Эрдэнэт хотод уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаачид, инженерүүд чуулж, хөгжил дэвшил өөд тэмүүлсэн шинэ сэргэгийн тухай хэлэлцэж оюуны хур буусан өдрүүд саяхан тохиолоо. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийнхэн 1000 инженерийн зөвлөгөөнөө 40 жилийн түүхэн ойдоо зориулж “Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний бага хурлаар баяжуулан дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулав. Оюунлаг инженерүүдийг бүтэн хоёр өдөр шинжлэх ухаанаар “амьсгалуулж” цангааг нь тайлсан эрдэм шинжилгээний зургаан салбар хуралдаанд шилдгээр шалгарсан 40-өөд илтгэл тавигдаж зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн зэс молибдений тухай биш эрдэс баялгийн асуудлыг цогцоор нь үр дүнтэй хэлэлцсэн юм.
Тодруулбал, уул уурхайн ашиглалт баяжуулалт, дэд бүтцийн хөгжил, металлург, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, байгаль орчны тогтвортой хөгжил, Эрдэнэтийн Овооны геологи хайгуулын байдал, технологийн шинэ мэдээлэл, арга туршлага, судалгааны бүтээлүүд ч хурлын үеэр танилцуулагдсан. Газрын доорх байгалийн эрдэнэсийг олборлож, үндэсний баялаг болгон хувиргах уурхайчдын хөдөлмөрийн ирээдүйн зорилтыг тодорхойлсон, эрдэмтэд, судлаачид, энэ салбарт сэтгэл зүтгэлээ зориулсан ахмад инженерүүдэд үгээ хэлэх боломж олгосон сайхан үйл ажиллагаа болсныг оролцогчид онцолсон.
Энэ үеэр Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурцтай уулзаж 1000 инженерүүдтэй зөвлөлдсөн асуудлыг нь сонирхлоо.
-Би одоогоос 55 жилийн өмнө Эрдэнэтийн Овоо орд газарт анх хөл тавьж байлаа. Одоо энэ уулын бараг тал нь миний настай хамт оджээ. Миний ард түмэн өөрийн эрдэс баялагт эзэн байж, эх орныхоо их бүтээн байгуулалтыг Эрдэнэт шигээ олныг бариасай гэсэн хүсэл эрмэлзлэлээр 1990 он хүртэл энэ л үйлдвэрээр сэтгэлээ тэнийлгэж, гайхамшигт ордуудыг нээж байлаа. Монголын аж үйлдвэржилтийн үндсийг геологичид тавьсанд би баярлаж явдаг. Эрдэс баялаг бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа. Монгол орны хөгжлийг уур уурхайн үйлдэрүүд чирч яваа нь үнэн. Өнөөдөр Эрдэнэтийн Овоо, Таван толгой, Цагаан суварга, Хөвсгөлийн фосфорын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулахад монгол хүний амьдрал яая гэтэл өндийнө. Хүссэн хүсээгүй зэс хайлуулах үйлдвэр байгуулах зам руу орохоос аргагүй. Бид бүсчилсэн хөгжлийн дагуу зэс хайлуулах үйлдвэрийн зураг төслийг хийх хэрэгтэй. Энэ ажилд мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд манлайлан оролцох цаг нь ирсэн” гэв.
Оюуны өмчийг дээдэлж, оюуны өмчийн бодлогоо хэдүйн тодорхойлсон Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид зөвлөгөөний төгсгөлд бүтээмж-инновацийн шинэ дүр төрх болсон шилгүүдээ тодруулах үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулсан юм. 1000 инженерийн зөвлөгөөний танхимын хойморт “Инноватор” цомыг хүндэтгэлтэйгээр залах үүргийг “Инноватор-2016” цомын эзэд болох Ж.Ганзориг ахлагчтай “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлийн баг хамт олон гүйцэтгэв.
