээр, зарим үед бүр хаяж шантааж хийсэн багш нар хичээлийн шинэ жилийн эхний өдрөө ч ажил хаялаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнгөрсөн баасан гаригийн өглөө багш нарын төлөөлөлтэй уулзаж, тэдний саналыг сонссон. Ингэхдээ ажил хаяхгүй байхыг хичээнгүйлэн хүсчээ. Тэрээр уулзалтын дараа "Дөнгөж сая би салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн холбооныхоо есөн хүний төлөөлөлтэй уулзаж зөвшилцлөө. Засгийн газар найман хувиар цалин нэмсэн. Зарим багш нарын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх эхний шаардлагын үр дүн гарч байна. Цаашдаа бид багш нарын цалингийн зөрүү болоод гарч байгаа асуудлуудыг үе шаттайгаар шийдэх бололцоотой гэдэг үүднээс ажил хаялтын хугацааг хойшлуулж байгаа гэж би ойлгож байна. Тиймээс хичээл хэвийн эхэлнэ. Ажил хаялт ямар хугацаагаар хойшилж байгааг яам мэдэхгүй” гэсэн юм. Гэвч баасан гаригийн орой Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг "Багш нар есдүгээр сарын 3-наас тодорхойгүй хугацаагаар ажил хаяхаар боллоо. Өнөөдөр салбарын сайдтайгаа энэ асуудлаар ширээний ард суун бид шаардлагаа хүргүүлсэн. Тэдний тавьсан асуудлыг гишүүдээ танилцуулан дараах шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт багш нарт олгох урамшууллын 300 мянган төгрөгөө олго. Хоёрдугаарт есдүгээр сарын 15-н гэхэд бүх ажилчдын цалинг 15 хувиар ялгаварлалгүйгээр нэм. Гуравдугаарт 2019 оны эхний сард бүх ажилчдын цалинг 50 хувиар нэм" гэсэн юм. Тэд энэхүү шаардлагынхаа дагуу өнөөдрөөс ажил хаялт зарлалаа. Гэхдээ бүх сургууль, цэцэрлэг ажил хаясангүй. Баянгол, Баянзүрх дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялаа. Үүнээс нэг зүйл ажиглагдаж байна. Эрх баригч МАН эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан цалин нэмсэн. Гэвч сөрөг хүч буюу АН засаглаж байгаа дүүргийн сургууль, цэцэрлэгүүд ажил хаялт зохион байгуулсан нь анхаарал татаж байна. Сургууль, цэцэрлэгийн багш нар нь ажил хаялт зарлаад буй Баянгол дүүрэгт АН засаглаж байгаа бол Баянзүрх дүүрэгт хүчний харьцаа тэнцвэржсэний улмаас улс төрийн маргаантай байгаа юм. Үүнээс үзвэл багш нарын ажил хаялтын цаана улс төр байгаа бололтой. Ингэж хардах ч үндэслэлтэй юм. Учир нь, өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй харьяа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байсныг сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлж байхаар болгосон юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар санаачлан боловсруулж батлуулсан. Тодруулбал, уг боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1.12-т сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлохдоо "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө” хэмээн заажээ. Энэ заалт 2019 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хэдий ч сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар харъяа сум, дүүргийнхээ Засаг дарга нарын хяналтад орсон гэсэн үг. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар ажилтайгаа үлдэхийн тулд Засаг даргынхаа заавраар л ажиллана. Товчхондоо, Засаг даргын заавар, зөвлөгөө бол сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт хууль. Тийм л учраас сөрөг хүчин засаглаж байгаа дүүргүүдийн багш нар ажил хаялт зарлаад байгаа бололтой.
Eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.