Энэ үеэр хөтлөгч Эрдэнэт үйлдвэрийн оюуны өмчийн бодлогын хүрээнд Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын инженер техникийн ажилтнуудын хамтран зохион бүтээсэн “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлд патент авахаар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргаснаар Үндэсний патентийн хайлтын сан, РСТ мэдүүлгийн хэвлэлийн сан, олон улсын хайлт шүүлтийн сан, ОХУ-ын патентийн санд хайлт хийж, шалгуур хангасан тул патент олгох боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг дуулгасан нь энэ өдрийн анхны баярт мэдээ байлаа.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ уншиж сонордуулсан. Ерөнхий сайд илгээлтдээ “Монгол улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК байгуулагдсан цагаасаа шинэ бүтээл оновчтой саналыг бүртгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр ашгийг тооцон урамшуулах цогц системийг хэрэгжүүлсний үр дүд тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа бүхий уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болон бэхжжээ. Хөгжлийн энэ шатанд оюуны чадамжтай, сэтгэлгээний хурдтай шинийг санаачлагч хамт олон шинжлэх ухаан, техникийг дээшлүүлсэн зохион бүтээгчдийг олноор төрүүлж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргасан”-ыг цохон тэмдэглэжээ.
“Эрдэнэт-40” Эрдэм шинжилгээний бага хуралд 130 гаруй илтгэл тавих санал ирснээс шилдэг 36-г шалгаруулан салбар хуралдаануудад толилуулж эмхэтгэл гаргасан юм. Үүн дотроос дахин шүүлт хийж, салбар хуралдаан бүрээс тэргүүн, дэд байрын илтгэлийг тодруулсан юм. Уул уурхайн ашиглалт баяжуулалт салбар хуралдааны тэргүүн илтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, доктор Д.Нямдорж “Ил уурхайд тэсэлгээний цооногийн агаарын зайн тулгуур нэвтрүүлсэн судалгааны үр дүн” сэдэвт итгэлээрээ, дэд байрт Лаборатори судалгааний төвийн судлаач инженер Г.Хүрэлбаатар “Хам флотацийн притийг ялгах боломж” илтгэлээрээ шалгарав.
Харин Металлурги, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ салбар хуралдааны тэргүүн байрт ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, Монгол улсын зөвлөх инженер Г.Оюунбат “CBN зорох багажны элэгдлийн судалгаа” илтгэлээр, дэд байрт Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын зохион бүтээх инженер Ц.Чулуун-Эрдэнэ “Грат 1400 маркийн булингын шахуургын ажлын хэсгийн өөрчлөлт” илтгэлээр тодров.
Уул уурхайн дэд бүтцийн хөгжил салбар хуралдааны тэргүүн байрт ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор, академич С.Батмөнх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын эрчим хүчний системд үзүүлэх нөлөө” илтгэлээр, дэд байрт мөн сургуулийн профессор, доктор Ж.Цэен-Ойдов “Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын зуухыг шинэчлэх техник эдийн засгийн ба экологийн үзүүлэлтүүдийг дээшлүүэх” илтгэлээр манлайлав. Уул уурхайн байгаль орчин тогтвортой хөгжил салбар хуралдааны нэгдүгээр байрт Эрдэнэт үйлдвэрийн ЛСТ-ийн тэргүүлэх мэргэжилтэн М.Гантулга “Хаягдлын аж ахуйн цагаан тоос бууруулах судалгаа” илтгэлээр, хоёрдугаар байрт Природа ХХК-ийн зөвлөх Д.Түмэнжаргал “Нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийн дараах ургамалжилтын хяналт шинжилгээ” илтгэлээр тэргүүллээ.
Эрдэнэтийн Овооны геологи хайгуулын судалгаа салбар хуралдааны тэргүүн байрт Австралийн Куртын их сургуулийн магистр Г.Ишжанцан “Чанартай өгөгдөл уурхайн төслийн үнэ цэнэд хэрхэн нөлөөлөх вэ?” илтгэлээр, дэд байрт Голден Алп группын захирал Ц.Мөнгөншагай “Эрдэнэтийн Овооны геологи структурын онцлог” сэдэвт илтгэлээр шалгарсан бол Оюуны эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Технологийн сургуулийн магистр М.Ням-Очир, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн оюутан Ж.Баяннэмэх, Эрчим хүчний сургуулийн магистр Х.Эрдэнэтуяа нар тодорлоо.
Мөн “Бүтээмж чанарын дугуйлангийн шилдэг төсөл-2018” уралдааны шилдгүүдийг урамшуулсан. Тэргүүн байрт Засвар механикийн заводын Үйлдвэрлэлд бэлтгэх зохион бүтээх хэсгийн Д.Ариунзул ахлагчтай бүтээмж чанарын "Эрч Хүч" дугуйлангийн хамт олон шалгарч Япон улсад туршлага судлах эрхээр шагнуулав. Тэд “Хавтант тэжээгүүрийн палецны түгжээ цагираг хийх” төслийг хэрэгжүүлжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн илүү дамжлага, хаягдал буурч, өнгөрсөн онд түгжээ цагирагийн үйлдвэрлэлээс бүтээгдэхүүний өөрийн өртгийг 75 хувиар бууруулж компанид 29 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.
Шилдэг төслийн уралдааны II байрт Шүүн хатаах хэсгийн удирдлага хяналтын ухаалаг системийн зохион бүтээлт” сэдэвт төслийг хэрэгжүүлсэн Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн Г.Түвшин ахлагчтай "Энерго мастер", Шүүн хатаах хэсгийн Я.Мягмарсүрэн ахлагчтай “Гэрэл” бүтээмж чанарын дугуйлан өнгөлсөн юм. Тэд уг төслийг хэрэгжүүлснээр Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах, баяжмал ачих, процессын найдвартай ажиллагааг хангах, хяналтыг сайжруулах, гэмтэл саатлыг шуурхай оношлох, засварлах зэргээр технологийн сул зогсолтыг багассан байна.
Уралдааны III байрт “Ус хангамжийн хэсгийн хотын насосны станцын давтамж хувиргагчийн удирдлагын програмыг өөрчлөх замаар технологи ажиллагааг сайжруулах, цахилгаан эрчим хүч хэмнэх боломжийг бүрдүүлэх” төслийн хэрэгжилтээр Эрчим хүчний цехийн Ус хангамжийн хэсгийн П.Гансүх ахлагчтай бүтээмж чанарын "Манлайлагчид" дугуйлангийнхан тодорлоо. Тэд энэ төслийг хэрэгжүүлснээр хэрэглэгчдийг усаар найдвартай хангах нөхцөл дээшилж, хотын насосны станцын үндсэн тоноглол, шугам хоолойд усны цохилтоос үүсэх эвдрэлийг багасгаад зогсохгүй цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах нөхцлийг бүрдүүлжээ. Хоёр, гуравдугаар байрт шалгарсан багийнхныг дотоодын сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнав.
Түүнээс гадна бүтээмжийн үйл ажиллагааны шилдэг ажилтан, удирдагч, зохион байгуулагчдыг урамшуулсан. Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн “Санаачилгатай манлайлагч”-аар Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн тохируулгын инженер Д.Оюунцэцэг, Тээвэр ложистикийн албаны Нефть бааз хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, “Оргил” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч А.Загдсүрэн, “Шилдэг зохион байгуулагч”-аар Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэг нар шалгарч Япон улсад сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнуулсан бол “Шилдэг удирдагч”-аар Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн тодорч хоёр сая төгрөгийн урамшил хүртлээ. Мөн Үйлдвэрийн сайжруулсан загвар болон бүтээлийн санд шинээр найман бүтээл бүртгэгдсэн бөгөөд эздэд гэрчилгээ олгож баяр хүргэсэн.
Эрдэнэт үйлдвэр 2000 орчим инженер техникийн ажилчидтай. Тэдний дундаас мэдлэг, ур чадвараараа нэгдэж сэтгэлгээний хувьсал хийж компанид тооцоолоогүй үр ашиг авчирч чадсан баг хамт олонд Ерөнхий захирал өөрийн нэрэмжит “Инноватор” цом хүртээдэг. Энэ удаа Инноватор цомын эздээр “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төслийн ажлаараа Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ахлагчтай баг түрүүлж 100 сая төгрөгийн шагнал хүртлээ.
Сэтгэгдэл